Дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Эбола тахлыг хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн том аюул гэж зарласан. Америк тэргүүтэй өрнө дахин буюу дэлхийн хамгийн баян, хангалуун, хүчирхэг хэсэг Эбола тахлын асуудалд хэр анхаарал тавьж, түгшиж байгааг энэ мэдэгдэл харуулж байгаа юм. Ингэхээс ч өөр аргагүй гэж болно. Хаа байсан Африкийн ядуу буурай улсуудад гарч байгаа өвчин манайд хамаагүй бид л өвдөөгүй бол болоо гээд орхиж болохгүй гэдгийг харуулсан гашуун түүх бий. 100 орчим жилийн өмнө их гүрнүүд тухайн үеийн Дундад иргэн улсад гарсан томууг “муусайн шар царайтнууд”-ын өвчин гэж үл тоож, их зан гаргаснаас болж өвчин дэлхий даяар тархан 550 сая хүнд халдварлаж, 50-100 сая хүн нас барсан. 50 сая гэдэг нь тухайн үеийн дэлхийн хүн амын таван хувь нь, дөнгөж дуусаад байсан дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүний тооноос даруй 10 дахин их гэсэн үг.
Испани томуу
Энэтхэгээс эхлээд Аляска хүртэл бүхэл бүтэн тосгон суурингаараа энэ аймшигт томуунд хядуулж, зарим газар өвдсөн хүнийг үзэх эмч, нас барсныг оршуулах булшчин ч үлдэлгүй бүгд үхэж байв. Халдвар авсан хүмүүс ахар богино хугацаанд, хоёр гурван өдрийн дотор нас барж байсан гэдэг. Түүхэнд 1918 -1920 онд дэлхий даяар тархсан энэ аймшигт томууг “испани томуу” гэж нэрлэдэг. Испани томуу анх 1918 оны хавар Баруун Европыг дайрч, зургадугаар сар гэхэд арилжааны усан онгоцоор Энэтхэг, Скандиновын орнуудад хүрсэн. Гэнэт өвчний тархалт зогсоход дэлхий даяар сэхээ авч, өвчин нэг мөр дарагдлаа гэж баярлаж байв. Гэвч намар нь испани томууны вирус мутацид орж өөрчлөгдөн шинэ эрчээр дайрснаар баярлах болоогүй байна гэдгийг харуулсан. Үхлийн томууны шинэ дайралт эхэлснээр зөвхөн намрын гурван сарын дотор Испанид 300 мянга, АНУ, Германд 600 мянга, Энэтхэгт таван сая хүн нас барсан. 1919 оны хоёрдугаар сард Австрали ба Номхон далайн орнуудад хүрч бүр олон сая хүний аминд хүрсэн байдаг.
Түүх
Испани томуу хаана хэрхэн анх гарч ямар замаар дэлхий даяар тархсан талаар Канадын түүхч Марк Хамфрисын тодруулсныг танд хүргэе. Испани томууны гарал үүсэл, тархсан замын талаар янз бүрийн таамаг байдаг ч Марк Хамфрисын судалгааг хамгийн ортой, үндэслэлтэй гэж үздэг тул ийнхүү хүргэж байна. Испани ханиадын туулсан зам их ээдрээтэй.
Үхлийн томуу дэлхий даяар тархахад Дэлхийн нэгдүгээр дайн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Өмнө нь хэзээ ч хоорондоо уулзаж байгаагүй олон сая хүн энэ дайны улмаас усан онгоц, нисэх онгоц, галт тэрэг машинаар нааш цааш зорчиж байсан нь өвчин тархах гол нөхцөл болсон. Дээр нь дайны үеэр ажиллаж байсан цагаан арьст эмч нарын бусад үндэстэн ястанд ханддаг дээрэнгүй, үл тоосон байдал нэрмээс болсон гэж Марк Хамфрис үзжээ. Учир нь, Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Европ, Америкийн эмч нар Европт ажиллаж байсан хятад ажилчдын өвчин эмгэгт тоомжиргүй хандсан нь томуу газар авах өөр нэг шалтгаан болжээ.
Эхлэл
1917 оны арваннэгдүгээр сард Хятадын умард нутагт нэн аюултай өвчин тархаад байгаа тухай мэдээ иржээ. Шаньси мужийн эмч нар өвчнийг уушигны тахал гэж тодорхойлов. Уушигны тахал нь агаар дуслын замаар халдварладгаараа аюултай тул өвчин худалдааны онгоцоор Европт хүрч болзошгүй гэж айсан Бээжин дэх Европын орнуудын Элчин сайд нар түгшүүр зарлав. Тэд Цагаан хэрмийн дагуу болон төмөр замын том өртөөнүүдэд хөл хорио тогтоохыг Хятадын Засгийн газраас шууд шаардав. Ингэснээр ямар өвчин, яаж тархаад байгааг тодруулахын тулд хятад ба европ хоёр судалгааны анги өвчний голомт руу явжээ. Гэвч нутгийн иргэд эмч нарт ихэд дайсагнан хандаж байсны улмаас хэрэг болохуйц дээж, материал цуглуулж чадсангүй. Дээр нь 1918 оны гуравдугаар сард өвчний тархалт гэнэт зогссон тул бүгд тайвшраад мартаж. Гэтэл 1918 оны арваннэгдүгээр сард өвчин яг адил шинж тэмдэгтэйгээр дахин илрэхэд Европын шахалтаар хятад эмч нар судалгаа явуулаад хурц томуу гэж тодорхойлжээ.
Вирусийн үүр
Тухайн үеийн Европ, Америкийн хувьд Хятад гэдэг одоогийн Африк шиг л байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Ийм байтал хаа байсан Хятадын умард нутагт буюу манай хилийн ойролцоо гарсан томуу яаж яваад дэлхийг хамарсан тахал болж хувирсан юм бэ гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг. Хариулт нь Дэлхийн нэгдүгээр дайн. Дэлхийн нэгдүгээр дайны үед шинээр байгуулагдсан Дундад иргэн улс нь төвийг сахиж байсан. Гэвч ийм олон сая хүнтэй улсыг байлдаж байгаа орнууд зүгээр орхихыг хүссэнгүй. Германы эсрэг эвслийн орнууд буюу англи, францууд хятадуудыг хэдэн арван мянгаар нь хямд ажлын хүч болгон нутаг руугаа зөөжээ. Тэднээр хамгийн хүнд, хар ажил хийлгээд тэр ажлаас суларсан залуучуудыг фронт руу явуулж байсан хэрэг.
Үүний тулд 1916 онд Хятадын хөдөлмөрийн арми гэгчийг байгуулан сайн дурынхныг элсүүлэн өөрийн үйлдвэр рүү ажилчин, боомт руу ачигчаар зөөж эхэлжээ. 1917-1918 онд тээврийн усан онгоц дутмаг байсан тул Хятадын өнцөг булан бүрээс ирж Хөдөлмөрийн армид элссэн хүмүүсийг Шаньдун муж дахь Вэйхай боомт орчмын түр байранд олноор байршуулсан нь өвчин тархах хамгийн тохиромжтой нөхцөл бүрдүүлж.
Тархах зам
Эхний үед хятад ажилчдыг Өмнөд Африкийн Кейптаун, Суэцийн сувгаар дамжуулан Баруун Европт хүргэдэг байв. Гэвч Атлантын далайд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан Германы Тэнгисийн цэргийн усан онгоц, шумбагч онгоцоос тээврийн онгоцыг хамгаалах зардал их байсан тул Англи, Францынхан хөлсний хятад ажилчдыг зүүн зүгт Номхон далайгаар тээвэрлэн Канад хүргээд, тэндээсээ Англи хүргэж, Ла Маншийн хоолой давуулан Франц явуулдаг болсон байна.
Хятадад томуу ид хүчээ авч, боомтод түр хуаранд байсан хөлсний ажилчдын дунд тархсан үед ч Канад руу зөөсөөр байж. Канадад ирсэн хятад ажилчдын дунд томууны тахал дэгдэхэд тэднийг нутаг буцаалгүй, Европ руу тээвэрлэсэн байна. Дайны үе тул хэвлэл мэдээллээр цацагдах бүх мэдээллийг хатуу цензурддэг байв. Иймд Канадын хэвлэл мэдээллийнхэн хятад ажилчдыг олноор боомтод буусны дараа үхэлд хүргэдэг хачирхалтай өвчин газар авч байгаа тухай бичих эрхгүй байв. Байлдаж байгаа улс болгонд л ийм байдалтай. Нэгд, төвийг сахисан хятадаас ажилчид хөлсөлж байгаа гэдгээ эсрэг талдаа мэдэгдэхгүй байх үүрэгтэй, нөгөө талаас өвчин тархсан тухай яриа газар авбал ард иргэд айдаст автаж, эсрэг талд давуу байдал олгох эрсдэлтэй. Энэ мэтээр хэн ч хэлж зүрлэхгүй байсан үед Испанийн сонин хэвлэлээр аймшигт томууны тухай анх зориглон бичиж, ард иргэдэд анхааруулсан тул энэ өвчин “Испани томуу” гэсэн нэр авсан түүхтэй.
Ингээд Европт ирсэн хятад ажилчдыг Британийн Этапл дахь цэргийн бааз орчим байрлуулж байв. Өвдсөн хүмүүсийг “Хятад эмнэлэг” гэж нэрлэгдсэн төв рүү явуулдаг. Тэр эмнэлэгт тэднийг эмчлэх гэхээсээ илүүтэйгээр бусдаас нь тусгаарлаад, хэн нь аяндаа өвчнөө даалгүй үхэж, хэн нь амьд үлдэхийг харж суухаас хэтэрдэггүй байж. Ийм нөхцөлд Испани томуу агаар дуслын замаар халдварладаг тул юуны түрүүнд Этапл орчим тархсан байна.
Хятадаас Канадаар дамжин Англи, Франц хүрэх олон арван өдөр үргэлжилсэн аяны явцад хятад ажилчдын дунд томуу тахал мэт түгэж байсан нь ойлгомжтой. Тээвэрлэж яваа усан онгоцон дээрх европ, канад эмч нар хятад ажилчдыг өвдөх, үхэхийг юман чинээ тоодоггүй байсан аж. Ийм нөхцөлд халдвар авсан хятад ажилчдын сул дорой нь өвчнөө даалгүй нас барж, бие сайтай нэг нь тээгч болж эсвэл эдгэрч томууны эсрэг дархлаатай болж байжээ. Ингэснээр Этапл орчим ирэх үед хятад ажилчдын дунд өвчний тархалт бараг зогссон бол ойролцоо байрлаж байсан англи цэргүүдэд халдсан вирус хувиран өөрчлөгдөж улам аюултай болж цааш тархаж.
Хувирал
Этаплд хувиран илүү аюултай болсон томууны вирус усан онгоцоор дамжин Францын Брест, Сьерра Леонын Фритаун, Америкийн Бостоны боомтод хүрч тэднээсээ тархав.
Фритаунд буусан испани томууны вирус цааш Африкийн гүн рүү аялж олон сая хүний аминд хүрсэн. Европт байлдаж байгаад ирсэн цэргүүдийн тээж ирсэн вирус анхандаа боомт орчмын хүмүүст халдварлаж байгаад Америкийг бүхэлд нь бүрхсэн. Францын Брест хүрсэн вирус эх газрын Европыг бүрхсэн гэдэг.
Дээрэнгүй зан
Хэрэв хөлсний хятад ажилчдыг тээвэрлэж явсан усан онгоц, бөөнөөр байршуулж байсан хуаран гэх мэт газрын европ, канад эмч нар хариуцлагатай хандсан бол өвчин ингэтэл олон хүний аминд хүрэхгүй байх боломжтой байж. Тэд хятад ажилчин аймшигтай орь дуу тавихгүй, яах аргагүй болгоомжлол төрүүлэх байдлаар өвдөөгүй л бол тоож үздэггүй, нас баралтын шалтгааныг ч тодруулах гэж оролддоггүй байв. Өвдсөн хүн болгоныг хамрын ханиад, даарч хөөрснөөс болсон гэсэн худал онош тавиад аргална. Хэрэв тэд ажлаа ёс журмаар нь хийсэн бол ядаж л халдвартай хүмүүс тээж ирсэн усан онгоц, галт тэргийг ариутгах, өвчтөнүүдийг тусгаарлан хөл хорих гэх мэт арга хэмжээ авах байсан биз. Ингэсэн бол өвчин тараагч вирус хувиран өөрчлөгдөх нөхцөл бүрдэхгүй байж ч болох байсныг үгүйсгэх аргагүй.
Дүгнэлт
Ийнхүү дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн тахлын гол буруутан нь юуны өмнө дэлхийг хамарсан дайн. Энэ дайн болоогүй бол Хятадаас халдвар авсан хямд ажлын хүчийг олон арван мянгаар хөлслөн Европ руу зөөхгүй байлаа. Хоёр дахь хүчин зүйл нь цагаан арьст эмч нар шар арьстай гэгддэг хятадуудад үл тоосон, дээрэнгүй байдлаар ханддаг байсан явдал. Өнөөдөр Эбола тахлын аюулыг зайлуулахад их гүрнүүд 100 жилийн өмнө гаргаж байсан алдаагаа дахин давтахгүй байх нь хамгийн чухал болж хувираад байна.
Эбола гарсан ч манай эмнэлэг, эмч нар хамаагүй чадалтай, сайн эмчилж чадах тул айх хэрэггүй гэж. Өвчний голомт Африкаас усан онгоц, нисдэг онгоц хүлээн авахгүй тэр чигээр нь түгжих хэрэгтэй гээд байвал Испани томуу шиг байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.
ЭХ СУРВАЛЖ: UPDOWM.MN
https://updown.mn/70281.html