Сүүлийн үед аливаа хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг баривчлах, хорихдоо АТГ дэндүү муйхар хандаж байгаа юм.Ингэхдээ хүч хэрэглэн, эсвэл хууран мэхлэх арга ашиглана.Бүр болохгүй бол өргөөд аваад явчихна.Уг нь хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд ойлгуулахыг хориглодог. Гэвч АТГ сүр дуулиантайгаар хэн нэгнийг баривчлаад, баахан өндөр хэмжээний тооцоо данс хэлээд, эцэст нь үнэнд гүйцэгдээд ирэхээрээ ял өгч өөрсдийнхөө нэрийг цэвэр авч гарах аргаа сэднэ.Өнөөдөр яг хэлмэгдэх шахаж яваа хүн бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийн холбогдсон гэх "Нүүрс”-ний хэрэг.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа түүнийг 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж эхэлсэн ч бүх баримт бичиг тооцоо дансаа тулгаад үзэхээр харин ч улсад ашигтай ажил хийсэн нь нотлогдож байгаа аж.Анх түүнд 263.2 зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт шалгаж байсан ч энэ нь батлагдаагүй учир 150.3 буюу өмч хариуцсан этгээд үрэгдүүлсэн гэх зүйл ангийг тулгасан ч бас л бүтэлгүйтсэн байна. Гэвч түүнд ял өгөхийн тулд өнөөдөр ямар ч хамаагүй зүйл ангиар явуулахад бэлэн байгааг энэ.Л.Гансүхийг гурван сар гаруй Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан бөгөөд анх баривчлахдаа хүртэл хууль бус арга хэрэглэсэн аж.Тайлбар авах нэрээр дуудаад шууд л шүүхийн тогтоолгүйгээр баривчлахыг завджээ.
Хууль зөрчиж байгаа талаар сануулаад ч нэмэр болоогүй тэрээр АТГ-аас гарч явахдаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү, Д.Арвин нартай тааралджээ. Харин хаа очиж Д.Арвин "Хууль журмынхаа дагуу ажилла” гэж хэлсэн ч АТГ-ын хуулиас дээгүүр нөхөд шууд л өргөөд явахыг шахжээ. Хэрвээ тэр үед Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэнар түүний хоёр талаас нь сугадаад аваад явчихад нэг талаасаа эр хүний мөс чанар, нөгөө талаасаа хууль журмын дагуу ажиллаж байхыг сануулсан том алхам болох байлаа. Гэвч харсаар байгаад АТГ-ын төлөөлөгчдөд алдсан тэд ядаж ухаалаг утсаа гаргаж ирээд болж буй үйл явдлыг бичээд тэр даруй намын даргадаа очиж мэдэгдээд, ард түмэнд үнэнийг мэдээлсэн бол АТГ гэх аймшгийн газар өнөөдөр бага ч гэсэн хуулийн дагуу ажиллах ёстой гэдгээ ойлгох байсан нь мэдээж.
Харин УИХ-ын гишүүдийг өмнөө бөнжигнүүлж байгаад намын нөхрийг нь хууль зөрчиж баривчлаад аваад явахад тэд ядаж хүний урманд боль гэж хэлсэнгүй нь АТГ гэх газрыг "хадны мангаа” болон өсөхөд ихэд нөлөөлсөн бололтой. Ухаалаг утаснаасаа дор ухаалаг бус асуудалд хандсан гишүүддээ ч намын удирдлагууд хариуцлага тооцмоор юм.
Unen.mn
Сэтгэгдэл