УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт үргэлжлүүлж, үүний талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй томьёоллоо чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлнэ. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн саналыг гишүүдийн санаачилсан төсөлтэй уялдуулахаар өдөр, шөнөгүй ажиллаж байгаа бололтой. Ер нь бол алийг нь авч, юуг нь гээхээ ажлын хэсгийн түвшинд ойлголцоод, “зөвшилцчихсөн” юм билээ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн зүтгүүлсэн саналын цөм нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд үлдэж буй бололтой. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн саналууд үлдчихсэн юм биш үү гэмээр байгаа юм.
Тухайлбал, гишүүдийн санаачилсан төслөөс Улсын дээд шүүхийн шүүгчийн тоо, Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Төрийн тэргүүн түүнийг нь батламжлахтай холбоотой 51.1, 51.2 дахь хэсгийг хасах саналыг зөвшилцлийн ажлын хэсэг хүлээн авсан явдал. Түүнчлэн Дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох болон бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болох заалт гишүүдийн төслөөс хасагдахаар байна.
Ингэснээр шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангуулна хэмээн гишүүдийн зүгээс найдлага тавьж буй заалтуудын тэн хагас нь хасагдаж мэдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх, ерөнхий шүүгч, 21 шүүгчээс бүрдэх талаар эргэж ярихгүй нь бололтой. Түүнчлэн Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлэх, Дээд шүүхийн шүүгчдийг томилгооны сонсголоор дамжуулан батламжлах тухай ярих, эсэх нь эргэлзээтэй болж байна. Үндсэндээ бүх шатны шүүхийн шүүгчдэд тавих шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг томилно” гэсэн санал нь л гишүүдийн төслөөс үлдэж байх шиг.
Гэхдээ ШЕЗ болон шүүгчдэд сахилга, хариуцлага тооцох үүрэгтэй бүтцийн бүрэлдэхүүнийг хэрхэн тогтоох тухай заалтууд бий. Тэр нь чухам ШЕЗ-ийг 10 гишүүнтэй болгож, тэдгээрийг Ерөнхийлөгч бус, УИХ томилох тухай гишүүдийн санаачилсан заалт хэвээр үлдэнэ гэсэн үг бас биш. Учир нь Ерөнхийлөгч төсөлдөө ШЕЗ, түүний бүрэлдэхүүнтэй холбоотой заалтыг хөндөөгүй. Гагцхүү шүүгчдэд сахилгын шийтгэл ногдуулах Сахилгын хороо байгуулахаар тусгаад буй. Төрийн тэргүүний дэвшүүлсэн Шүүгчийн сахилгын хороо, гишүүдийн санаачилсан төсөл дэх Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зорилго, чиглэл төстэй тул тэднийг уялдуулахад төвөггүйг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан хэлэлцүүлгүүдийн үеэр хөндөж байсныг тэмдэглэе.
Хэдийгээр ажлын хэсгийн түвшинд зөвшилцөөд энэ мэт заалтыг хасаж, хэвээр үлдээхээр болсон гэж байгаа ч ингээд баталчихна гэсэн үг бас биш. Зөвшилцсөн ажлын хэсгийн түвшинд тогтсон саналуудын талаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм.
Харин Ерөнхийлөгчийн төслөөс юуг нь хасав. Газрыг нэгдмэл бодлогоор зохистой ашиглахтай холбоотой 6.6, Төвбанкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэхтэй зорилготой 19.1, 19.2, 19.3, төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших, хараат бусаар ажиллах нөхцөлийг хангахаар тусгасан заалтыг Төрийн тэргүүний төслөөс хассан байна. Мөн нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгохтой холбоотой заалтаа Ерөнхийлөгч татжээ. Эдгээрийг Үндсэн хуульд нарийвчлан тусгах шаардлагагүй, органик хуулиар зохицуулах боломжтой талаар судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн олонх нь хэлж байсан юм.
Ийнхүү дээр дурдсан дэмжсэн болон үл дэмжсэн заалтуудаас бусдынх нь хувь заяа хэрхэх бол. Тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болох ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа талаар зөвшилцөх ажлын хэсгийн дарга Ө.Энхтүвшин онцолсон ч байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтуудыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтсон гэж байгаа. Энэ талаас нь харвал зөвшилцөх ажлын хэсэгт ер нь хийсэн ажил байна уу гэж асуумаар ч юм шиг.
Учир нь зөвшилцлийн ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн болон УИХ-аар хэлэлцэж буй төсөл дэх улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж, “Нам Үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” хэмээн өөрчлөн найруулсан байгаа юм. Мөн “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий, 50 001-ээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулжээ.
Гэхдээ эл заалттай холбогдуулан нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэж аль болохоор бодитой тогтооход анхаарах шаардлагатай гэдгийг хэлэх гишүүн цөөнгүй байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэгтгэн томьёолсон гэж байгаа ч эдгээрийг зөвшилцөн ойлголцож, нэг мөр болгосон гэхэд учир дутагдалтай гэсэн үг.
Харин “давхар дээл”-тэй холбоотой заалтуудыг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүн УИХ-ын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолсон нь гайгүй дэмжлэг авсан сурагтай. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх, эсэх тухайд гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгасан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж зохицуулахаар заасан байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн санал дэмжлэг авсан хэрэг.
Хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж тусгасныг хасах нь зүйтэй гэж зөвшилцлийн ажлын хэсэг үзсэн юм билээ. Учир нь энэ заалт нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна хэмээн татгалзсан аж.
Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин