Өнгөрсөн 2023 онд дэлхий дахинд цэргийн зардал өмнөх онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн нь 2009 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэхдээ цэргийн зардлын өсөлт дэлхийн топ 10 улсад бүгдэд нь бүртгэгдсэн тухай Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
2023 онд дэлхий хэмжээнд цэргийн зардал нийт 2.443 их наяд ам.долларт хүрчээ.
Цэргийн зардлын өсөлт ес дэх жилдээ дараалан дэлхийн бүх бүс нутагт ажиглагдаж байна. Хамгийн өндөр дүн Европ, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодод бүртгэгдсэн байна. Цэргийн нийт зардал дэлхийн ДНБ-ий 2.3 хувьд хүрчээ.
Цэргийн төсвийн хэмжээгээр АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг болон Саудын Араб тэргүүлж байна. Эдгээр улсад цэргийн нийт зардлын 61 хувь ногдож байна. АНУ нийт цэргийн зардал 916 тэрбум ам.доллар, БНХАУ-ын цэргийн зардал 296 тэрбум ам.долларт хүрчээ. Цэргийн зардал ийн өсөж байгаа нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсаны шууд үр дагавар юм гэж тус тайланд онцолжээ.
ОХУ-ын цэргийн зардал 24 хувиар нэмэгдэж, 109 тэрбум ам.долларт хүрч, төсвийн зардлын 16 хувь, ДНБ-ий 5.9 хувийг эзэлжээ. Украин улс цэргийн зардлын хэмжээгээр наймд жагсжээ. Тус улсын цэргийн нийт зардал 51 хувиар өсөж, 64.8 тэрбум ам.доллар хүрч, ДНБ-ий 37 хувийг эзэлж байна. Украины цэргийн зардал ОХУ-ын нийт цэргийн зардлын 58 хувийг эзэлж байна. .
Гаднын цэргийн тусламжийг оролцуулбал Украины цэргийн нийт зардал Оросын цэргийн зардлын 91 хувьд хүрчээ.
Өнгөрсөн онд
2021 онтой харьцуулахад Польшийн цэргийн зардал 75 хувиар нэмэгдэж, 31.6 тэрбум ам.доллар болжээ.
Өнгөрсөн онд БНХАУ-ын цэргийн зардал зургаан хувиар өсөж, 296 тэрбум ам.долларт хүрсэн байна. Улмаар Япон болон Тайванийг цэргийн зардлыг өсгөхөд хүргэсэн байна. 2023 онд Япон улс 50.2 тэрбум ам.доллар, Тайвань 16.6 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Ойрх Дорнодын нийт цэргийн зардал есөн хувиар өсөж, 200 тэрбум ам.доллар болов. Саудын Араб цэргийн төсвөө 24 хувиар нэмэгдүүлж, 27.5 тэрбум ам.доллар төсөвлөсөн нь Газын зурвас дахь нөхцөл байдалтай шууд холбоотой. Иран улс цэргийн зардлын хэмжээгээр бүс нутагтаа дөрөвт жагсаж байна. Тус улс 2023 онд 10.3 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Үүний 37 хувь Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпуст зориулагджээ.
Энэтхэг улсын цэргийн төсөв 4.2 хувиар нэмэгдэж, 83.6 тэрбум ам.долларт хүрчээ.