Д.Отгонбаатар: Г.Батбаатар их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь илэрлээ


АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нарыг тендер будлиантуулж, банкны баталгаа хуурамчаар үйлдсэн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч байна уг асуудлаар АШУҮИС-ийн  Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатараас тайлбар авлаа.

АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нартай холбоотой мэдээлэл хэр бодитой вэ?

АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар  Төсвийн тухай хууль, Төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн асуудал дотоод аудитын шалгалтаар илрээд байна.

Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр олон тэрбум төгрөгний тендер зарлаж, гэрээ байгуулан санхүүжилт олгон төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, "Хай ресурс” компанитай тохиролцон 358.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хуурамч материал бүрдүүлэн байгуулсан байсан.  Тендерийн үнэлгээний хороог ахалж гарын зурсан байсан, хангамжийн газрын дарга Ц.Батхуягаас дээрх асуудал дээр тайлбар өгөхийг шаардахад ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж, холбогдох албан тушаалтнуудыг үг хэлээр гүтгэн, доромжилж айлган сүрдүүлсэн балмад үйлдэл гаргасан. Ерөнхий сайдын 01 албан тоот даалгавар, АШУҮИС-ийн захирлын албан даалгавар гарсан байхад үл биелүүлэн танхаарсан зэрэг нь түүнийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон.

Иймээс Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тендерийн хуулиудын холбогдох заалт, байгууллагын дүрэм, дотоод журмын дагуу ажлаас чөлөөлсөн.

-358,5 сая төгрөгний асуудлыг жаахан тодруулахгүй юу?

 -АШУҮИС-ын Шинэ цогцолборын сургалтын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг явуулахдаа "Хай ресурс ХХК”-ий удирдлагатай тохиролцон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж тухайн үед АШУҮИС-ын захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж  үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар 358.5 сая төгрөгний гэрээ байгуулсан байна лээ. Тиймээс энэ асуудлыг Авилгалтай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байгаа.

-Тэгэхээр хуурамч бичигт баримт үйлдсэн гэрээнд захирал асан Г.Батбаатар гарын үсэг зурсан гэхээр энэ асуудалтай холбоотой гэж ойлгож болох уу?

-Уг гэрээнд Төсвийн шууд захирагчийн хувьд Г.Батбаатар гарын үсэг  зурсан учраас Төсвийн тухай хууль, Тендерийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй юм.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.