2016 онд Туркт төрийн эргэлт хийх гэж оролдсон "Феттула” террорист байгууллагатай холбоотой 21 сэжигтнийг баривчиллаа гэж тус улсын аюулаас хамгаалах албаны эх сурвалж мэдэгдлээ.
Цагдаагийн албан хаагчид Истанбул хотын 24 дүүргийн 54 байрлалд терроризмтой тэмцэх ажиллагаа явуулсны үр дүнд эдгээр сэжигтнийг баривчилсан гэж эх сурвалж нэрээ нууцлан мэдээлэл өгсөн байна.
"Феттула” террорист байгууллагын "ByLock” шифрлэсэн зурвас илгээх программын хавсралтыг ашиглаж, тус байгууллагын сургалтын үйл ажиллагаанд оролцсон хэрэгтэй холбогдуулан тэднийг баривчилжээ. Үүний зэрэгцээ тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, тоон багаж төхөөрөмжийг цагдаа нар хураан авсан байна.
Туркийн Засгийн газрын мэдээлснээр, Гюлений хөдөлгөөн /FETO/ болон тус хөдөлгөөний тэргүүн Фетулла Гюлен нь 2016 оны долдугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан ажээ. Энэ үеэр 251 хүн амиа алдаж, 2200 орчим хүн шархадсан билээ.
Сэтгэгдэл