ДАШТ-д П.Орхоны оронд С.Батцэцэг барилдахаар боллоо



ДАШТ-д П.Орхоны оронд С.Батцэцэг барилдахаар боллоо

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-28-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт болно. Энэхүү тэмцээнд шилдэг тамирчдын нэг П.Орхон оролцохгүй болсон байна. Түүний оронд С.Батцэцэгийг сонгожээ.

П.Орхон өнгөрөгч наймдугаар сард Индонезийн Жакарта хотод болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэрбээр тэмцээний дараа авсан допингийн шинжилгээнд бүдэрч Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос Монголын Үндэсний олимпийн хороонд ирүүлсэн бичигт түүний амжилтыг үр дүнгүйд тооцсон билээ. Одоогоор Монгол Улсын Азийн наадамд авсан алтан медалийн тоо тав байсан бол дөрөв болж, 16-р байраас 17-р байр руу нэг байраар ухарсан юм. Азийн наадмын үеэр П.Орхоноос авсан шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн мэдэгдэл Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, Дэлхийн бөхийн холбоо (UWW), Азийн бөхийн холбоо (AAWC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) зэрэг байгууллагуудад ирсэн.  Нэг хэсэг спорт сонирхчдыг шуугиалсан энэ асуудал Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах шийдвэрийг хүлээж байгааг албаныхан хэллээ.

П.Орхон энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.  Хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гавъяат тамирчин П.Орхон энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Мөн түүнд оногдох шийтгэлийн хугацаа одоогоор тодорхой бус байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.