Өвөлдөө агаарын бохирдлоос болж амьсгалах аргагүй Улаанбаатарчууд үнэхээр хөөрхийлөлтэй юмаа. Төрийн түшээ, нийслэлийн удирдлагууд минь дахиад л бидний чихэн дээр цэцэг ургуулж, бид дахиад л утаатайгаа өвөлжих нь тодорхой болчихлоо.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулахаар болсон” гэлээ. Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байх юм гэнэ. Түүнийг тавилаа гээд бидний эрүүл мэндийг хамгаалж чадах уу.
Ингээд л манай нөгөө түшээд маань өнөөх л амны хаалт, яндангийн утаа шүүгч, утаагүй зуух, боловсруулсан нүүрс гээд өнөөх л ярьдгаа ярьсаар төсвийн хэдэн төгрөгийг нь өөрсдөө хуваах нь тодорхой болов.
Том харж том сэтгэдэг хүмүүсийг толгойдоо залж чадаагүйгээгээсээ болж хэдэн өвлийг ийм байдалтай өнгөрөөнө дөө, бид. Намрын сэрүүхэн өдрүүдээр эхний айлууд өнөөх нүүрсээ түлээд эхэлмэгц нялхсаасаа эхлээд том багагүй өвдөөд, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больчихсон.
Утаа нь гамшгийг хэмжээнд, уушги нь нүүрс шиг хар, эмнэлгүүд нь дүрвэгсдийн оромж шиг болчихоод байгааг харсаар байж нөгөө түшээд нь хувь хувийн бизнесээ хөөж, бие биенээсээ давсан ашиг олох гээд бүхнийг зоосны нүдээр харсаар л суугааг Монголын эмгэнэл гэхээс өөрөөр юу гэхэв.
Тэдэнд үүнээс илүүг харж, сэтгэж, хийх чадвар байхгүйг ард түмэн харчихлаа. Өөрсдөө чадахгүй бол чаддаг хүмүүсийг нь гадаад, дотоодоосоо сонгон шалгаруулаад төсөл хөтөлбөрөөр зохион байгуулаад ч болов улаанбаатарчуудыг утаанаас нь салгаад өгчихөж болдоггүй юм байхдаа.
Түүнд гарах төсвөөс илүүг, өчнөөн жил л хувааж идлээ. Өлсгөлөн чоно шиг өлөн зан нь хэзээ дарагдах юм бол доо. Аливаад гарц гэж байдаг даа уг нь.
Сэтгэгдэл