Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид энэ сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өчигдөр өглөө эх орноосоо мордов. Харин бүсгүйчүүд нөгөөдөр буюу 18-ны өглөө Будапештийг зорино. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай тамирчдаас гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Г.Мандахнаран долоо, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамрчин П.Өнөрбат зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Г.Наранчимэг, Э.Нарангэрэл тав, ОУХМ Б.Шоовдор дөрөв, Т.Түвшинтулга, Н.Золбоо, Э.Сумъяа, А.Батцэцэг гурав, ОУХМ Ө.Батзул, Э.Даваачимэг хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин Т.Тулга, Б.Бямбадорж, Л.Төртогтох, Э.Гантуяа, Х.Болортуяа гэсэн таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Будапештийн дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.
БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ МАНАЙ ТАМИРЧДЫН ДАШТ-Д ОРОЛЦСОН БАЙДАЛ:
ЭРЭГТЭЙЧҮҮД:
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Тав дахиа ("Будапешт-2013”, "Ташкент-2014”, "Лас-Вегас-2015”, "Парис-2017”, "Будапешт-2018”)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Гурав дахиа ("Будапешт-2016”, "Парис-2017”, "Будапешт-2018”,
65 кг: Төмөр-Очирын Тулга - Анх удаа ("Будапешт-2018”)
70 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Анх удаа ("Будапешт-2018”)
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Долоо дахиа ("Хернинг-2009”, "Стамбул-2011”, "Будапешт-2013”, "Ташкент-2014”, "Лас-Вегас-2015”, "Парис-2017”, "Будапешт-2018”)
79 кг: Пүрэвжавын Өнөрбат - Зургаа дахиа ("Хернинг-2009”, "Стамбул-2011”, "Будапешт-2013”, "Ташкент-2014”, "Лас-Вегас-2015”, "Будапешт-2018”)
86 кг: Оргодолын Үйтүмэн - Тав дахиа ("Будапешт-2013”, "Ташкент-2014”, "Лас-Вегас-2015”, "Парис-2017”, "Будапешт-2018”)
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Анх удаа ("Будапешт-2018”)
97 кг: Өлзийсайханы Батзул - Хоёр дахиа ("Парис-2017”, "Будапешт-2018”)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Гурав дахиа ("Стамбул-2011”, "Парис-2017”, "Будапешт-2018”)
ЭМЭГТЭЙЧҮҮД:
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Тав дахиа ("Хернинг-2009”, "Ташкент-2014”, "Лас-Вегас-2015”, "Парис-2017”, "Будапешт-2018”)
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Гурав дахиа ("Будапешт-2013”, "Ташкент-2014”, "Будапешт-2018”)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Хоёр дахиа ("Парис-2017”, "Будапешт-2018”)
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Гурав дахиа ("Ташкент-2014”, "Парис-2017”, "Будапешт-2018”)
59 кг: Баатаржавын Шоовдор - Дөрөв дэхээ ("Лас-Вегас-2015”, "Будапешт-2016”, "Парис-2017”, "Будапешт-2018”)
62 кг: Энхбатын Гантуяа - Анх удаа ("Будапешт-2018”),
65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа - Анх удаа ("Будапешт-2018”)
68 кг: Соронзонболдын Батцэцэг - Зургаа дахиа ("Хернинг-2009”, "Москва-2010”, "Будапешт-2013”, "Ташкент-2014”, "Лас-Вегас-2015”, "Будапешт-2018”),
72 кг: Очирбатын Насанбурмаа - 10 дахиа ("Гуанжоу-2006”, "Токио-2008”, "Москва-2010”, "Стамбул-2011”, "Страткон-2012”, "Будапешт-2013”, "Ташкент-2014”, "Лас-Вегас-2015”, "Парис-2017”, "Будапешт-2018”),
75 кг: Гилэгжамцын Наранчимэг - Тав дахиа ("Будапешт-2005”, "Гуанжоу-2006”, "Баку-2007”, "Лас-Вегас-2015”, "Будапешт-2018”)
Сэтгэгдэл