Европт айлчилж буй Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани энэ сарын 26-нд Ватиканд Ропын Пап Францисктэй уулзсан байна. Ватиканы албаны хүмүүсийн мэдээлснээр Ромын Пап Франциск Тегераныг олон улсын терроризм болон зэр зэвсгийн худалдааг хязгаарлахад бүс нутагт гол үүрэг гүйцэтгэхийг уриалжээ. Уулзалтын үеэр Хассан Роухани Ромын Папд Ираны Кум хотод хийгдсэн перси хивс бэлэглэсэн байна. Харин Франциск Ираны Ерөнхийлөгчид Гэгээн Мартин Турсын дүрстэй медаль гардуулжээ. Католик шашны тэргүүний хэлснээр уг шагнал найрамдлыг бэлгэддэг аж.
Ираны Төрийн тэргүүн Итали болон Франц улсуудад дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа. Энэ нь сүүлийн 20 жилд тус улсын Ерөнхийлөгчийн Европт хийж буй анхны албан ёсны айлчлал болж байна. Хассан Роухани нэгдүгээр сарын 25-нд Италид айлчилж, тус улсын Ерөнхий сайд Маттео Ренцитэй уулзаж хэлэлцээр хийсэн. Хоёр орны хооронд 17 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагджээ. Италийн бизнесийнхэнтэй уулзсаны дараа Тегераны тэргүүн "Энэ нь манай хоёр орны харилцааны эхлэл төдий. Европын ажил хэрэгч хүмүүсийн хувьд Иран бол бүс нутаг дахь хамгийн тогтвортой, найдвартай улс” хэмээн мэдэгдсэн юм.
Ираны Ерөнхийлөгч өчигдөр Францад очлоо. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзана. Хассан Роухани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Европын орнуудаар айлчлахаар төлөвлөж байсан ч Парист болсон террорист халдлагын улмаас хойшлогдсон юм.
Олон жилийн турш Персийн булангийн нөлөө бүхий улс болох Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг энэ сарын 16-нд цуцалсан билээ. Түүнээс хойш Иран улс дэлхийн олон оронтой харилцаагаа идэвхжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж эхлээд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл