Дуучид, хошин урлагийнхан гэж борооны дараах мөөг шиг олширсон энэ цаг үед ганц хоёр дуу хийсэн нь бие даасан тоглолт хийх, жүжиг тоглох гэж “томордог” болжээ. Гэхдээ өөрийнхөө хүчээр өөрийнхөө чадлаар тоглолтоо хийж байна уу.
Сүүлийн үед СТА цол гуншинтай одонцорууд тоглолт хийхээр тасалбар нь зарагдахгүй. Бөөн юм болно. Тэгээд төрийн байгууллага болон аль олон хүнтэй газруудаар явж шахна, шахааны бизнес гэж хэлж болохоор юм. Залуу дуучид ч ийм байна.
Мөн нэр алдартай том дуучид ч тоглолтын тасалбараа бусдад тэр дундаа төрийн алба хаагчдад хүчээр шахдаг муухай үзэгдэл газар авчээ. Байгууллагын дарга нарт нь шахна, дарга нь ажилчдадаа шахна. Өөрөөр хэлбэл, үзэхийг хүсээгүй хүнд хүчээр тасалбар өгч, мөнгийг нь цалин дээрээс суутгадаг муухай жишиг бий болжээ.
Үнэхээр үзэхийг хүсэхгүй байгаа бол тасалбар худалдаж авахаас татгалзаж болно биз дээ. Гэтэл цалинтай нь ярина гэж дарамталдаг дарга нарыг яалтай билээ. Ядаж байхад тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг. Хэн хүсээгүй, дургүй дуучиндаа 20 мянгыг зүгээр өгөх билээ дээ.
Магадгүй нэр алдартай болохын тулд тоглолт хийж, тэгээд шатахгүйн тулд хүчээр шахдаг байх. Гэхдээ заримдаа бүр тоглолтын тасалбарыг үнэгүй тарааж, 20 мянгын тасалбар хоёр мянган төгрөг ч болдог юм билээ.
Өнгөрсөн есдүгээр сард МУГЖ нэгэн дуучин тоглолтоо хийв. Суудал дүүрэхгүй, тасалбар нь зарагдахгүй сүүлдээ бүр 40-50 ширхэгээр гудамжинд яваа хүмүүст үнэгүй тарааж байсан. Ингэж ч доошоо орж шалдаа буух гэж дээ. Үнэндээ чанартай, часхийсэн уран бүтээл хийж байгаа бол ард түмэн сонсоно, тоглолтыг нь үзнэ шүү дээ. Гэтэл нийтийн нэртэй нэг хэвэнд цутгасан үг, ая нь ижил шахуу дуу хийчихээд түүнийгээ хүчээр шахуу радио, телевизээр явуулдаг. Ганц хоёр дуу хийчихээд тоглолт хийх гэж оролддог ийм дуучин олон бий. Уран бүтээлээ чанартай хийдэг байх хэрэгтэй шүү.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл