Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдлоо


Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдлооУлсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэрэгтнүүдийг цагдаа нар баривчилжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотод өнгөрсөн бямба гаригт ирсэн 28 настай З, А гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг саатуулан шалгахад биедээ сэтгэцэд нөлөөлөх бодис их хэмжээгээр авч явсан нь илэрчээ. Эх сурвалжийн мэдээлснээр ICE буюу мөс 100 орчим гр байсан бололтой. Тэд баривчлагдах үедээ сэтгэцэд нөлөөлөх бодисоо хэрэглэсэн нь тогтоогдсон байна. 

Мөрдөн байцаалтын явцад З нь улсын хилээр хууль бусаар удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй байгаа аж. Харин эрэгтэй нь төрийн албан хаагч бөгөөд Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтан байжээ. Уг хэрэгт хамсаатан болох Г гэх өөр нэг эмэгтэйг шалгаж эхэлсэн байна. Тэднийг өнгөрсөн ням гаригт Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан Эрүүгийн хуулийн 188.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Үүнээс гадна тус хэлтсийн албан хаагчид өнгөрсөн сарын 28-нд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд томоохон рестораны гадна автомашин дотроо хар тамхи хэрэглэж байсан Э нарын таван залууг баривчилжээ. Тэднээс 1.1 гр ICE буюу мөс гэх бодисыг хурааж авсан байна. Тэдний дунд энэ төрлийн гэмт хэргээр ял эдэлж байсан, одоо шалгуулж байгаа хүмүүс ч байжээ. Цагдаа нар мөн өдөр тус хорооны "Peace Bridge” зочид буудлын гадна мансуурч байсан Б, Г гэх хоёр залууг саатуулжээ. Тэдний биеэс болон автомашинаас гялгар уутанд жижгээр олон тоогоор савласан 19.2 гр ICE бодисыг хураан авсан байна.

Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Энх

Зууны мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.