Хойд туйлд ойрхон орших Оросын баруун хойд бүсийн Новая земля арал дээр орших энэ мужийн нэгэн тосгонд олон тооны цагаан баавгай үзэгдэх болсон тул мужийн захиргаанаас онц байдал зарлах шийдвэр гаргасан байна.
Мужийн захиргааныхны хэлж байгаагаар Белушая Губа гэдэг тосгонд нь 50 гаруй цагаан баавгай нутаглах болсон байна. Баавгайнууд арал дээр амьдарч байгаагаас гадна, нэг дор 10-аад баавгай явж харагдах болжээ. Мягмар гарагт Оросын төв тв-ээр нэгэн орон сууцны барилгын хонгилд нэг том баавгай орчихсон байсныг харуулсан байна.
Нөхцөл байдлын улмаас Архангельск мужийн хэмжээнд өнгөрөгч бямба гарагаас эхлэн онц байдал зарлаад байна. Албаны хүмүүс Белушая Губа тосгоны 3 мянга орчим оршин суугчдад анхааруулга өгч эргүүл хийхээс гадна, хамгаалалтын хайс хашаа татаж байгаа юм байна. Нутгийн нэгэн иргэн энэ талаар “цагаан баавгай ийм олноороо байх болсон нь анхны тохиолдол” хэмээн ярьсан байна.
Харин мэргэжлийн хүмүүс энэ талаар “уур амьсгалын өөрчлөлт дулаарлаас үүдэн хойд туйлын мөс хайлснаас туйлын баавгай буюу цагаан баавгай өөр газар нутаг эрж хайн нутаглаж байна ” хэмээн тайлбарлажээ.
Сэтгэгдэл