Монгол гэрийг МЭӨ 3000-аад жилийн өмнө үүссэн болохыг эрдэмтэд тогтоожээ. Өнөөг хүртэл эрдэмтэн судлаачид монгол гэрийн гайхамшигийг бахдан шагширч байна.
Монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг. Учир нь хүн орох гарах тоолонгоор монгол гэрийн тооно, үүд хоёроор агаар байнга солигдож, гэр доторхи хуучин уур нь дэгдэж, шинэ уураар сэлбэгдэн солигдож байдаг тул гэр дотор амьдарч буй хүн ямагт цэвэр агаараар амьсгалах боломжтой юм.
Монгол гэр дулааныг хадгалах өвөрмөц чадвартай. Учир нь монгол гэрийг барихад ямар ч төмөрлөг хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэлээс бүтсэн учир хүний биеийн эрүүл мэндэд маш сайн, гаж нөлөөгүйн зэрэгцээ өөрөө “амьсгалж байдаг” сууц болно. Хонины ноосоор хийсэн эсгий нь дулаан дамжуулах чадвар өндөртэй тул өвлийн хүйтэнд дулааныг маш сайн хадгалах чадвартайг эрдэмтэд судалсан.
Монгол гэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн үерийн ус дайрах тохиолдолд хаяагаа сөхсөн байхад ханын нүдээр урсан өнгөрдөг тул хүний амь насанд аюулгүй билээ. Гэр нь дугуй хэлбэртэй болохоор татлага тэнжээгээр бэхэлсэн байхад хээрийн салхи шуурганд ч тэсч үлдэнэ. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. 150 км/ секунд салхины хүчийг даах чадвартай.
Монгол гэрийг нэг цаг орчимд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд хялбар.
Монгол гэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой билээ.
Монгол гэр дуу чимээ тусгаарлах чадвартай. Учир нь дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэрт дууны долгион адил хэмжээний зайг туулах тул гажилт үүсдэггүй. Тиймээс сүүлийн үед дуу бичлэгийн студийг монгол гэрт хийх хандлага өргөн дэлгэрч байна. Мөн сургууль, зочид буудал, ресторан, амьдрах сууц зэргээр дэлхийн улс орнуудад монгол гэрийн хэрэглээ нэмэгдсээр байна.
ХХ-ХХI зууны үед эрдэмтэд монгол гэрийг шинэ үеийн хүн төрөлхтний сансарт гариг дээр барих өргөө сууц болоход хамгийн тохиромжтой хэмээн үзэж, улам төгс төгөлдөр болгон сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл