Урлаг бол бууриа сэлгэлгүй ертөнцийг харах харгуй мөн хэмээн нэгэн суут хүн тодорхойлжээ. Урлагийн ач холбогдол өндөр бөгөөд соён гэгээрүүлэх, зөв хүмүүжил олгох зэрэг давуу талыг хүн төрөлхтөн хүртэж, урлагийн сайхнаар амьсгалж, гайхамшигийг мэдэрсээр...
Монголчууд урлагт хайртай, урлагийг хүндлэн дээдэлдэг ард түмэн. Олон сайхан уран бүтээл төрж, зуун зуун өнгөрсөн ч шинээрээ... Авьяаслаг залуу уран бүтээлчид дэлхийд Монголынхоо нэрийг тамгалсаар... Тэгвэл урлаг хэмээн их айлын шинэ өнгө болсон нэгэн урлагийн гэр бүлийн тухай энд сийрүүлэх гэж байна.
Энэ бол соёлын тэргүүний ажилтан, алтан гадаст одонт Лувсандоржийн Сүхбатын гэр бүл. Л.Сүхбат агсан бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, театрын дарга, багш сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм. Харин түүний гэргий Чимэдийн Лхагвахүү мөн л бүжигчин, драмын жүжигчин, сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээл дээр дүр бүтээсэн сайхан ижий бий. Энэ л гал голомтоос дөрвөн хүүхэд нь урлагийн замаар явж буй бөгөөд ач зээ нар нь ч удам залгаж, урлагийн хүн болжээ.
Нэгэн гэр бүлийн зургаан уран бүтээлчийн нэг нь уншигч бидний сайн танил Улсын филармоны гоцлол дуучин СТА С.Баттулга. Ард түмэн "VOICE” хамтлагийн ахлагч, дуучин гэдгээр нь илүү сайн мэдэх биз ээ.
Түүний том ах С.Батхүү нь бүжигчин, харин эгч С.Батцэцэг нь хөгжимчин, хөгжмийн багш, дүү С.Батсайхан нь мөн л хөгжимчин, найруулагч, продюсераар ажилладаг аж. Зөвхөн нэг гэр бүлд гэхэд зургаан уран бүтээлч урлагт "зүтгэж” явна аа.
Урлагийн гэр бүлийн жаргал их ээ. Уран бүтээлч хүний хамгийн анхны үзэгч, бас анхдагч шүүмжлэгч нь гэр бүл байдаг. Бие биенээ дэмжиж, болохгүйг нь засаж, замыг нь чиглүүлж байдаг болохоор урлагийн хүмүүсийн зам нь зөв байдаг биз ээ. Ижий, аавынхаа урлагийн зөв хүмүүжлээр хүн болсон залуучууд өнөөдөр урлагт нэгэн шинэ өнгө, хэмнэл болон явж байна.
Хөгжмийн аялгуугаар хөглөгдөж, дууны сайханд уярч, бүжгийн уран хөдөлгөөнд огшсон энэ гэр бүлд аз жаргал хүсье. Урлаг хэмээн их айлд нэгэн өнгө, бас чимэг нь болсон энэ гэр бүл урлагийн даруухан нэгэн ОД билээ.
Үргэлжлэл бий...
ТӨР.МН
Сэтгэгдэл