Халхын Цэцэн хан аймгийн Ёст бээсийн хошуу нь Баглаа хээр, Зандан хүрэн, Нийгмийн хонгор гээд эрт дээр үеэс түмэнд алдаршсан хурдан хүлэг төрдөг тал хээр нутаг. Тавиад оны эхээр юм сан. Эрдэнэцагааны Чоно голын отряд татан буугдаж цэргийн агтаа худалдаж байна гэсэн сургаар Дарханхаан сумын малчин Д.Жамьян бор саарал гүү, эр бор унаганы хамт 60 төгрөгөөр худалдаж авсан байна. Хол нутгаас авсан юм гээд эр унагаар нь азарга тавьж, бага насанд нь уяж сойж сумын наадамд уралдан айрагдаж байсан гэдэг. Төд удалгүй бор азарганы хөл нь муудсанаас уяж уралдуулахаа больжээ. Харин тэр азарганы эр төл нь бүгд сумын наадамд хурдалжээ.
Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан тавиад оны сүүлчээр Дарханхаан сумын Мантайн Өлзий-Орших бөгтөр хүрэн гүүгээ “Сүхбаатарын зам” нэгдэлд нийгэмчилсэн нь нөгөөх хөл муутай улаан бор азарганд хураагдаж, жаран оны хавар эр хонгор унага гарсан байна. 1961 онд нэгдлийн адуучин Э.Дорж өөрийн адуулан маллаж байсан адуунаас хонгор даагыг барьж сумын наадамд уясан байна. Наадмын өмнөх их сунгааны өдөр цаг агаар таагүй, бороо орох гээд байсан тул хязаалан, шүдлэн, даагаа хамт сунгахад өнөөх хонгор даага хол тасархай түрүүлж иржээ. “Даага гүйцэхгүй хязааланг наадамд уралдуулаад ч яах билээ” гээд зарим уяачид их л урам муутайхан морьдоо хөтлөн буцаж байсныг өндөр настнууд хуучилдаг.
Ингэж Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор хонгор даага сумын наадамд хол тасархай түрүүлсэн байна. Дараа жил нь буюу аймаг байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадамд хонгор шүдлэн үрээ мөн л түрүүлжээ. Аймаг сумын наадамд тоосоо өргөн түрүүлж хурдан хүлэг болохоо харуулсан хонгор морь, нэгдлийн түмэн сүргээс олж уяж сойн тодруулсан уяач хоёрын алдар ч төдхөн олонд түгэн тархаж, хонгор морь Нийгмийн хонгор нэрийг нутгийн олноосоо хүртсэн гэдэг.
Нийгмийн хонгор моринд урт чих, нүх уужуу монхор хамар, хурц сэргэлэн нүд, өндөр мундаа сэрвээ, өргөн ташаа, шингэвтэр дэл сүүл, хөх мах нь онцгой товойж харагддаг гээд гадаад галбир хийцээс эхлээд нуман хэлбэртэй, үсрэлт хол, чонон давхилттай аргагүй л хурдан хүлгийн шинж бүрдсэн гэж морь шинжээчид үнэлдэг байжээ. Асгат сумын Жигжид гэдэг малчин Нийгмийн хонгорыг 3000 төгрөгөөр авъя гэхэд нь “Сүхбаатарын зам” нэгдлийн зөвлөл өгөөгүй гэсэн яриа ч байдаг.
Ардын хувьсгалын 50 жил буюу 1971 онд Нийгмийн хонгор тал нутгаасаа ус мөрөн гатлан байж улсын наадамд очиж уралдсан байна. “Сүхбаатар аймгаас алдарт Нийгмийн хонгор морь улсад уралдахаар ирж байгаа” гэсэн зар нийслэл хотоор нэг тарж, Нийгмийн хонгорыг үзэж сонирхох гэсэн хүний хөл хөдөлгөөн ч тасрахгүй байжээ. Тэр үед Сүхбаатар сумын нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Усан-Их “Олон хүн үзүүлж харуулаад бүчээд байдаггүй морь. Хөнгөн сэтгэлтэй, идсэн хоолоо амархан гөвчихдэг. Их насны морь гарах өглөө төв стадионоор Нийгмийн хонгорыг оруулсан. Тэнд хоёр цаг орчим болоход усан хулгана болтлоо хөлөрч, идсэн хоолоо бүрэн гаргачихсан. Цэргээр хамгаалуулж байж төв стадионоос гарч уралдааны замдаа орсон доо. Айдсын даваа хүртэл ганцаараа хөтөлсөн гэдэг” гэж дурссан байдаг.
Нийгмийн хонгор аймаг сумын наадамд 20 гаруй удаа түрүүлсэн амжилтыг нь өнөө хэр эвдээгүй л байна. Овоодой малгайтай жаахан эмэгтэй хүүхэд унасан Нийгмийн хонгор морины хар цагаан гэрэл зураг байдаг. Энэ зурагны эзэн нь эдүгээ нийслэл хотод амьдарч байгаа Д.Даваа юм. Тэрбээр “Миний хувьд бага насандаа хонгор морийг унаж аймаг, сумын наадамд түрүүлэн асрын өмнө торгон жолоогоо өргүүлэн цоллуулж байсан маань эргээд санахад бахархах сэтгэл төрүүлдэг. Намайг Нийгмийн хонгорын Даваа” гэж нэрлэдэг байлаа. Нийгмийн хонгорыг унаж байгаад авахуулсан гэрэл зураг маань анхны зураг байх даа. Нутгийн айл бүр нь жаазалж хоймрын авдар дээрээ тавьдаг байсан. Нийгмийн хонгорын дундаж хурдыг машины 60 миллтэй жишдэг. Гараанаас цойлж гарахгүй. Дундуур нь давхиж байгаад нэг л мэдэхэд түрүүлээд гарсан байдаг” хэмээн хуучилж байв.
Нийгмийн хонгорыг адуулж байсан эр “Нар ээж, царцаа царгисан намрын өдрүүдэд хонгор морь адуун сүргээсээ захалж салхи сөрөн толгодын орой дамжин гүйж явчих гээд байдаг боллоо. Хурдан хонгор энэ жил 28 нас хүрч байгаа. Өтөлж байгаа байх. Өвлийг мэнд давж чадаа ч билүү” гэж бодоод нэгдлийн удирдлагадаа дуулгасан байна. Сум нэгдлийн дарга нар Нийгмийн хонгор морийг мөнхлөн авч үлдэхээр шийдвэрлэж холбогдох газруудад ярьж хөөцөлджээ. Тэр намар Байгалийн түүхийн музейн ажилтан ирж, хонгор морийг тариа хийж унтуулаад, арьсыг нь хот руу авч явсан байна. Хонгор морины туурай, хавирга гээд бүхий л ясыг нутгийн малчид тэр дор нь тараагаад авчихсан гэдэг. Хавиргаар нь морины хусуур хийжээ. Төд удалгүй хонгор морины чихмэлийг нийслэл хотоос авчирч Сүхбаатар сумын Д.Сүхбаатарын музейд байрлуулсан нь хүмүүсийн хараа, сэтгэлийг булаасаар 20 гаруй жил болж байна. Музей үзсэн хүн бүхэн Нийгмийн хонгорын өмнө зургаа татуулж, магнай ташааг нь илж адис авдаг байна.
Музейн ажилтан М.Гомбосүрэн “Нийгмийн хонгорын чихмэлийг хотоос онгоцоор авчирч манай музейд байрлуулж байлаа. Өвөрмонголын алдарт морин хуурч Чибулаг тэр жил манай музейг үзээд хонгор мориныхоо сүүлнээс ганц хялгас өгөхийг гуйж авч байсан. 1969 онд юм даа. Манай аймгийн бүх сумдаас оролцсон хурдан морины уралдаан болоход аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ш.Дамбаренчин намайг дуудаж их насны морины хурдыг тогтоох үүрэг өгсний дагуу морины уралдааныг дагаж явахад Нийгмийн хонгор 28.5 км газрыг 34 минут 30 секундэд туулж түрүүлж байсан юм” гэж хуучилдаг байна.
Нийгмийн хонгорыг магтан дуулсан шүлэг, дуу олон байдаг. Тухайлбал, 70-аад оны дундуур гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Доржсүрэн
“Жанжныхаа хүлгийг удамланхан төрсөн
Ухаа хонгор зүсэмтэй юм аа хө
Жаахан шаргаа удамланхан төрсөн
Унаган хурдан давхилтай юм аа хө
Нэгдлийн сүргээс нэр нь тодорсон
Нийгэм хонгор морь минь юм аа хө
Төрийн сүлдэнд нэрээ мөнхөлсөн
Түмний эхийн гараа юм аа хө” гэсэн Г.Балгансүрэнгийн шүлгэнд ая зохиож, улсын тэргүүний уран сайханч М.Улаан дуулж олонд түмэнд хүргэж байсан билээ.
Сүхбаатар сумын төвд Нийгмийн хонгор морины хөшөө байдаг. Сумынхан наадмаараа тэр хөшөөгөө нар зөв тойрч морьдоо уралдааны замдаа гаргадаг. Чөлөөт уран бүтээлч, зураач Ё.Бадарч “Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч М.Мижир гуай адууны бэлчээрт нийгмийн хонгор морины дэргэд хоёр хоног байж уран бүтээлийн судалгаа хийж уг хөшөөг бүтээсэн гэдэг. Хурдан морины донж төрх, хэв шинжийг төгс харуулсан хөшөө юм. Баруун-Урт сумын цэцэрлэгт хүрээлэнд анх босгосон. Ерээд оны эхээр тэр хөшөөг дахин сэргээн засварлаж Сүхбаатар сумын төвд зөөвөрлөн авчирч суурилуулсан юм” гэж ярьж байв. Copy.
Нийтлэгч: Урантөгс
Сэтгэгдэл