Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэрийн дүү хар тамхины хэргээр шалгагдаж байна


-ТЭД КАННАБИС ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ-

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никел Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням болон олны танил эрхмийн дүү нарын гурван иргэнийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай бид анхлан мэдээлсэн билээ.

Сануулбал, энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркийн автомашинтай Г.Дашням нарийн гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүйгээс гадна үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 грамм орчим мансууруулах төрлийн бодис илэрлээ хэмээн мэдээлсэн.  

Тэгвэл өчигдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга дэд хурандаа Г.Давааням “Г.Дашням нарын гурван иргэн 1961 оны конвенцэд заасан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодисын жагсаалтад орсон каннабисын төрлийн ургамал хэрэглэж байсан нь тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслээс хураагдсан мансууруулах бодисыг шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлсэн байгаа. Одоогоор дүгнэлт нь гараагүй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мөн уг хэргийг өчигдөр /2019-03-20/ хар тамхитай тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн талаар албаныхан хэллээ.

-НИКЕЛЬ ГАНБААТАЙ ХАМТ БАЙСАН ЗАЛУУ Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЭХНЭР О.БАЙГАЛИЙН ДҮҮ -

Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр Г.Дашнямтай хамт зорчиж явсан олны танил эрхмийн дүү гэх иргэн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн төрсөн  дүү аж. Тэрээр гэр бүлээрээ Япон Улсад амьдарч бөгөөд саяхан ирсэн байна. Түүний нэр болон, холбогдох утас олдсон ч бид орхин нийтлэв.

Мөн хэрэг гардаг өдөр Никель Ганбаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн төрсөн  дүүгийн машинд нэг найзынх нь хамт уулзсан гэх мэдээлэл олдов. Харин дээрх гурван иргэнийг цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай явсан гэдэг нь хэргийг төөрөгдүүлэх зорилгоор мэдээлсэн байж болзошгүй байна.

Уг мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдээр цацагдсан даруйд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс ЦЕГ албан ёсны мэдээллийг авсан байдаг. Түүнчлэн хэргийн шилжүүлэлтийг удаашруулсан, шалгаж байсан байцаагчид урт хугацааны чөлөө олгосон гэх зэрэг мэдээллүүд цацагдсан нь анхаарал татаж буй юм.

Ж.Дөлгөөн

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.