Афганистанаас Зөвлөлтийн цэрэг гарах үеийн үйл явдлыг харуулсан шинэ кино ирэх сард ОХУ-д нээлтээ хийх гэж байна.
Павел Лунгиний найруулсан “Братство” уран сайхны киног Афганий дайны ахмад дайчин, тагнуулын албанд ажиллаж байсан Николай Ковалевын туулсан түүхийг үндэслэн бүтээжээ. Зөвлөлтийн Улаан армийн цэргүүдийг Афганистанаас гаргаж байх үед можахедуудын барьцаанд байгаа генералын хүүг авруулахаар хэсэг цэргийг үлдээж байгаагаар киноны үйл явдал өрнөдөг байна.
Найруулагч Лунгин уг бүтээлээ “дайны аймшигтай, харгис нүүр царайг харуулсан” гэж тодорхойлжээ. Гэтэл киног урьдчилж шүүмжлэгчдэд үзүүлсний дараа ахмад дайчид, зарим улс төрчид энэхүү бүтээлийг хориглохыг шаардаж эхэлсэн байна.
Тухайлбал Оросын парламентын дээд танхимын шинжлэх ухаан, боловсрол, соёлын байнгын хорооны дэд дарга Игорь Морозов уг киног “залуу үеийн эх оронч сэтгэлгээг устгах” сөрөг нөлөөтэй тул дэлгэцэнд гаргахыг хориглох хэрэгтэй гэж мэдэгджээ.
Кинонд Зөвлөлтийн цэргүүд энгийн афганчуудыг дээрэмдэж, архи ууж, хувийн ашиг сонирхлоо хамгаалж байгааг харуулдаг тухай тэр шүүмжилсэн байна. Морозов бас Лунгинийг түүхэн үнэнийг гуйвуулсан гэж буруутгажээ.
Хуучин Зөвлөлтийн үед цэргийн алба хааж байсан ахмад дайчдын холбооны тэргүүн Геннадий Шорохов киног мөн “бохир, бузар булай” үзэгдлийг харуулсан гэж шүүмжилжээ. Афганий дайны хэсэг ахмад дайчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд захидал бичиж, Лунгиний кино нь Оросын нэр хүндийг гутааж буй тул хориглохыг хүссэн байна.
Киноны нээлтийг тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдөр хийхээр төлөвлөсөн байгаа юм. Тэгвэл ОХУ-ын соёлын сайд Владимир Мединский нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлэхээс сэргийлж, киноны нээлтийг хойшлуулах бодолтой байгаагаа ярьжээ.
Зөвлөлт Холбоот Улс Афганистанд есөн жил дайн хийсний эцэст 1988 онд цэргээ гаргаж байсан юм. Дайнд нийт 15,000 орчим Улаан армийн цэрэг амиа алдсан гэдэг. 1989 онд тухайн үеийн Зөвлөлтийн эрх баригчид Афганистаны дайныг “улс төрийн алдаа” байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын хэсэг хууль тогтоогчид 1989 оны мэдэгдлийг албан ёсоор цуцлах хуулийн төсөл санаачилжээ. Гэвч Москвад Афганистаны энхийн хэлэлцээр болсны дараахан парламент уг хуулийг хэлэлцэхийг түдгэлзүүлээд байна.
Р.Төмөр
Сэтгэгдэл