СКОПЬЕ. /TASS/. Сөрөг хүчний “Македоны дотоод хувьсгалын байгууллага-Македоны үндэсний нэгдлийн төлөөх ардчилсан” намаас нэр дэвшигч Гордана Силяновска-Давкова ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь дэмжсэнд ард иргэдэд талархал илэрхийлээд, эрх баригч намаас нэр дэвшигч, өрсөлдөгч Стево Пендаровски сонгуульд ялж байгааг дурдсан байна.
Хойд Македоны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй анхны эмэгтэй нэр дэвшигч Гордана Силяновска-Давкова өнгөрсөн ням гарагийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгджээ.
“Ийм ховор боломж олгосон ард иргэддээ маш их талархаж байна. Надад 370 мянган хүн саналаа өгсөнд би маш их баяртай байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн сонгуульд түүний өрсөлдөгч ялж байгаа хэдий ч өөрийгөө ялагдаж байна гэж үзэхгүй байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Улсын сонгуулийн комиссын мэдээлснээр, саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар Хойд Македоны ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд “Македоны Социал демократ холбоо” намаас нэр дэвшигч Стево Пендаровски 52.02 хувийн саналаар ялалт байгуулж байна. Харин “Македоны дотоод хувьсгалын байгууллага-Македоны үндэсний нэгдлийн төлөөх ардчилсан” намаас нэр дэвшигч Гордана Силяновска-Давкова сонгогчдын 44.4 хувийн саналыг авсан байна. Санал хураалтын эцсийн дүнг өнөөдөр зарлах аж.
Сэтгэгдэл