Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн жилүүдэд БНХАУ-ын өсөлт, сэргэн мандалтыг л онцолж дан ганц амжилт гэх нэгхэн үзүүрээр дагнан бичих болсон. Үнэхээр Хятадын Засгийн газрын сүүлийн 40 жилд хэрэгжүүлсэн санах ой сайтай, нарийн төлөвлөсөн бодлого, зорилт, бодит ажлуудынх нь үр дүн энэ улсыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгосон билээ.
Америкууд XX зуунд хүүхэд нь хоолоо идэхгүй бол “тэнд олон сая Хятад хүүхдүүд хоол ундгүй өлөн зэлмэн байхад чи ингэж цамаан загнаж болохгүй” гэж сургаал айлддаг байжээ. Харин өнөөдөр тэд “олон сая Хятад хүүхэд бага наснаасаа хатуу ширүүн өрсөлдөөн, шалгууртай нийгэмд өөрийн байр суурийг олж авахын тулд өдөр шөнөгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлж байна. Гэтэл чи огт хичээлээ хийхгүй юм” гэх аж.
Харин залуусынх нь ирээдүй гэрэлтэй харагдах БНХАУ-ын одоогийн удирдагчид геополитикийн гол тоглогч байж зөвхөн дэлхийн төв, тэргүүлэх эдийн засаг болох зорилтыг тавин ажиллаж байна. Коммунист намын тавьсан дэлхийд тэргүүлэх зорилт нь биелж, бодит болох нь цаг хугацааны л асуудал. Үүнийг “Бүс ба Зам" санаачилга гэх мега төслөөр товчхон тайлбарлаж болох юм.
Гэхдээ мэдээж бусад их гүрнүүд зүгээр сууж байгаад Хятадад хамаг юмаа алдахгүй. Тэдний хувьд бүс нутагт нь Орос, Энэтхэг. Дэлхийд Америк гэх том өрсөлдөгчид бий. Зарим нэр хүнд бүхий олон улсын шинжээчид АНУ өөрийн байр сууриа алдахгүйн тулд эдийн засгийн дайн хийх замаар Си Зиньпиний тэргүүн зорилт болон хэт хурдтай өсөж буй Хятадын эдийн засагт саад хийж, удаашруулснаар өөрсдөдөө ашигтайгаар цаг хожиж байна гэж дүгнэдэг.
Харин Хятадын хувьд хамгийн том өрсөлдөгч нь дотоодод нь буй. Товчхон тайлбарлавал тэдний хувьд дэлхийн төв болох зорилтод нь саад болох ганц зүйл нь БНХАУ-ын задрал юм. Өөрөөр хэлбэл Тайвань, Хонг Конг, Макао, Өвөр Монгол, Төвд, Шиньжан Уйгарыг Дундад улсаас салан тусгаарлана гэсэн үг. Хятад гэх их далайгаас гарч өөр нэг жижиг гол болон дэлхий гэх том далайд цутгах хүсэл эдгээрийн бүгдэд бий. Үүнийгээ ч ил, далд хэлбэрээр өмнө нь олон удаа илэрхийлж байсан. Эдний дунд Төвд, Шиньжан Уйгар, Хонг Конг болон Тайваньчууд хамгийн ихээр тусгаар тогтох эрмэлзэлтэй байж, үе үе бослого гарган, эсэргүүцлээ илэрхийлдэг.
Мэдээж хамгийн энгийнээр бодоход эдгээр жижиг үндэстэн, ястнууд дор бүрнээ дур зоргоороо авирлах нь Хятадын дэлхийг эрхшээх төлөвлөгөөнд харагдах байдлын хувьд ч муугаар нөлөөлнө. Тиймээс ч хүсэл эрмэлзэлтэй нэгнийг нь мохоож, сөрж боссон нэгнийг нь өөр бусдад нь сургамж болгон хатуу шийтгэсээр ирсэн.
Гэтэл сүүлийн үед Хятадын дотоод тэмцэл эрс идэвхжиж байна уу гэмээр үйл явдлууд ар араасаа гарах боллоо. Хамгийн сүүлийн жишээнүүдийг дурдахад дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Дундад улсаас ч дутахгүй Хонг Конгод Хятадын Коммунист намын эсрэг Ардчиллын төлөөх тэмцлүүд ээлж дараалан идэвхжих болсон юм. Ардчилсан хувьсгалын тэргүүн нь хүртэл өнгөрсөн долоо хоногт АНУ-д зочилж албаны хүмүүстэй уулзалт хийсэн билээ. Энэ үеэр Төрийн нарын бичгийн дарга Майк Помпео тэдэнд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан юм. Мөн өнгөрөгч долоо хоногт Тайваньчууд ижил хүйстний гэрлэлтийг хуулиар баталсан явдлыг Хятадын Коммунист намын үйл ажиллагаа, бодлогыг өдөөн хатгаж, эсэргүүцсэн үйлдэл гэж олон улсын улс төрийн тоймчид онцолсон юм. Хятадууд ч өөрсдөө Шиньжан Уйгар болон Төвдийн асуудлаар барууны ертөнцөд шүүмжлүүлэх болсон.
БНХАУ-ын эдгээр асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг ихэд чармайж буй. Сүүлийн жилүүдэд Хонг Конг, Тайвань, Макаог олон улсын тавцанд албан ёсоор Хятадын нэг хэсэг гэж хэлүүлэх бүх арга замыг эрэлхийлэх болсон юм. Харин бүүр болохгүй бол хүчээр асуудалд хандахын жишээг Төвд, Шиньжан Уйгараас харж болно.
Бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх аваас үнэхээр эдгээр үндэстнүүд Хятадаас тусгаар тогтнох тухай асуудал нь ямар ч эрүүл ухаантай хүний ой санаанд багтамгүй холын зүйл юм. Гэвч дээр дурдсан Хятадын гадаад өрсөлдөгчид болох бусад их гүрнүүд Хятадыг дотроос нь хагалах ажилд идэвхийлэн оролцож байх талтайг мэргэжилтнүүд онцолж байна.
О.Мөнхбат
Эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэл