Хар тамхи тээвэрлэсэн дипломатын нэрийг хэлэх боломжгүй гэв


Тавдугаар сарын 3-нд Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр " Хэрэгт Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа бөгөөд хэргийг эцэслээгүй тул нэрийг нь хэлэх боломжгүй. ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа.

Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй.  Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн мэдээллийг гадаадад байгаа 43 Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан авч, ар гэрийнхэн болон холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэг. Зөвхөн энэ хэрэгт биш, өөр бусад улсад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн мэдээллийг Гадаад харилцааны яам авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Ар гэрийнхэн болон хувь хүнийг нууцыг хамгаалах үүднээс мэдээлдэггүй. Хоёрт, тухайн  асуудал нь бүрэн шийдэгдээгүй хянан шалгах шалгах ажил явагдаж, эцэслэгдээгүй байхад хэргийн талаарх мэдээллийг өгдөггүй.

Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Станбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн. Консулаар нэг жил ажиллаж байгаа хүн юм. Өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ асуудлыг тухайн суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдэрлэнэ. Ямар шалтгаанаар Германы хот руу явсан, энэ хэрэгт холбоотой байж болзошгүй  бусад монгол иргэн байгаа эсэх асуудлыг ТЕГ-тай хамтран шалгаж байна. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой хэрэг. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө Гадаад харилцааны яам ажиллаж байна" гэлээ.

Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героин төрлийнх бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий эд байжээ. 

Эх сурвалж: eagle.mn

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.