Хан-Уул дүүргийн X хороонд буюу “Буянт-Ухаа-II” хорооллын 972 айлын орон сууц ашиглалтад орсон билээ. Үүнтэй холбогдуулан түрээслэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Гэтэл орон сууцыг хэрхэн яаж, ямар журмаар иргэдэд түрээслэх нь тодорхойгүй байна. Тус орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөх-цөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлэхээр болсон.
Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа II” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Иймд 972 айлын орон сууцыг хэрхэн түрээслэх асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийднэ гэсэн үг.
Хамгийн гол нь түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд тогтвортой түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасныг иргэд олзуурхаж байгаа юм. Гэвч иргэдийн дунд хэзээнээс түрээсийн орон сууцанд орох вэ гэх хүлээлт үүсчихээд байна.
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ХЭНД, ХЭРХЭН ОЛГОХ ЖУРАМ ХАРААХАН ГАРААГҮЙ БАЙГАА ГЭВ
Учир нь Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн Нийслэлийн орон сууцны корпорацийн үйлчилгээний цонхон дээр оочирлосон хүмүүсийн тоо 300 хүрсэн байх юм. Иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Түрээсийн орон сууцыг их дэмжиж байгаа. Залуучуудын ихэнх нь хувь хүмүүсийн түрээсийн байранд амьдарч байна. Хотод шаваад байдаг. Уг нь зайдуу газар орон сууц баривал агаар нь хэрэгтэй санагддаг.
Гэтэл энэ орон сууцны асуудлаа сунжруулаад хэзээ яаж олгох нь мэдэгдэхгүй чулуу хөөлгөөд байх шаардлага байна уу. Үнэхээр ард иргэдийнхээ амьдралын нөхцөлийг харж үзээд ийм боломж бололцоог олгоод байртай болгоё гэж зорьсон бол ажил хэргийг сунжруулах хэрэггүй. Хурдхан нэг шийдэлд хүрэх хэрэгтэй. Ямар журмаар яаж бүртгэх нь тодорхойгүй гэж байна” хэмээн ярилаа.
Бид уг асуудлын мөрөөр холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, “Одоогоор нийслэлийн өмч харилцааны газарт шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. НОСК руу түрээсийн орон сууцийг хараахан шилжүүлээгүй байна. Мөн ИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэж журмыг батална. Тэгэхээр эдгээр ажлууд хийгдээгүй байгаа. Хэзээ хурлаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй.
Ямартай ч баяр наадмаас өмнө иргэдийг шинэ байранд оруулна гэдгийг Нийслэлийн орон сууцны корпорацийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн н.Ууганбаяр хэлсэн юм. Мөн иргэдийн дунд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулах юм байна.
Түрээсийн орон сууцны нэг м2-ыг нэг сая 460 мянган төгрөгөөр үнэлэх аж. Ийн “Буянт ухаа II” хорооллын 972 байр ашиглалтад ороод нэлээдгүй хугацааг үдлээ. Харин одоо эзэнтэй болгох асуудлаа нэн даруй хэлэлцээд иргэдийн сэтгэлийг амраагаач.
Сэтгэгдэл