Эрх чөлөө нь хувь хүн өөрийгөө мэднэ, хариуцна гэсэн зарчимд суурилсан байдаг. Хэрэв та өөрийнхөө амьдралыг мэдэж шийдэхгүй бол хэн нэгнийг таны өмнөөс шийдвэр гаргахыг зөвшөөрч буй хэрэг. Эрх чөлөөний бүрэлдэхүүн хэсэг болох эдийн засгийн болон улс төрийн эрх чөлөөг авч үзье.
Эдүгээ олон хүн хувь хүний эрх чөлөө бол улс төрийн асуудал, харин баян, ядуу амьдрах нь эдийн засгийн асуудал гэж үзэж байна. Гэтэл энэ хоёр эрх чөлөө тусдаа зүйл огт биш, харин ч харилцан хамааралтай аж. Энэ хамаарлыг дахин нэг харж, хэлэлцэх шаардлага Монголын нийгэмд үүсээд байна. Бид өмнөх замаа тод харах үүрэгтэй.
Эдийн засгийн эрх чөлөө нь улс төрийн эрх чөлөө бий болоход шаардлагатай боловч хангалттай нөхцөл биш юм. Жишээ нь, Хонконг, эсвэл Сингапурыг дурдаж болно. Харин улс төрийн эрх чөлөө нь эдийн засгийн эрх чөлөөг бий болоход шаардлагатай ч биш, хангалттай ч биш аж. Жишээ нь, хуучин колони байсан ихэнх орны иргэд нь улс төрийн эрх чөлөөтэй, сонгууль болдог ч, аль нэг дарангуйлагчийг бүгд сонгодог ч, эдийн засгийн эрх чөлөө бий болохгүй олон жил ядуу амьдарсаар л байна. Гэсэн хэдий ч улс төрийн эрх чөлөө буюу ардчилал нь эдийн засгийн эрх чөлөөтэй хосолж чадвал улс орныг цэцэглэн хөгжүүлэх дөт зам болдог. Нобелийн шагналт, эдийн засагч Амартиа Сений хэлснээр ардчилсан улс өлсгөлөн байгаагүй гэнэ.
Монголчууд эдийн засгийн эрх чөлөө, зах зээлийн зохицуулалтын замаас ухарч буцалгүй, бэрхшээл сорилтыг даван туулж урагшлах болно
Монгол Улс 1990 онд анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулж, улс төрийн эрх чөлөөний замд орсны 25 жилийн ойгоо бид энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Харин эдийн засгийн эрх чөлөө нь хаана, ямархуу явна вэ?
ЭДИЙН ЗАСГААСАА ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Улс төрийн намууд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд тус тусын онол, үзэл баримтлал, үнэт зүйлсийг хоорондоо өрсөлдүүлэн, иргэдийн чөлөөт сонголтоор хамгийн их санал авсан нь төр засгийн эрхийг барих боллоо. Монгол Улс Үндсэн хуулиараа баталгаажуулсан (de-jure) улс төрийн ардчилсан тогтолцоотой болж иргэд бид сонгох, сонгогдох эрхтэй, иргэний эрх чөлөөт байдалтай (civic liberty), үгээ хэлэх эрх чөлөөгөө (de facto) олж авсан юм. Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” болохыг тусгайлан зааж улс төрийн эрх чөлөөг баталгаажуулжээ.
Харин эдийн засгийн эрх чөлөөний тухайд Үндсэн хуульдаа "Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэсэн байна. Мөн төр нь "нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах” болов. Түгээмэл хандлага гэдгийг тодорхойлоогүй боловч энэ нь зах зээлийн эдийн засаг гэж ойлгож, ярьж ирлээ. Хувийн хэвшлийг бий болгон хөгжүүлэх, батжин бэхжүүлэхийг зорьж, төрийн өмчит тодорхой үйлдвэр, аж ахуйн газруудыг хувьчилж байснаас үүнийг харж байна.
Олон сая хүний эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах хоёрхон арга бий. Нэг нь хүчээр, нөгөөх нь зах зээлд суурилсан сайн дурын солилцооны замаар. Монгол Улс зах зээлийн гэх замыг сонгосон гэж байгаа ч төрийн буюу хүчний зохицуулалт нь багасахгүй, заримдаа бүр нэмэгдэх боллоо.
Тухайн оронд аль зохицуулалт нь их байна, тэр нь эдийн засагтаа буюу хувь хүний орлогод хэрхэн нөлөөлж буйг хэмждэг олон аргачлал бий. Түүний нэг нь дэлхийн бараг бүх улсын эдийн засгийн эрх чөлөөт байдлыг хэмждэг "The Wall Street Journal” ба "Heritage Foundation”-aac гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний тайлан юм.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө Монгол Улс 2014 онд дэлхийн 118 орноос 97 дугаарт орсон бөгөөд өмнөх оноосоо 2.8 пунктээр ухарсан гэдгийг дээрх тайланд Энэ тайлан нь улс нэг хүнд ногдох орлого нь хөгжлийн бодлого, институц, орчноос хэрхэн хамаарч буйг хэмжин эрэмбэлдэг. Дэлхий даяар орон бүрийн нэг хүнд ногдох орлогын бараг 80 хувь нь төр засгийнх нь бодлого, институцийн үйл ажиллагаанаас хамаардаг болохыг хорин жилийн турш гаргасан энэ тайлан нотолж байна. Ялангуяа өмчийн эрх, засаг төрийн зохицуулалт, далд эдийн засгийн түвшин нь эдийн засгийн эрх чөлөөг өсөх ба буурахад хамгийн их нөлөөтэй аж.
Орлого, хадгаламж, худалдан авалт хэлбэрээр өмч хөрөнгө хуримтлуулах хүсэл, чадвар бол зах зээлийн эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Хувь хүн ажиллах, хадгалах, хөрөнгө оруулалт хийх, компанийн хувьд үйл ажиллагаагаа явуулах, өргөтгөхийн тулд өөрийнхөө хөрөнгийн эзэн нь байна, өөр хэн ч түүний хөрөнгөнд халдахгүй гэсэн мэддэг, үнэмшил хамгийн чухал байдаг.
Манай улс өмчийн хамгаалалтаар хамгийн дээд тал нь 100 байхаас 30 оноо авч 70 дугаар байранд оржээ. Хамгийн өндөр оноо авч (90) Хонг Конг, Сингапур, Австрали, Швейцарь, Шинэ Зеланд, Канад, Чили зэрэг улс бусдыгаа тэргүүлсэн байна. Нэг үгээр хэлбэл, эдгээр улстай харьцуулахад Монголд хөрөнгийн хамгаалалт, баталгаа гурав дахин бага гэсэн үг.
Хөгжиж буй орнуудад хувь хүн хөрөнгө, хашаа байшин, малтай боловч эрхийг нь төрөөс гэрчилж баталгаажуулаагүй учраас эдийн засгийн эргэлтэд ордоггүй нь үүний хамгийн тод жишээ юм.
Төр засгийн зохицуулалт хүний амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах үндсэн үүргээсээ халиад бизнест өөрөө оролцох, элдэв хязгаарлалт хийх, өрсөлдөөний ялгаатай нөхцөлүүд бий болгосноор авлигыг өөгшүүлсээр байна. Монгол Улс авлигын түвшнээр 116 дугаар байр эзэлж буй нь онцгой анхаарал татаж байгаа юм.
Монгол Улсын далд эдийн засаг буюу эдийн засгийн албан бүтцэд ордоггүй, бүртгэлгүй, татвар төлдөггүй хэсэг нь бараг албан хэсэгтэйгээ тэнцэх боллоо. Хувь хүний орлого 10, аж ахуйн нэгжийн татварын дээд түвшин 25, НӨАТ болон тусгай татваруудыг тооцоход татварын ачаалал нь үндэсний нийт орлогын 33 хувь, Засгийн газрын гадаад өр нь эдүгээ эдийн засгийн талаас хэтрээд байгаа учир далд эдийн засгийг бууруулж чадахгүй байна.
Улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг автоматаар авчирдаггүй аж
Хөдөлмөрийн зах зээлийн өгөөж муу, ажилгүйдэл болон ажилгүй иргэдийн тоо буурахгүй байгаа нь энэхүү далд эдийн засагтай холбоотой. Манай улсын далд эдийн засгийн бас нэг онцлог үзүүлэлт бол ашигт малтмал хувиараа олборлогчид (нинжа) юм. Монгол 100 шахам мянган нинжатай. Ажиллах хүчний 10 хувь нь гадаадад ажиллаж байна.
Улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг автоматаар авчирдаггүй аж. Харин эдийн засгийн эрх чөлөө нь нэмэгдэж, эдийн засгаа цэцэглэн хөгжүүлж, иргэдийн амьдралын түвшин дээшилж, тэд чинээлэг боловсролтой болох тусмаа бодит, ардчилсан, өөрчлөлт шинэчлэлийг шаарддаг юм. Иймээс монголчуудын өмнө улс төрийн эрх чөлөөгөө нэмэгдүүлэх асар их ажил байна. Одоохондоо улс төрийн эрх чөлөөг овжин ашиглаж чадсан, улс төрийн нам нэртэй цөөхөн бүлэг "улстөрчид” Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөг мэддэгтэйгээр болон мэдэхгүйгээр хязгаарлан, өөрсдөдөө давуу талыг бүрдүүлсээр ирэв.
Гэвч монголчууд эдийн засгийн эрх чөлөө, зах зээлийн зохицуулалтын замаас ухарч буцалгүй, бэрхшээл сорилтыг даван туулж урагшлах болно. Учир нь улс төрийн эрх чөлөө эргэлт буцалтгүй тогтон бэхэжсэн, хүн амын хагас нь гучаас доош насны залуучууд учир Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө бүрэн төгс бүрдэж, монголчууд эх орондоо эрчимтэй хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэн эд хөрөнгөтэй, элбэг хангалуун амьдрах цаг удахгүй ирнэ гэж найдаж байна.
Эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө шигээ мандан бадрах болтугай.
Сэтгэгдэл