Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ


Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ.

Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог зохицуулалттай.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн тооцооны хуудас, өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрх бүхий даатгуулагчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг гаргажээ. Энэ жилийн тухайд 12,449 даатгуулагчид 3.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандах бөгөөд ингэхдээ баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, илүү төлсөн шимтгэлийн тооцооллыг хийсний дараа банкан дахь харилцах данс руу нь шилжүүлэх юм байна.

Эх сурвалж: НДЕГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.