ОХУ-ын Засгийн газрыг шүүмжлэгч Алексей Навальныйд том хэмжээний жагсаал хийхийг уриалсан хэргээр 30 хоногийн хугацаатай хорих шийтгэл оноожээ.
А.Навальный инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээр, түүнийг лхагва гарагт Москва хот дахь гэрээсээ гүйхээр гарахад нь цагдаа нар баривчилсан байна.
Эрх баригчдын зүгээс энэ талаар тайлбар хийгээгүй боловч Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш твиттер хуудсаараа дамжуулан мэдээлснээр, А.Навальныйг зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад уриалсан хэрэгт холбогдуулан 30 хоног хорихоор болжээ. Ирэх есдүгээр сард болох орон нутгийн сонгуульд сөрөг хүчний, бие даан нэр дэвшигчдийн тоог хязгаарлах шийдвэрийг эсэргүүцэгчид сүүлийн хэдэн долоо хонгийн турш ОХУ-ын нийслэл хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Навальный ирэх бямба гарагт хотын захиргааны төв байрны өмнө үүнээс ч илүү том жагсаал хийхийг уриалсан байна.
Т.Есүхэйтөмөр
Сэтгэгдэл