"Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна"


Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж буй Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д 7 хаустай гэх мэдээлэл аль 2014 онд цацагдаж байв. 

Тэгвэл С.Баярыг 7 биш 10 хаустай байсан, түүнийг нь илрүүлсэн гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, “АНУ, Монголын хооронд эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймдээ ч хуулийн байгууллагууд төдийлөн харилцдаггүй байсан. Саяхан ажлаа өгсөн дарга нар нь ч гэсэн өгсөн харилцах хүсэл зориг байгаагүй байх. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна.

Дээрээс нь дэлхийн 140 гаруй орон гарын үсэг зурсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенци гэж байдаг. Түүний дагуу авлигалын замаар олсон эд хөрөнгийг буцааж өгөх, авлигалын мөнгөний урсгалыг хянах гэсэн хэд хэдэн чиглэлээр улс орнууд хамтран ажиллах заалтууд бий. Тэрхүү конвенцид гарын үсэг зурсан орнууд эрхзүйн харилцан тусламжийн гэрээтэй эсэхээсээ үл хамаараад бие биедээ туслах үүрэгтэй юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай буцах өдөрөө уулзаж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг танилцуулсан. Хоёр улсын Ерөнхий прокурорыг уулзуулж, хамтын ажиллагааг нь эхлүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгч Баттулгын зүгээс авилгатай тэмцэх, офшор болон гадаадад нуусан хөрөнгийг буцаан авчрах тал дээр биечлэн анхаарч байгаагийн илрэл юм. Энэ сувагаа нээснээр НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу бие биедээ туслан ажиллах юм. Тухайлбал, АНУ-ийн ямар нэгэн авлигач манай дээр ирээд байшин авчихсан байвал бид түүнийх нь байршлыг тогтоож өгөөд, тэдний шүүхийн шийдвэрээр байшинг нь хурааж аваад мөнгийг нь АНУ-руу шилжүүлэх үүрэгтэй. Түүнийг хариуцдаг газар нь манай Улсын ерөнхий прокурорын газар. 

Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна. 10 биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээнийдараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллароор байшин худалдаж авах болсон.

Яг ийм тохиолдолд ажилладаг энэ НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу улсууд бие биедээ туслах үүрэгтэй байдаг. Уулзалт дээр мэдээж тодорхой хэрэг дээр ярихгүй шүү дээ. Хоёр улсын прокурорын байгууллагууд яаж хамтран ажиллах уу, хэрхэн шуурхай мэдээлэл солилцох вэ гэдэгээ ярилцана. Тодорхой стандарт бий. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ийн тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлэл өгнө. Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан" хэмээн ярьжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.