-Элчин сайд Р.Болд хар тамхи зөөж байгаад баригдсан дипломатчдын гэр бүлийг Туркээс хөөсөн үү-
Хар тамхи зөөж байгаад баригдсан дипломатчдыг Германд шүүгдэх хугацаанд ТЕГ ар гэрийнхнийг нь хамгаалалтад авах ёстойг зарим эх сурвалж анхааруулах болов. Учир нь Германд хоёр тусдаа шоронд хоригдож буй тэд үнэнийг өчихөөс өөр гарцгүй. Европын холбооноос Туркийг онцгой анхааралдаа авсан боловч тус бүлэглэлийн зарим гишүүн Германд ч, Монголд ч, дэлхийн хаана ч байж болзошгүй тул Монголын дипломатчдыг шүүхэд мэдүүлгээ өгмөгц ар гэрийнхэнд нь аюул учруулж болзошгүй гэж тэд тайлбарлаж байна. Монголын тагнуул иргэнээ, иргэнийхээ ар гэрийг болзошгүй аюулаас хамаалах үүрэгтэй. Тухайн иргэн юу хийсэн, хэн байхаас үл шалтгаалаад шүү.
Хамгийн ноцтой нь Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд хар тамхи наймаалцсан хэрэгт хяналт тавих байтугай эл хэргийн дараа гэр бүлийнхнийг нь Туркийн газар нутгаас “хөөсөн” байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон ч Монгол Улсын иргэд шүү дээ, ГХЯ-ныхаан! Элчин сайдын “санаачилгаар”, ГХЯ-ныханд “хөөгдсөн” тэр гэр бүл хар тамхины бүлэглэлийнхний гарт амиа алдсан бол Р.Болд хариуцах уу. Тагнуулын ерөнхий газрын дарга ийм эрсдлийг тооцож мэдэхгүй гэж үү?
Тогтоолоо мартаагүй бол хэрэгжилтээ тайлагнана уу!
Монголын төр цаашид дипломат албаныхан тамхи, хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, зөөж байгаад баригдсан дипломат албаа хэрхэн цэгцлэх вэ? УИХ-ын Аюулгүй бодлого, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонссон. Энэ мэдээлэлд төрийн нууцад хамаарах асуудал болон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастайгаар УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хаалттай горимоор явуулсан байдаг. Харин “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлахдаа нээлттэй хэлэлцсэн. Уг тогтоолоор Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсөн байна.
Үүнээс зургаан хоногийн дараа буюу 2019 оны зургадугаар сарын 18-нд тус байнгын хороо дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулах асуудлыг хэлэлцэхдээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцуулсан билээ. Холбогдох шалгалтуудыг Европын зарим орноор хийж эхэлсэн. Үр дүн бодвол нууцын зэрэглэлтэй байх. Гэхдээ үүнээс чухал асуудал бол хар тамхины хэргээр хоригдож буй иргэдийнхээ ар гэрийнхний аюулгүй байдалд онцгой анхаарах явдал. Гэмт бүлэглэлийн хэр хэмжээний орлогыг таслан зогсоож, тэднийг илчилснээр ямархан том ял шийтгэл хүлээж буйг төсөөлвөөс дэлхий даяар хэрсэн хар тамхины бүлэглэлийнхэн үнэн зөв мэдүүлэг өгсөн тэр хүмүүсийг зүгээр орхино гэж үү.
МАН дипломатуудын томилгоонд гар дүрсээр байх уу?
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хариуцлага алдсан дипломат ажилтнуудыг эгүүлэн татаж ажлаас халсан. Нэр бүхий 69 хүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэснээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Хэнийг, хэрхэн эгүүлэн татсан, яаж хариуцлага тооцсоноо олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна. Үүгээрээ Гадаад харилцааны яам үндсэн үүргээ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолыг биелүүлж байгаа хэрэг төдийгүй хууль журмын дагуу үүргээ биелүүлэн ажиллаж буй бусдад нь сургамж болох учиртай. Уг нь Д.Цогтбаатар сайд “Гадаад харилцааны яамнаас томилоогүй хүмүүс нэр хүнд гутааж байна” гэхийн сацуу хэн, ямар шугамаар, яаж томилоод байдгийг зарлачихаад өөрт ногдох хариуцлагаа бүрэн хүлээсэн нь дээр юмсан. Тагнуулын байгууллага, Худалдааны төлөөлөгч гэх зэрэг өөр байгууллагаас цалин хөлсөө даалгаад, “зөвшилцсөн” гэх нэрийн дор ГХЯ-аас дипломат паспортоо авсан нь хэд юм бэ, алийг нь ГХЯ-ных гэж үздэг вэ. Яагаад Ховдын Засаг дарга асан Д.Галсандондогийг ОХУ-ын ЭСЯ-нд зөвлөхөөр, мисс Ё.Нямжавыг Шанхай дахь Ерөнхий консулаар, одоо Германд хоригдож байгаа, ОХУ-ын Улаан-Үд дэх Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч асан Т.Мөнхбатыг МАН-аас томилсон гэдэг юм бэ гэх зэрэг ойлгомжгүй бүхнийг тодорхой болгож, хэрэв албан бичиг явуулж гаднаас “тусламж” аваад ашигладаг автомашин, албан паспортыг тоолчихсон бол одоо зарлачихаж болохгүй юу.
Нэг жишээ болгож 2005 оны аудитын дүгнэлтийг сөхөж харахад жилийн эцэст дипломат албан паспорт 3640, албан паспорт 7040 ширхэгийн үлдэгдэлтэй гарсан байна. Үүнийгээ гурван жилийн нөөц гэж тайлбарласан боловч 2006 онд онд нь дипломат паспорт 2000 ширхэг, албан паспорт 10 000 ширхэгийг төсөвт тусгахгүйгээр, Засгийн газрын шийдвэргүйгээр 27 мянган еврогоор захиалж хийлгэжээ. Аудитын дарга, Ерөнхий аудитороор алдарт З.Жавзмаа гуай ажиллаж байх үед илрүүлж байсан яг энэ үеэс л дипломат болон албан паспортын үнэ цэн алдагдаж тамхины наймаа элбэгшсэн нь хожмоо хар тамхины наймаачид төрүүлтлээ даамжраад байна.
Дараагийн чухал ажил нь гадаадын улс орнуудад манай улсыг төлөөлж суугаа Элчин сайд, дипломатчид дунд хэзээ нэгэн цагт албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль бус үйлдэл гаргасан, ялангуяа тамхи, хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, тээвэрлэхэд оролцсон, худалдсан түүхтэй бол нэн яаралтай эгүүлэн татах ёстой. Хууль бус үйлдэл гэдэгт албан үүрэг гүйцэтгэж байхдаа гаргасан том жижиг бүх алдаа орно.
Д.Цогтбаатар сайд аа! Цэвэрлэгээгээ гүйцэд хийгээрэй гэж гуйя!
Одоогоор Элчин сайдаар томилогдсон болох томилогдохоор хүлээж байгаа хүмүүс дотор ийм “түүхтэй” хүн цөөнгүй байна. Жишээ нь Кубад суух Элчин сайдад Ж.Сэрээжавын Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байхдаа айлчлалын бүрэлдэхүүний тооцоо хийхдээ валютын ханшаас зөрүүг завшиж санхүүгийн зөрчил гаргаж байсан. Яг ийм зөрчил Италид суух Элчин сайдаар томилогдох гэж буй Х.Мандахцэцэгээс, Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрөөс гарч байсан. Яагаад шударга ажиллаж чаддаггүй ийм “өлөн” сэтгэлгээтэй хүмүүсийг дахиад томилж байгаа юм бэ? Монгол Улсын нүүр царай ийм өлөв доловхийсэн ялихгүй шуналаар илэрхийлэгдэх үү?
Унгарт суух Элчин сайдаар Б.Баярсайхан албан үүргээ хэрхэн хашив. Хяналт шалгалтын ажлаа сайн хийсэн болохоор хамаатан гэгдэх Б.Баттүшиг хар тамхи зөөж байгаад баригдав уу? Турк дэх Элчин сайд Р.Болд энэ талаар ч, мөн бараг “хамар дор” нь Монголын Засгийн газрын өмнөөс хуурамч баталгаа гаргасан гэмт хэрэг үйлдэгдэхэд ч таг дуугүй өнгөрүүлэв. Тус улсад Ерөнхий консул асантай олон нийтийн мэдээллийн сүлжээ буюу твийтрээр хаяглаж асуухад “эрх мэдлээ тултал ажиллаж гэмт хэргийг үйлдэгдэхээс таслан зогсоосон” гэсэн тайлбар өгсөн билээ. Гэвч Тагнуулын ерөнхий газрын дарга асан, ноён Элчин сайд Монголын хууль хяналтын байгууллагад хандах зэргээр шаардагдах арга хэмжээг авсангүй. Ийм Элчин сайдыг сайн ажиллаж байна гэх үү.
БНСУ-д суух Элчин сайдаар томилох гэж байсан С.Эрдэнэ Австрид суух Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа хууль бусаар тамхи зөөсөн хэргээр саатуулагдаж байсан. Түүнийг Хонконгод Ерөнхий консулаар дахин томилсон ч саяын дуулианы дараа эгүүлэн татсан.
Франц дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр асан Б.Санжмятав хууль бус тамхины наймаа хийсэн хэргээр Польш улсад шалгагдаж байсан түүхтэй ч эдүгээ мөн л Элчингээр томилогдохоор МАН-ын цагаан байранд горьдлого тээн хүлээсээр байна. Түүнийг дахин томилж болох уу?
Эх сурвалжийн мэдээлснээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмнө нь төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа энэ салбарыг цэгцлэх, зөрчил гаргасан дипломат ажилтнуудад хариуцлага тооцоход анхаарч ажилласан боловч эргээд сайдаар ирэхэд нь буцаад “байр байрандаа” дахин томилогдсон байсан аж. Мөн энэ удаад ч зоригтой алхмуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэ журмын дагуу 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспортыг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон. Одоо дипломат болон албан паспортын будилаан хэрхэн цэгцрэх нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ сонор сэрэмж, хяналт шалгалтаас маш их хамаарна.
ОХУ-ын Улаан-Үд хотод худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Мөнхбат, мөн иргэн Э.Оргил нар Чех улсаас ХБНГУ руу зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн хэмжээ бүхий эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж байгаад баригдан хоригдсоны дараахан буюу энэ оны 1 дүгээр сарын 15-нд ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяр Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэд 08/248 тоот хамтран ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Одоо Д.Цогтбаатар сайдыг улс төрийн томилгоо, шахаагаар томилсон болон албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хууль зөрчсөн хүмүүсийг зоригтой халж дипломат албаны нэр хүндийг тэднээс хамгаалах том үүрэг хүлээж байна.
У.Оргилмаа
Эх сурвалж: baabar.mn
Сэтгэгдэл