Ази тив болон АНУ-д шувууны тоо толгой аюултай хэмжээнд хүрснийг судалгаа харуулжээ. 1970 оны судалгааны дүнтэй харьцуулбал Хойд Америкт шувууны тоо толгой 29 хувиар буюу гурван тэрбумаар буурчээ. Хоёр дахь судалгаа Азид алтан гургалдайн хямрал болж буйг анхааруулсан байна. Индонезийн Ява арал дээр ихэнх шувууд байгаль дээр бус, торонд амьдарч буй аж.
Шувууд олон тоогоор үгүй болж буй нь хүний үйл ажиллагааны хүчин зүйлсээс болж шувуудын амьдрах орчин хумигдсантай холбоотой гэж Science and Biological Conservation сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгааг явуулсан эрдэмтэд үзэж байна.
Азийн зарим бүс нутагт, ялангуяа Индонезийн Ява аралд алтан гургалдайны худалдаа томоохон бизнес болоод байна. Судалгаанаас үзвэл, тус арал дээр 75 орчим сая шувуу торонд амьдарч байна. Ихэнх нь алтан гургалдайг 40 мянган фунт стерлингийн шагналын сантай “Кикая маниа” алтан гургалдайны уралдаанд оролцуулах гэж энэ төрлийн шувууг тэжээдэг байна. Шувууны худалдаа Индонезийн эдийн засагт олон арван сая ам.доллар оруулдаг бөгөөд 200 гаруй төрлийн шувуу тус улсын зах зээл дээр борлуулагдаж байна.
Манчестер их сургуулийн профессор Стюарт Марсден энэ нөхцөл байдал сайн талтай гэж үзэж байна. Индонезид олон тооны шувууг тэжээдэг нь эсрэгээр хамгаалж байна гэж харж болно гэж тэрбээр онцолжээ. Түүний “ер бусын өөдрөг” санааг зарим эрдэмтэд мөн дэмжжээ. Нугасны анчид анх АНУ, Канадад нугасны тоо толгой ихээхэн багсаж буйг анзаарч, олон нийтийн анхаарлыг хандуулсан түүх байдаг. Үүний үр дүнд нугасны амьдрах орчин болсон ус, нуурыг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэхэд олон сая ам.доллар зарцуулж, энэ шувууг хамгаалж чадсан сайн туршлага байдаг аж.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл