Сайжруулсан түлшний угаарын хийд дахин 17 өрхийн 34 иргэн хордлоо. Энэ сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийд хордсон гэх шинж тэмдэгтэй 70 гаруй хүн Хордлогын яаралтай тусламжийн төвд хандсан байдаг. Мөн таван хүн нас барсан юм. Энэ явдал удаа дараа давтагдаж улмаар нас барсан иргэдийн тоо долоо болж өссөн. Тэгвэл өчигдрийн байдлаар хордсон иргэдийн тоо 100 даваад байна. Энэ тоо маргааш хэдээр нэмэгдэхийг мэдэхгүй айдас, түгшүүрт нийслэлчүүд тэр чигтээ автаад байна.
Хүйтний ам хаяанд ирж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглоод буй энэ үед иргэд сайжруулсан түлш хэрэглэхээс өөр аргагүй. Гэтэл сайжруулсан түлшний угаарын хийд хордлоо гэх дуудлага, мэдээлэл өдөр бүр гарч, нийгмийг цочроож буй. Түүнчлэн иргэд шахмал түлш хэрэглэхээс эмээж, болих тухай ярих болов. Уг түлшний угаарын хийд хордсон иргэдийн ар гэрийнхнээс бодит байдлын талаар мөн хэрэглэгчдээс зарим зүйлийг тодруулахаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийг зорилоо.
Эмч, сувилагч нар хэвтэн эмчлүүлэгчдийн нэг өрөөнөөс нөгөө рүү нааш цааш гүйх нь байдал сайнгүй байгааг илтгэх шиг болов. Дотогш ороход углааш хэрэгтэй учир нэгдүгээр давхарт байрлах эмийн сан руу явлаа.
Надтай зэрэгцэн 40 орчим насны эмэгтэй, 20 гаруй насны эрэгтэй углааш аван хоёрдугаар давхар руу яарцгаасан юм. Тэд угаарын хийд хордсон садан төрлийн хоёр хүнээ сахихаар ирж буй нь энэ аж. Хоёрдугаар давхарт гарахад хордсон иргэдийн төрсөн ах нь хэвтэн эмчлүүлэх өрөөнөөс гарч ирэв. Тэр Сонгинохайрхан дүүргийн IV хороонд оршин суудаг гэнэ.
Харин угаарын хийд хордсон хоёр дүү нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг аж. Чухам юу болсон талаар ахаас нь асуухад “Үүрийн 05.30 цагт дүү маань залгаж “Эхнэрээ сэрээх гэсэн боловч сэрэхгүй байна” гэж хэлээд утас нь тасарсан. Гэрт нь очиж, түргэн тусламж дуудаад, хаалга, цонхыг нь эвдээд ороход эхнэр нөхөр хоёулаа амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай ухаан алдсан байсан. Гэрт нь утаа гэж харагдах зүйлгүй тунгалаг байсан.
Хоёр дүүгээ хөнжилд нь ороогоод гарах хооронд нүд хорссон. Аймар юм байна билээ. Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагынхан ирж, сайжруулсан түлш болон үнс, зуухнаас дээж авсан. Биднийг эмнэлэгт сандралдаад байж байх хооронд дахиад хоёр хүн нэмэгдэж ирлээ.
Хоёр дүү маань “Өлзий” зуух хэрэглэдэг"’ хэмээн яаруу, сандруу ярилаа. Түүнийг даган хэвтэн эмчлүүлэх өрөө рүү ороход угаарын хийд хордсон хоёр иргэн ухаан орсон байсан бөгөөд сувилагч тариа хийж, зутан шөлнөөс өөр хоол өгч болохгүй талаар ар гэрийнхэнд нь зөвлөж байв. Уг хоёр иргэнээс биеийн байдлын талаар тодруулах гэсэн боловч ар гэрийнхэн нь “Эмч тайван байлгах хэрэгтэйг зөвлөсөн” гэсэн учир тэднийг сахиж буй хамаатных нь дүүгээс асуулаа.
Тэрбээр “Эмнэлэгт хүргэгдэн ирснээсээ хойш гурав орчим цаг хордлого тайлах аппаратад орсон. Одоогоор биеийн байдал муу, хүчилтөрөгч залгаастай байна. Нарийн шинжилгээний хариуг маргааш танилцуулна гэж эмч хэлсэн.
Ер нь бол бөөлжиж, толгой эргэх шинж тэмдэг илэрч байгаа. Өөрсдийнх нь ярьж буйгаар утаа байхгүй хэр нь яалт ч үгүй химийн бодис гэмээр үнэр үнэртсэн гэсэн. Зуух нь өөрсдийнх нь өмнө ашиглаж байсан пийшин. Тав орчим жил өвөлдөө ямар ч асуудалгүй байсаар ирсэн. Энэ жил шинээр хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан түлш түлээд л ийм зүйл боллоо” гэв.
Мөн “Сувилагчаас нь угаарын хийд хордсон хүн олон ирж байна уу гэхэд “Тийм ээ” гэхээс өөр нарийн мэдээлэл хэлээгүй. Анзаараад байхад эмч, сувилагч нарын ачаалал их байна. Сувилагч нь амрах завгүй нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү гүйж байна” гэлээ.
Энэ мэт сайжруулсан түлшний угаарын хийнд иргэд хордох явдал гарсаар байна. Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүд нөхцөл байдлын талаар өдөр бүр 10.00, 16.00 цагт мэдээлэл хийж байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлсэн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын 9-ний 09.00 цагаас 10-ны үүрийн 06.00 цагийн байдлаар 17 өрхийн 34 иргэн угаарын хийд хордсон гэх дуудлага өгсөн байна. Дээрх 34 иргэний 18 нь хүүхэд, 16 нь том хүн байсан. Өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв.
Иргэд угаартаад байгаагийн гол шалтгааныг шахмал түлшинд асуудал буй хэмээн хардаж байгаа бол холбогдох мэргэжилтнүүд иргэдийн буруу галлагаатай холбон тайлбарлаж байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн алба хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшний галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрээр нь орж, биечлэн танилцуулж, зааварлаж байна” гэв.
Энэ сарын 4-нд угаарын хийд иргэд хордсон талаар мэдээлэл анх цацагдсан. Тухайн үед сайжруулсан түлш борлуулах бүх цэг дээрх түлшийг солих тухай яригдсан. Мөн шахмал түлш хэрэглэгч иргэд энэ асуудлаас болоод сайжруулсан түлш хэрэглэхээс айж, татгалзах болсон гэх яриа сонсогдох болов. Иймд борлуулагч болон хэрэглэгчдээс үүсээд буй асуудлын талаар ямар байр суурьтай байгааг асуулаа.
СХД-ийн XXII хорооны оршин суугч нэрээ нууцлахыг хүсээд “Есдүгээр сараас сайжруулсан түлш ашиглаж эхэлсэн. Галласны дараа ямар нэг үнэр үнэртэж байна. Түүхий нүүрс хэрэглэж дадсан болоод ч тэр юм уу арай л хурц, содон үнэртэй утаа шахмал түлшнээс ялгардаг. Өдөр бүр л угаарын хийд хүн хордлоо, нас барлаа гэсэн мэдээлэл сонсогдож байна. Манайх сайжруулсан түлш хэрэглэхээс татгалзсан.
Миний таних хүмүүс ч бас шахмал түлш хэрэглэхдээ итгэлгүй байна. Хэн ч байсан амьд явахыг бодно. Ер нь гэр хорооллын оршин суугчид түгшүүртэй байгаа. Хэзээ угаартах бол гэсэн айдастай, шөнө дураараа галлаж чадахгүй байна.
Галласан ч шөнө унтаж чадахгүй л болов уу даа. Бололцоотой айлууд нь мод түлж байгаа бол бусад нь даараад л байж байна” хэмээв. Харин Чингэлтэй дүүргийн XIII хорооны сайжруулсан түлш борлуулагч А.Эрдэнэжаргал “Иргэд сайжруулсан түлшний угаарын хийд хордож эхэлснээс хойш хоёр хоног үйлдвэрлэгчээс түлш ирээгүй.
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон учир шахмал түлшнээс өөр хэрэглэх түлш байхгүй. Тиймээс шахмал түлш авахгүй гээд яах билээ. Одоо ч борлуулалт хэвэндээ байна. Ямар нэг байдлаар борлуулалт буурсан үзүүлэлт одоогоор алга” гэлээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл