Машиныг нь авахаар залуухан бүсгүйг хөнөөсөн этгээдүүд хэргээ хүлээжээ


Оросын Екатеринбургт энэ сарын 10-нд 27 настай бүсгүй сураггүй алга болж, сайн дурынхан болон цагдаагийнхан тав хоног хайсан билээ. Зөвхөн Екатеринбург төдийгүй хөрш хотынхон нь ч залуухан бүсгүйг хайлцжээ. Гэвч түүний цогцсыг нь олсон байна.

Ксения Каторгина гэх уг бүсгүйг хөнөөсөн гурван этгээд шүүх хурлын үеэр хэргээ хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлжээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр тэд машинаас болж бүсгүйг хөнөөснөө сэтгүүлчдэд ярьсан байна. Марат Ахметвалиев, Михаил Федорович болон түүний эхнэр Екатерина Меньшикова гэх гурван хүн хийсэн хэргээсээ болж машид гэмшиж байгаа аж. Тэд “гэмшиж байна” гэх үгнээс өөр ямар ч асуултад хариулаагүй байна. Шүүх хурал хаалттай болсон гэнэ.

Ксения Каторгина машинаа зарахаар яваад сураггүй болсон байжээ. Гэмт этгээдүүд түүнийг хөнөөгөөд, “Audi Q5” машиныг нь нэгэн иргэнд худалдсан байсан аж. Цагдаа нар машинаас нь Ксениягийн цусны үлдэгдлийг илрүүлж, уг иргэн машин авсан хүмүүсийнхээ зургийг дарсан байснаас нь харж хэрэгтнүүдийг олжээ.

27 настай Ксения Каторгина нь нэгэн компанид менежерээр ажилладаг, машинаа зарж олсон мөнгөө ипотекийн зээлээр авах байрныхаа үнэд нэмэрлэх гэж байжээ. Бүсгүй байраа аваад эмээтэйгээ амьдардаг есөн настай охиноо өөр дээрээ авах гэж байсан талаар Ксениягийн найз нь ярьсан байна. Тэр их ухаалаг, тусч нэгэн байсан бөгөөд муу хүмүүс түүний сайхан сэтгэлийг ашиглалаа гэж найз нь ярьжээ. Учир нь машиныг нь авахаар тохирсон эмэгтэй Ксенияд өөрийгөө жирэмсэн гэж хэлээд, хотын захад ирж уулзаач гэж хүссэн гэнэ.

Машинаа зарахаар яваад бусдын гарт амиа алдсан залуухан, сайхан бүсгүйчүүдийн бас нэгэн жишээ бол хэдэн сарын өмнө Магнитогорскт амиа алдсан “Оросын мисс” тэмцээний оролцогч, 29 настай Ксения Мецгер юм. Тэрээр “Skoda Octavia” машинаа зарахаар яваад сураггүй болсон байв. Түүний дараа мөн машинаа зарахаар явсан 34 настай бүсгүй амиа алджээ.

О.Чанцалдулам   
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.