Энэ оны есдүгээр сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад олборлосон 20.08 карат жинтэй ховорт тооцогддог хөх өнгийн боловсруулаагүй алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ. Уг алмаазыг нэгэн том компани худалдан авсан бөгөөд нэрийг нь нууцалж байна.
Ийм ховор төрлийн чулууны нэг каратын үнэ 741 мянган ам.долларт хүрдэг ажээ. Ховор тохиолддог хөх алмаазыг Претори хотоос 40 км зайтай газар орших Куллинан уурхайгаас олжээ. Өмнө нь энэ уурхайгаас 1905 онд дэлхий дээрх хамгийн том буюу 3106 карат жинтэй алмаазыг олборлосон юм. "Куллинан" буюу “Африкийн од” хэмээн нэрлэсэн энэхүү үнэт чулууг Трансваалийн Засгийн газар Их Британийн хаан VII Эдуардад бэлэглэжээ.
Онцгой тунгалаг, цайвар хөх өнгөтэй чулууг ес хуваасан бөгөөд хамгийн том хэсэг буюу 530 каратын “Куллинан 1”-ийг өдгөө Лондонгийн Тауэр цайзад хадгалагдаж буй Их Британийн хааны таягт шигтгэжээ. Хоёр дахь том буюу 317 карат жинтэй “Куллинан 2”-оор Их Британийн эзэн хааны титмийг чимэглэсэн байна. Түүнийг мөн л Тауэр цайзад харж болно. “Petra Diamonds Cullinan” уурхай нь ер бусын хөх өнгийн алмаазын томоохон нийлүүлэгч юм. Бусад өнгийн алмаазыг бодвол хөх өнгийнх нь илүү өндөр үнэд хүрдэг байна.
Д.Жаргал
Сэтгэгдэл