НИЙТИЙН
ДАЛД УХАМСРЫГ СЭРЭЭХ БАЯРЛАЛАА ТӨВ ТББ-ИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ
Б.БАДАМХАНД: СЭТГЭЛ САНАА ТОГТОХГҮЙ, НОЙР ХҮРЭХГҮЙ, ӨӨРТӨӨ СЭТГЭЛ
ХАНАМЖГҮЙ БАЙГАА БОЛ ТАНЫ ЦЭНЭГ УНАЖ БАЙГААГИЙН ШИНЖ
Манай сэтгүүлтэй хамтран уншигч та бүхэнд далд ертөнцийн талаарх олон сонирхолтой мэдээлэл болоод амьдралын эерэг хандлага, сайн сайхан зүйлсийн талаарх мэдлэг мэдээллээ харамгүй хуваалцдаг эрхэм хүнтэй ээлжит ярилцлагаа хийж байгаадаа бид баяртай байна. Энэ ярилцлагаас уншигч та бүхэн өөрт хэрэгтэй олон чухал зүйлсийн талаар мэдэж авах болно гэдэгт бид итгэлтэй байна.
-Тантай ээлжит ярилцлагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Ер нь хавар болоод ч тэр үү хүмүүсийн сэтгэл санаа нэг л тогтворгүй байх шиг. Ялангуяа нийгэмд стресс их байна?
-Тийм ээ, хавар гэдэг их сонин улирал. Солигдмол шинжтэй. Хүн гэдэг байгалийн амьтан юм болохоор байгалийн үзэгдлээ л дагах нь дамжиггүй шүү дээ. Тэр дундаа geopathic slow буюу соронзон урсгал, шуурга энэ улиралд нэлээд их явагдаж байдаг юм. Энэ нь хүний нүдэнд харагдах шуурга биш. Үүнээс үүдээд хавар хүн сэтгэл санаа тогтворгүй болоод тамирдах тал бий. Ер нь тэгээд идэж ууж байгаа хүнс ч хуучраад илчлэг чанараа алдсан байдаг нь ч нөлөөлж л байгаа. Ханш нээгдэх үеэс л харьцангуй тайвширч эхэлдэг. Эдийн засгийн хувьд мэдээж хэцүү байна гэж яриад байгаа.
-Ер нь ажиглаад байхад манайхан эдийн засгийн хямрал, улс төрчдийн үйл ажиллагааг их шүүмжилж, дургүйцлээ илэрхийлж байгаа нь их ажиглагдах юм?
-Нэг талаар тийм л дээ. Гэхдээ нөгөө тал буюу сайн өнцгөөс нь харж чадвал манайх эдийн засгийн хямралд өртөх нь харьцангуй бага байна. Яагаад гэвэл нүүдэлчин гаралтай дээр нь өвөг дээдсээс уламжилж ирсэн нэг нэгнээ гэх халуун дулаан энерги, сайхан сэтгэлээ бид гээгээгүй ард түмэн. Хэзээ ч монголчууд үр хүүхэд эцэг эхээ ихэнх гадны улсын иргэд шиг хаяхгүй. Монгол хүн хүүхдээ 16 нас хүрэнгүүт зөнд нь орхичихдоггүй биз дээ. Гэр бүл дотроос нэг нь ядуу байлаа гэхэд ах дүү нар нь тэрнийгээ их бага хэмжээгээр тэтгээд л амьдраад байдаг. Өөр улсад бол магадгүй дампуурлаа л бол хэний ч тусламжийг авч чадахгүй. Ийм болохоор л бид эдийн засгийн хямралд жинхэнэ утгаар нь өртдөггүй гэж би хэлэх гээд байгаа юм. Миний бодлоор Монголд энэ стресс гэх хиймэл зүйлийг бараг ярих шаардлагагүй юм шиг л санагддаг. Стресс гэдэг нь хэт их хязгаарлагдмал орон зайд, хэт их дүрэм журамд баригдаж, бүх зүйл нь нэг системд орчихсон, олон зуун жилийн иргэншил гээч хөгжсөн суурьшмал улсад генээс генийн хооронд дамжаад бий болчихсон зүйл. Тэгэхээр нүүдэлчин ард түмэн стресст барагтай л бол орохгүй. Би л гэхэд малчны нэгдүгээр үе, хотын ихэнх иргэд над шиг л байгаа болов уу.
-Малчин удамтай болохоор стресс гээч зүйлийг яриад байх ч хэрэггүй гэсэн үг үү?
-Тийм, хиймлээр стрессдэх хэрэггүй гэх юм уу даа. Ямар ч зүйлд харах өнцөг гэж байна. Над шиг өөдрөгөөр харж чадахгүй, бас яах аргагүй стрессдэх том шалтгаан байна гэж хэлэх хүн мэдээж байгаа. Тэгвэл миний харж байгаагаар бол манайхны бие биедээ хэт их ойр амьдардаг нь атаархуу занг үүсгээд үүнээс үүдэлтэй стресс бас гараад байх шиг байна. Хэдэн зуун сая хүн амтай улсад чиний ямар байх нь хэнд ч чухал биш. Хэн нэгнээ дуурайх, атаархах гэдэг ойлголт харьцангуй бага. Гэтэл яг хажуу хөрш, эсвэл найз чинь үнэтэй бренд хэрэглээд, бас чиний бодлоор тэр хүн чамаас бага оюуны чадамжтай мөртлөө чамаас дээгүүр албан тушаал хашаад байгаа мэт санагдах гэх мэтийн иймэрхүү хиймэл стресс л манайд их байх шиг байна. Стресс үүсэх бас нэг шалтгаан нь нийгмийн шилжилтийн үетэй холбоотой байж болно.
-Өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн дарамт стресс үнэхээр байдаг юм байна. Харин манайд бол хиймэл стресс л их байна гэж би ойлголоо. Тэгвэл хүмүүс яаж ийм байдалд орохгүй байх вэ?
-Нийгмийн стресс гэдэг зүйлийг хэт дэвэргээд, шалтгааныг нь хэн нэгнээс хайхаас илүү хувь хүн болгон өөрөөсөө эхэлчихвэл асуудал маш хялбархан шийдэгдэнэ. Гуравхан сая хүн гурван өдрийн дотор л өөрчлөгдөнө. Яаж вэ гэхээр хүн хамгийн түрүүнд өөртэйгээ л ярьж үзмээр байна. "За Бадамханд аа. Чиний бие ямархуу байна. Чи хэдэн насыг наслав, чи энэ зуур юу хийж бүтээв, орой хэдэн цагт унтаж, өглөө хэдэн цагт сэрж байна, юу үзэж, юу уншив, юу идэж байна” гээд өөрөөсөө асуух зүйл та бидэнд мундахгүй. Гэтэл тэнэг хүн шиг өөртэйгээ яриад яах юм. Ингэх зав алга гэх сөрөг хандлага магадгүй гарч ирнэ. Тэгвэл яагаад би өнөөдөр мөнгөгүй, ядуу амьдарч байна, хэн нэгэн намайг ингэж амьдруулж байна уу, эсвэл надаас өөрөөс минь болов уу гэдгийг л та өөрөөсөө асуугаад үз. Ядуу амьдрах нь сэтгэл гутралтай маш ихээр холбоотой.
Сэтгэл гутрал гэдэг нь арай доод
давтамжаас ажиглагддаг зүйл. Өөрөөр хэлбэл та өөрийгөө үнэлэхгүй,
тоохгүй байна гэсэн үг. Өөдрөг бус байх нь өөрийгөө буруу үнэлэхээс
үүдэлтэй. Өөрийгөө хүн буруу үнэлэхээр дотор байгаа хүн чинь тантай
зөрчилдөж эхэлдэг. Дотроос чинь чи ингэж амьдрах ёсгүй, үүнээс илүү байж
чадна гэж хэлээд байхад та өөрийгөө маш доогуур үнэлсээр л байдаг.
Магадгүй та цагт 20 мянган төгрөгний цалин авах чадамжтай хүн байтал
бодит амьдрал дээр цагийн хоёр мянган төгрөгөөр өөрийгөө үнэлээд ажиллаж
байна. Өөрийгөө ингэж дутуу үнэлж сэтгэл ханамжгүй амьдрахгүйн тулд та
юу хийх ёстой вэ. Өөрийгөө сайн судалж, өөртэйгээ ярилцаж, өөрийнхөө
ямар авьяастай хүн гэдгээ мэдэрч, ажиглах л хэрэгтэй. Танд үнэхээр
тусламж хэрэгтэй байгаа эсэхийг хялбар аргаар мэдэж болно. Та шууд одоо
20-30 үг бич. Санаанд орсон үг бүрээ л шууд бич. Тэгээд бичсэн үгсээ
сөрөг болон эерэг хандлагаар нь хоёр талд жагсаагаад үз. Аль нь их
байна. Дийлэнх нь сөрөг үгс байвал та өөрийгөө асуудалд оржээ гэж бод.
Хүн хэзээ ч хэн нэгнээр өөрийгөө дүгнүүлж болохгүй. Харин өөрөө өөрийгөө
л чин үнэнчээр дүгнэх ёстой. Хэрвээ эерэг үгс их бичсэн бол таны эерэг
цэнэг ихэсч өөр олон сайхан боломж өмнө чинь нээгдэх нь гарцаагүй. Сөрөг
үгс их байснаар өгсөх карьер зогсчихоод улам л доошлож эхлэнэ гэсэн үг.
Энэ нь зөвхөн эдийн засгийн асуудал биш, гэр бүл, бусадтай харилцах
харилцаа ч мөн багтаж байгаа. Ийм байхад таниас бүтээл гарахгүй. Та
баялаг бүтээж чадахгүй. Тиймээс зоригтойгоор өөрийгөө өөрчилж эхлэх
хэрэгтэй.
-Мэдээж хүн бүр л хамгийн түрүүнд яаж өөрийгөө өөрчилж, амьдралаа сайхан болгох вэ гэж асуух байх?
-Хамгийн түрүүнд гадуур маш элбэг болсон төрөл бүрийн өөрийгөө эерэгээр өөрчлөх боломж олгодог сургалтуудад суух хэрэгтэй. Амьдрах урлагийн бясалгал, Рейки янз бүрийн иога гээд л сайн сайхныг өөр өөрсдийн чиглэлээр түгээж сургадаг төвүүд маш олон сонголттой байна. Хэрвээ танд мөнгө байхгүй бол интернэтээр өөрийгөө хөгжүүлэх боломж нь ч нээлттэй болж. Магадгүй манай "Баярлалаа” төвд ч хүрээд ирж болно. "Би өөрчлөгдмөөр байна. Надад туслаач гэвэл” энэ чиглэлээр ажилладаг хүмүүс гараа сунгана. Тэгээд л сайхан аялал тань эхлэнэ дээ. Амархан. Хамгийн гол нь зоригтойгоор өөрийгөө дүгнэ. Хүнийг хөндлөнгөөс шүүмжлэхээр хэнд ч тийм таатай санагддаггүй. Тийм биз. Тэгэхээр та өөрөө өөрийгөө л шударгаар үнэлэх хэрэгтэй байх нь.
Хүнийг шүүмжлэхээс хэн бүхэн зайлсхийж явах нь дээр. Манайхан үүнийгээ заримдаа шудрага байна гэж хэлдэг. Бусдыг шүүмжлэх их дуртай хүмүүс бий. Шудрага байна гээд хүнийг шүүмжлэх чинь харгис чанар. Тэртээ тэргүй сэтгэл нь таагүй явахад нь шудрага хэлнэ гээд тэр хүнийг нэмж зовоох хэрэггүй шүү дээ. Хүн өөртэйгээ яриад эхлэхэд гарц заавал харагддаг юм.
Ер нь эдийн засаг, улс төрийн байдал аль ч улсад л мөнхөд асуудалтай байсаар ирсэн. Байх ч болно. Тийм болохоор иймэрхүү зүйлд хэт санаа зовоод дагаж өөрийгөө стрессдүүлээд байх хэрэггүй. Яаж өөрийнхөө амьдралыг амар амгалан байлгаж, энэ хугацааг хэрхэн давах вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуул. Та өөрийгөө эхлээд өөрчил, дараа нь хамт олон, ойр дотныхоо хүмүүст эерэг хандлагыг бүрдүүлэхэд нь тусал. Ер нь эерэг уур амьсгалтай хамт олны бүтээмж өндөр байдаг. Ядаж л өвчин зовлон бага гардаг. Өмнө нь бид бүх бурууг бусдаас, гаднаас хайдаг байсан. Гэтэл одоо чиний азтай, азгүй байх, цор ганцаараа байх уу, сайхан ханьтай байх уу гэх зэргийн бүх асуудлууд чинь зөвхөн чамаас, чиний дотоод цэнэгээс хамаардаг юм байна гэдэг тодорхой болчихсон. Үүнийг л ойлго. Таталцлын хүчийн талаар бод. Чиний дотоод цэнэг хэр эерэг байхаас хамаарч чи өөртөө сайн сайхан зүйлийг татна. Чамд хүмүүс дургүй байна гэдэг чиний дотоод цэнэг муу байгаа буюу зүрхэн хүрд чинь ажиллахгүй байж болох нь гэдгийг л ойлго. Эхний цэг та юм шүү гэдгийг л ахин дахин хэлмээр байна. Ийм болохоор л би гурван сая хүн гурван өдрийн дотор ч өөрчлөгдөх боломжтой гэж хэлээд байгаа юм.
-Хүн азтай байхын тулд өөрийн хэмнэлээ одоо цагт байлгах хэрэгтэй гэж та өмнөх дугаарт ярьсан. Яаж өөрийгөө одоо цагийн хэмнэлд байлгах вэ?
-Ихэнх хүмүүс хэрэгтэй хэрэггүй маш их зүйл боддог. Тэр нь ихэвчлэн өнгөрсөн цагт байдаг. Магадгүй өчигдөр, эсвэл нэг жил бүр арван жилийн өмнөхөө ч хүн бодсоор байдаг. Хүн яг тэгшхэн зогсож байгаад арван жилийн өмнөх зүйлээ бодоод байхаар арагшаа гэдийж байна л гэсэн үг. Гэтэл хүн гэдэг амьтан их сэтгэл зовомтгой, ялангуяа эмэгтэйчүүд. Сэтгэл зовохдоо хүн ихэнхдээ ирээдүйд болох зүйлийн талаар боддог. Ирээдүйн талаар бодоод байхаар хүн урагшаа тонгойж эхлэхтэй л адил. Угтаа бол та яг энэ цагтаа нуруугаа тэгшхэн зогсох учиртай юм л даа. Энгийн үгээр тайлбарлавал та өөрийн хамаг энергиэ өнгөрсөнд юмуу ирээдүйд хий дэмий зарцуулаад тэгшхэн зогсохгүй урагшаа, хойшоо савлаад л байна гэсэн үг. Хүүхэд минь өвдчихгүй байгаа, ажил маань дампуурчихгүй байгаа гэж бодоход зөвхөн сэтгэл зовохоос гадна асар их эрчим хүч давхар зарцуулагдана. Сэтгэл зовоод л байвал тэр бодсон зүйл нь ирээдүйд биежээд өөр дээр чинь бодитоор ирнэ. Энэ бол таталцлын хууль. Тэгэхээр хүн гэдэг амьтан өнгөрсөн ирээдүй хоёрыг умартаад одоо цагтаа л амьдрах ёстой. Өнгөрсөн болоод ирээдүй рүүгээ савлахгүй байхыг л одоо цагийн хэмнэл гээд байгаа юм. Мэдээж хүн жилийн ч юмуу сарын төлөвлөгөө гаргах зэргээр ирээдүйд хандсан зүйл хийдэг. Ер нь бол төлөвлөхгүй байх хэрэгтэй. Төлөвлөлөө гэхэд бүх хүчээ яг энэ агшиндаа зориулж чаддаг байх хэрэгтэй. Яг энэ агшиндаа хамаг сэтгэлээ зориулвал ирээдүй болон өнгөрсөн лүү хандах зав зай танд гарахгүй. Энэ агшинд чи сэтгэл дүүрэн байж чадвал дараагийн агшинд бүр илүү сэтгэл дүүрэн байх нь баталгаатай. Ер нь бол далд ухамсарыг сэргээх есөн минутын дасгалаар хүн одоо цагийн хэмнэлд маш хялбархан хүрч чадна. Гайхалтай үр дүн гарна. Хүмүүс зориглоод туршаад үзэх л хэрэгтэй. Хүн хэдий чинээ одоо цагт байна бүх зүйлс тодорч эхэлдэг. Та урьд өмнө анзаарч байгаагүй зүйлсээ маш тодоор олж харна. Гэтэл эсрэгээрээ өнгөрсөн болоод ирээдүй рүү савлаад байвал бүх зүйл бүрэлзэж байдаг, хүн төөрөх аюултай. Цаг алдана. Мананд явж байгаа хүн цэлмэг өдөр алхаж яваа хүнтэй адилгүй.
-Хүн өнгөрсөн болоод ирээдүйтэйгээ зууралдах хэрэггүй юм байна. Хамгийн гол нь яг одоо хийж байгаа зүйлдээ хамаг анхаарлаа хандуулаад өнөөдрөөрөө л амьдрах ёстой юм байна гэж ойлголоо?
-Ер нь бол тийм. Гол нь хүн өөрийнхөө дуртай зүйлээ хийж чадаж байвал одоо цагийн хэмнэлд амархан ордог. Дуртай зүйлээ хийж байгаа хүн амжилтанд хурдан хүрдэг. Тиймээс ч мэргэжил сонгохдоо залуус маш няхуур байх хэрэгтэй. Юунд дуртайгаа эхлээд олж нээхийг хичээ. Бүр цаашилбал одоо цагийн хэмнэлд тогтмол байж чадсан хүн гэгээрэх замдаа орж байна гэсэн үг.
Хүний биеийн зүүн тал өнгөрсөн цагийг, баруун тал ирээдүй цагийг хариуцдаг. Харин гол буюу төв судал нь одоо цаг. Тэгэхээр Зүүн талаар сарны хүйтэн эм эрчим баруунаар нарны халуун эр эрчим явдаг. Аль нэг нь их бага байж болдоггүй. Энэ гурван судлын уулзварыг чакра гэнэ. Хүн ямар байх нь чакрагаас хамааралтай. Нэг есондоо лам дээр очоод үзүүлэхээр ноён нуруу хазайчихаж гэдэг биз дээ. Тэр чинь энэ бүхэнтэй холбоотой. Дэлгэрүүлж яривал маш их зүйл бий л дээ.
-Хүн бүр дор бүрнээ л биесээ хичээгээд явбал болчих гээд байдаг. Гэтэл амархан юм шиг хэрнээ хүмүүс өөрийгөө тания гэж хичээх нь ховор юм даа?
-Хүн өөрийгөө бусдаас ангид юм гэж үзэхгүй байх хэрэгтэй. Өөрөө л болж байвал бусдыг үл ойшоодог хүмүүс бий. Тийм байж болохгүй. Хүн бүр хоорондоо холбоотой. Нэг хүний бодсон муу бодол нөгөө хүнд нөлөөлдөг. Хов жив гэдэг маш хор нөлөөтэй зүйл. Яг л аалзны тор мэт бид хоорондоо холбоотой. Жижигхэн хөдөлгөөн гарахад л бүгдэд мэдрэгдэнэ. Тэгэхээр сайн юм ч бас амархан тарах боломжтой байгаа биз. Ялангуяа олон нийттэй их харилцдаг хүмүүс өөрийн үг үйлдлээ их анзаарч байх хэрэгтэй. Сайн сайхан юмыг түгээгээд байвал та гэрэлтэнэ. Гэрэл түгээсэн хүн өөрөө гэрэл л болно. Хүн болгон л биеэ хичээгээд амьдарвал цаанаасаа л автоматаар бүгд сайхан өөрчлөгдөнө.
-Ер нь энэ их мэдлэгт та дурлаж, судалж эхэлсэнээр таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарч байсан бэ?
-Миний хувьд би өөртөө өдөр бүр л өөрчлөгдөж байна. Өдөр бүр надад онцгой байдаг. Тэгэхээр тэр энэ гэж алийг нь ярих вэ дээ. Ерөнхийдөө би жирийн л нэг айлын жирийн л нэг охин байсан. Бусдын л адил амьдрах явцдаа би энэ сайхан зүйлстэй учирсан. Надад бусдаас онцгойрох нэг ч зүйл байгаагүй. Хамгийн гол нь би мөрөөдлийнхөө хойноос их хөөцөлддөг охин байсан. Энгийн жишээ хэлэхэд л тэнгэрт нисэх онгоцыг хараад дотор нь суугаад л олон улсаар аялаж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Би одоо жирийн л нэгэн мөртлөө ажлынхаа шугамаар олон ч улсаар аялаж үзэж байна. Далд ухамсар хийгээд танин мэдэхүйн энэ өөрчлөлт рүү ороход надад маш олон багш нар тусалсан. Орос, Казак, Япон, Энэтхэг гээд л. Энэ олон багш нартаа маш их баярлаж явдаг. Нүдийг минь тэд бага багаар нээж өгсөн. Би өвчтэй байгаад эдгэрээд гээд л тиймэрхүү зүйлээ өнөөдөр яримааргүй байна. Хүн хүссэн зүйлээ бүтээж болох юм байна гэдгийг ухаарсан минь л чухал. Би хэн нэгнээс хамаарахгүй, тусламж авахгүйгээр дэлхий бүү хэл орчлонгийн хэмжээнд сэтгэж чадах юм байна гэдгийг ойлгосон. Монгол гэдэг маш онцлог тусгай резинанстай газарт төрсөн маш том сүнснүүдийн дунд төрсөн гээд л их ухаарлыг авчихаар хүн цаанаасаа цадчихдаг юм байна. Цатгалан болохоор юманд хэт шунахгүй, автахгүй.Өдөр болгон гайхалтай багшаас мэдлэг авч байгаа нь хамгийн том буян хишиг. Ийм боломж нь хүн болгонд нээлттэй байгаа нь л чухал. Бүх хүн зүрх сэтгэлээ сонсоод өөрийн нандин чанар луугаа өнгийж зүтгэх л чухал. Хүний хүссэн хэлсэн болгон биелдэг. Энэ л чухал.
-Сүүлийн үед энерги сорогч, вампир гээд л хүмүүс их ярих боллоо. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Юм гэдэг хоёр талтай. Дүүрэн цэнэгтэй хүн, цэнэг багатай хүн л гэж байдаг. Дүүрэн цэнэгтэй хүн угаасаа бусдыгаа тэжээж явдаг жамтай. Тэгээд ч тэр дүүрэн цэнэгтэй хүний орчин цаанаасаа л бусдыг татсан таатай сайхан байдаг. Цэнэг өгдөг. Харин энерги сордог гэдэг дээр бол нэгэнт цэнэг нь уначихсан, цэнэг багатай хүн цэнэгээ нэмэгдүүлэхийн тулд хаа нэг газраас цэнэг авах шаардлагатай болох нь гарцаагүй. Яахав төрөлхийн энерги сордог хүн бол байдаггүй гэж би боддог. Хүн гэдэг чинь тэр чигээрээ л энерги болохоор хувьсан өөрчлөгдөж байдаг. Хүмүүс би энерги өгөгч харин тэр сорогч гэх мэтээр бодож болохгүй. Танд цэнэг өгсөөр байгаад тэр хүн цэнэгээ барчихсан ч байж болно шүү дээ. Энерги сорогч гэж нэрлэгдээд яваа хүн өөрийгөө ажиглах хэрэгтэй. Ер нь сэтгэл санаа чинь хэцүү байгаад нэг л тогтож өгөхгүй, элдэв юм толгойнд чинь бодогдоод нойр чинь хүрэхгүй, өөртөө сэтгэл ханамжгүй байгаад өөрийгөө дорой гэж бодож байгаа бол таны цэнэг унаж байгаагийн шинж.
Айлд ороход л ер нь ямархуу энергитэй нь мэдрэгддэг шүү дээ. Нэг талаар хүрээлэн байгаа орчин тэр айлын амьдарч байгаа газрын давтамж нь өвчтэй байж болно. Тэгэхээр тэр айлын бүх хүмүүсийн энергийг сорчихдог. Тэгээд энергиэ соруулсан хүмүүс нийгэмтэй харьцаад эхлэхээр бусдын энергийг сороод байдаг талтай. Амьдарч байгаа орчныхоо энергийг мэдэрч сурахын тулд хүн мөн л өөр дээрээ ажиллах ёстой. Мэдэх ерөнхийдөө амархан. Хэрвээ чиний цэнэг өндөр, хүнлэг, бурханлаг байвал юмны түрүүнд аливаа зүйлийг үгүйсгэдэггүй болж эхэлдэг. Мэдэхгүй зүйлээ байхгүй гэж үзэж, үгүйсгэхийг оролдох мунхагийн шинж. Та өөртэйгээ их ажиллаад ирэхээр бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөг хүн болж хувирдаг. Гэхдээ хамгийн чухал нь бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх боловч зөвхөн өөрийнхөө л зарчмаар явдаг. Чамд үгүйсгэл байхгүй болж эхэлдэг. Шүүмжлэл ч байхгүй. Ингээд эхлэхээр амьдрал их хялбар болж эхэлдэг. Хог хаяад байгаа хүнийг шүүмжлэхээсээ урьтаад өөрөөрөө л чи үлгэрлэ. Нэг хүн харна. Тэгээд чамаас үлгэрлэнэ.
-Яг одоо бидний амьдарч байгаа энэ цаг үеийн талаар та юуг хэлэх вэ?
-Цаг хугацаа ухамсарын гуравдугаар хэмжээсээс тавдугаар хэмжээс рүү шилжиж байна. Ухамсарын гуравдугаар хэмжээс гэдэг нь ердийн амьдрал юм. Ялангуяа материаллаг амьдралын ахуй. Дэлхий даяараа шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдсон бодит зүйлд итгэж шүтэж амьдарсаар ирсэн. Энэ нь бидний гадаад таван мэдрэхүйгээр мэдрэгдэж олж авсан мэдлэгүүд юм. Богдын бошго ч юмуу, төмрийн эриний төгсгөл ч гэдэг юмуу тэр бичигдээд байгаа хэцүү цагийн шинж чанар юмуу даа. Нэг ёсондоо хэтэрхий их матери шүтсэн. Нягтаршсан зүйлд шүтсэн. Харин нягтаршаагүй, нүдэнд харагдахгүй байгаа зүйлс бидний хувьд хаалттай болчихсон. Энэ бол гуравдугаар хэмжээс гэж нэрлэгдээд байгаа үе. Нүдэнд харагдахгүй л бол үгүйсгэдэг байсан. Сэтгэл гэхээр хүн болгон мэддэг. Гэвч барьж, харж үзсэн хүн байхгүй. Тэгэхээр тавдугаар хэмжээс гэдэг нь дотоод мэдрэхүйгээ хөгжүүлэх эрин юм. Энэ эрин рүү бүгд хүссэн хүсээгүй яваад орж байна. Тэгэхээр гуравдугаар хэмжээстээ байгаад л байвал чи шахагдаад үлдэхээс өөр аргагүй байх нь. Гуравдугаар хэмжээс дээрээ зууралдаад уягдаж байх хооронд нээлттэй байсан хүмүүс нь цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаад дээшээ хөврөөд алга болох нь байна. Цаг хугацаа орон зайтайгаа зохицож амьдрах шаардлага бидний өмнө тулгарсан гэсэн үг. Цаанаасаа л юм өөрчлөгдөнө. 21-р зуун тэр чигээрээ оюун санааны эрин зуун руу орж байгаа. Ийм гоё үе ирж байхад өнөөдрийн залуучууд өнөөдрийн хүүхдүүд шинээр төрж байгаа хүүхдүүдийн бүтэц нь ч өөр байгаа.
-Нээрээ сүүлийн үед Индиго хүүхдүүдийн талаар их ярьдаг болсон?
-Сайн ажиглах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрийн хорин жилийн өмнөх шиг хүмүүжүүлэх гэж оролдох хэрэггүй. Тэднийг ойлгож, ухаарч, нөхөрлөж, харилцан ойлголцож амьдрахаас өөр зам байхгүй. Одооны хүүхдүүдийн сүнсний түвшин маш өндөр. Бие организм, таван махбодийн давтамж нь ч өөр. Бид гучин жил бясалгаж байж нүдээ нээж байгаа бол энэ хүүхдүүдийнх цаанаасаа л нээлттэй. Чиний бүх гэрлийг харна, чам дээр байгаа бүх мэдээллийг уншина. Ийм хэмжээний хүүхдүүд хоцрогдсон ийм удаан технологиор явахгүй. Тийм ч болохоор ирээдүйг харахдаа би маш их баярладаг. Эзэн Чингис хаан хүч хийгээд ухаанаараа дэлхийн талыг эзэлж байсан бол 21-р зууны Монголын хаад ноёд нь оюун санаа хийгээд хайрын эрчмээр улс орноо мандуулан удирдах цаг ирэх нь байна шүү дээ.
-Та өнөөдөр ямар Монгол орноосоо ямар боломжийг олж харж байна вэ?
-Одоо үед сайхан хүнлэг, бурханлаг чанараа алдаагүй хүмүүс их ховор болсон. Гэтэл бид бусдаас онцгой. Сэтгэцийн асар их дарамтанд орчихсон, юугаар ч юуг ч сольчих сэтгэлтэй, өндөр соёлтой орны хүмүүсийн дийлэнх нь өнөөдөр зүрх сэтгэлээсээ ч инээж чаддаггүй болж хувирсан. Дандаа худлаа инээдэг. Гэтэл монголчууд чин сэтгэлээсээ хайрлах гэдгийг умартаагүй, инээх гэдгийг мэддэг. Ийм их эрх чөлөөтэй манайх шиг орныг би л лав өөр харийн улсаас олж харсангүй. Юм бүхэн нээлттэй байхад хүн та өөрийгөө хорьж болохгүй. Чиний толгой их ажиллаж байна гэж хэнийг ч төр засгаас хориогүй биз дээ. Чи үнэхээр мундаг больё гэвэл боломж нь энэ Монголд дэндүү их байна. Дэлхий дээр хүний сэтгэл шингэж хүний гараар бүтсэн зүйл л хамгийн үнэ цэнэтэй байдаг. Магадгүй та өөрийн брендийг дэлхийд гаргах боломж нь өнөөдөр нээлттэй байна. Ирээдүйн тэрбумтангууд Монголоор дүүрэн байна. Билл Гейтс дунд авдаг л хүүхэд байсан гээ биз дээ. Тэр хүнтэй адилхан сэтгэж, хамгийн гол нь би чадахгүй гэдэг хоригийг л өөртөө битгий тавиарай. Үүнийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Юмыг хэзээ ч дараа гэж хойш бүү тавь. Одоо гээд л зүтгэчих. Тэгвэл танд амжилт ирнэ. Юу ч хийхгүй хүлээгээд суугаад байвал хэн танд өөрчлөлтийг авчрах билээ дээ.
-Хүн бясалгал хийж өөрийгөө цэнэглэхээс гадна байгалиас яаж өөртөө энерги авах вэ?
-Бадамханд гэдэг хүний сүнсийг тээж яваа хувцас нь хүний бие. Ерөнхийд нь хамаад үзвэл хүнд тэр Менделеевийн 108 элемент нь байгаа байх бас таван махбодь гэж бий. Энэ нь байгальд ч оршдог гэдгийг хүн бүр мэднэ. Бид байгалаас үүссэн болохоор тэр эх үүсвэрээсээ л тэжээгдэнэ. Ой мод агаар төмөр гээд л ...
Хий махбодь буюу огторгуй махбодь дотор од эрхэс, гариг орно. Гаригуудын нөлөөлөл л гэхэд хүнд маш чухал өөр өөрсдийн үүрэгтэй. Эрүүл мэнд, харилцаа, хань ижил гээд л ... Гариг эрхсийн хүний амьдралд нөлөөлөх нөлөөллийг судалдаг ухаан нь зурхай. Цэвэр математик тооцоолол юм. Наад зах нь хүн ийм зүйлээс хамаарч амьдардаг гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Дээр нь аав ээжийн хийж байсан үйл нь генийн мэдээллээр өөрт орж ирдэг. Мөн өөрийн урьд насанд хийсэн үйл сүнсний мэдээллээс болж хүний хувь заяа тодордог. Зарим хүмүүс хий дэмий л үл мэдэхийн улмаас зүтгээд л байдаг. Амьдрал нь нэг л болж өгдөггүй. Учраа олдоггүй. Яагаад ийм их бэрхшээл зовлонтой учраад байгаагаа мэддэггүй. Энгийн жишээ татахад л Раху, Киту гариг хүний амьдралд алслагдсан байвал санамсаргүй гэмтлийн тохиолдлууд их гарч ирдэг. Тэгэхээр эхний ээлжинд өөрийгөө ойлгох, махбодийнхоо хувьд хэн бэ гэдгээ хүн мэдэх хэрэгтэй. Миний хаагуур юу урсаад байна. Миний амьсгал ямар байна. Зүрхний цохилт ямар байна гэх мэтээс эхлээд өөрийгөө бүх талаар ажиглаж мэдрэх хэрэгтэй. Бясалгалын газруудыг алийг нь ч сайн муу гэж ялгалгүйгээр бясалгал хий. Эсвэл тэдний мэдлэгээс нь асуу, сур. Сайн сайхан юм ярьж байгаа газар луу тэмүүл. Хов живтэй газраас холуур яв. Тэгээд л хүн гэдэг чинь болоод эхлэнэ шүү дээ.
-Тэгэхээр гариг эрхсийн таталцах хүчийг хүн яаж өөртөө зөв зохицуулах вэ?
-Өөрийнхөө болоод байгал, гариг эрхсийн талаар мэдээлэлтэй бол. Тэгвэл та юу хийх ёстойгоо хэнээр ч заалгахгүй. Хүнийг өөрөөс нь илүү мэдэх хүн гэж хаана ч байхгүй. Хүмүүс заримдаа мэргэн хүн, үзмэрч, бөө дээр очдог. Заримдаа шийдэж чадахгүй асуудал хүнд тулгардаг. Гэхдээ хүн өөрөө тэр асуудлынхаа хариултыг мэдэж л байдаг. Түүнийгээ баталгаажуулах л гэж ихэнх хүмүүс мэргэн хүн дээр очдог. Үүнийгээ ч анзаардаггүй.
Хүн мөнгөгүй болоод эхэлдэг. Мөнгө тогтохгүй тохиолдолд хүн бизнес орлого нь нэг л болохгүй, мөнгөгүй болох нь гэдгээ мэдрээд эхэлдэг ч чухам буд гаригийн хүч алдагдсанаас боллоо гэдгээ л мэддэггүй. Тийм ч болохоор есөн шидийн хүмүүс дээр очиж асуудаг. Тэгээд ном уншуулж засал хийлгэдэг. Ном уншихаар нөгөө ноён нуруу, цэнэгийн гүйдэл, сувгийн асуудлыг цэгцлэхэд тарнийн хүчээр үйлчлээд эхэлдэг байх нь. Таны нэрэн дээр тодорхой хэмжээний ном уншаад ёслол хийчихээр хүн цаанаасаа сэргэдэг. Тийм болохоор би лам дээр оччихоод ламыг битгий муулж бай гэж хүмүүст хэлдэг юм. Та өөрөө л очсон болохоос лам таныг гуйж ирээгүй биз дээ. Лам дээр очиж ном уншуулсан мөртлөө өөрөө итгэл, сүсэггүй бол тэр уншсан ном нь нөлөөлөхгүй. Нэг зүйлийг захиж хэлэхэд та хэзээ ч бусдыг хорлохын тулд лам, мэрэгч хүмүүст битгий хандаарай. Таны хийсэн зүйл ирээдүйд тан дээр бүр ихээр өсөн нэмэгдээд ирнэ.
Өсөн дэвжих зүйл л хий. Есөн минутын дасгал хий. Интернэтээс үзээд дагаад хийж ч болно. Өөрөөс нь илүү өөрийг нь цэнэглэж чадах зүйл, хүн, хүч гэж үгүй. Чи хүнд итгэхгүй байгаа бол өөртөө итгэлгүй байна гэсэн үг. Ер нь өөрийгөө их бага мэдэж байгаа хүнд итгэл үнэмшил бага байдаг. Өөртөө итгэлгүйн улмаас бусдад ч итгэдэггүй хүн чинь их зовлонтой амьдарна. Аливаа асуудлыг шийдэхдээ эргэлзэнэ.
-Эд зүйлс ашиглах талаар та зөвлөгөө өгөөч?
-Буд гариг мөнгөтэй холбоотой байдаг гэж би дээр цухас дурьдсан. Тэгэхээр Буд гаригийг өөртөө татая гэвэл ногоон өнгийн эд зүйл өмсч хэрэглэх нэг арга байж болно. Жишээ Маргад-Эрдэнийн чулууг хэрэглэж болно. Бүр чулуу нь олддоггүй юмаа гэхэд ногоон өнгийн шилэн үнэт эдлэл ч байж болно. Ер нь яагаад хүн эрдэнийн чулууг эртнээс нааш хэрэглэж ирсэн юм бэ гэхээр хүнд гоё харагдах гэсэндээ биш. Тэр чулуу яагаад энэ дэлхийд ногоон өнгөтэй болтлоо хувираад үүсчих вэ гэхээр Буд гариг тэр чулуу хоёрын хоорондын харьцаа хүч нь бусад гаригийнхаас илүү хүчтэй байсан болохоор тэр чулуунд Буд гаригийн энерги илүү ихээр шингэж өгсөн байдаг. Тэгээд тэр чулуу Маргад-Эрдэнэ болтлоо хувирсан байх нь. Чулуу гэдэг чинь амьтан. Тэгэхээр тэр гаригийн нөлөөтэй чулууг зүүхээр нөгөө гаригтайгаа холбогдоод нөлөөлөл үзүүлж эхэлдэг учиртай юм. Тэгэхээр Буд гаригаас ирэх мөнгөний урсгал нэмэгдэж эхлэх нь байна. Эрүүл мэндийн асуудал дээр мэдрэл сэргэж ирдэг сонин байгаа биз. Гариг болгон өөр өөрийн гэсэн чулуутай. Сарны чулуу гээд бод доо юу байж болох уу. Цагаан цайвар өнгөтэй гээд бодохоор яах аргагүй Сувд байгаа биз.Саран чулуу гэж бас байдаг. Сувд ихэвчлэн далай дотор ургадаг. Гэтэл сарны эрчим хүч усанд хамгийн ихээр шингэдэг. Усны мандлаар дамжаад Сувданд Сарны эрчим хүч ихээр хуримтлагддаг байх нь. Сарны эрчим хүч доголдоод эхлэхээр эмэгтэй хүн эмэгтэйлэг шинж чанараа алдаад эхэлдэг. Өмднөөс салахгүй тэгээд гоёлоос татгалзаад хар бараан хувцас сонгоод эхэлвэл та өөрийгөө эмэгтэйлэг шинжээ алдаж байна гэж үзээрэй. Ингээд ирэхээр нөхөртэйгээ таарахаа болиод эхэлдэг. Гэтэл Сувдыг бас байнга зүүж болдоггүй. Хэт их зүүвэл хэтэрхий их эрчим цуглаад зовлон дагуулж болзошгүй. Ийм нарийн учир жанцантай учраас л мэдлэгийг хуримтлуул гээд захиад байгаа юм. Ядаж л өнгө бүр өөрийн гэсэн учиртай байдаг юм шүү дээ. Өнөөдөр Пүрэв гариг Бархасбадь гаригийн хүчийг өөртөө авахын тулд би Улбар шар өнгийн хувцас өмссөн байна. Энэ нь аз дагуулдаг. Үнэхээр ч би өнөөдөр азтай байлаа.
-Эрдэнийн чулууны талаар ярихад надад нэг зүйл санагдлаа л даа. Ер нь хүний эдлэж байсан үнэт эдлэл, хуучин хувцас ямар нөлөө шинэ эзэндээ үзүүлдэг вэ?
-Нөлөө үзүүлэлгүй яахав. Монголчууд ариусгах чадамж их өндөртэй улс тийм болохоор хэтэрхий их сэжиглэх шаардлага байхгүй л дээ. Сэтгэлээрээ арц гангаар ариутгаад хүний хуучин хувцасыг эдэлж болно. Ариусгахаар мэдээлэл устдаг. Гэхдээ мэдрэмж өндөртэй болохоор нөгөө талаас сэжиглээд сэтгэлдээ юм хийчих тал бас ажиглагддаг. Хуучин хувцас авч байхдаа болохгүй муу ёрын эд биш байгаа гээд сэжиглээд байвал түүнийг эдлэх хэрэггүй. Мэдээллийг нь идэвхжүүлсэн хэрэг болно. Монгол ахуйгаа бас их судлах хэрэгтэй. Хүүхдийн хувцасыг монголчууд тоохгүй л хооронд нь сольж хэрэглэдэг. Хүүхэд гэдэг чинь хамгийн ариухан муу зүйл боддоггүй болохоор хувцас нь ч ямар ч муу мэдээлэлгүй ариун байдаг. Хүүхэд хэнд ч өс санадаггүй. Хүүхэд одоо цагийн хэмнэлд амьдардаг. Тэгэхээр сэжигч хүмүүс бол хоорондоо хувцсаа солих нь дэмий дээ. Мөн хуучин гутал өмсөхөөс хүмүүс цээрлэж явах хэрэгтэй. Яагаад гэхээр хүний муу үйлийн үр нь хөлний чакра дээр төвлөрч байдаг. Адгууснаас дор авирын мэдээллүүд нь тэр доор хадгалагдаж байдаг гэсэн үг. Хүний биеийн хувьд доошлох тусмаа л муу мэдээллүүд нь агуулагдаж байдаг юм байна гээд ойлгоод авчихад болно. Тэгэхээр хөлийн уланд муу мэдээлэл асар их хуримтлагдсан байдаг. Тийм болохоор хүний хуучин гутал бол дэмий. Мөн хүний бүх эрхтэний холбоо цэгүүд хөлийн уланд оршдог. Тэгэхээр хэрвээ өмнө өмсч байсан хүн нь нүдний асуудалтай байсан бол танд ч бас тэр асуудал нь тулгарч болзошгүй гэсэн үг. Гутал, Малгай, Бус гурвыг монголчууд ер нь сольж хэрэглэдэггүй. Хүний хувцасанд мэдээлэл хадгалагдаж байдаг гэдгийг хүмүүс санаж явах хэрэгтэй. Тийм болохоор хувцсыг удаан хадгалах ер нь дэмий. Нөгөө талаар ядуу хүмүүс, хүүхдүүдэд хуучин хувцасаа бэлэглэх нь нэг талаар буян болно. Үнэхээр өгье гэсэн сэтгэлээр боломжийн амьдралтай хүмүүс өгч байгаа болохоор тэр хүмүүсийн буян өгч байгаа хүндээ хүрдэг. Идэж уух, боловсрох, өмсөж зүүхийн буян тэр хүнд нөлөөлж өөд нь бас татах чадалтай. Үүгээрээ давуу тал бас бий. Тийм болохоор монголчууд ч бас эртнээс их буянтай хүн, мэдлэгтэй хүний эдэлж хэрэглэж байсан хуучин зүйлсийг өөртөө авч хэрэглэх дуртай байсаар ирсэн шүү дээ.
-Өнөөдрийн ярилцлагаа ингээд өндөрлөе. Танд сүүлийн асуултаа үлдээе?
-Хүмүүст хүүхэд шиг бай л гэж хэлмээр байна. Хааяа нэг маанагдуу ч юм шиг үргэлж инээж байх нь таныг аз жаргалтай болгоно.
Сэтгэгдэл