Чехийн нийслэл Прага хотын хууль тогтоогчид ОХУ-ын элчин сайдын яамны урд талын талбайд Оросын сөрөг хүчний удирдагч агсан Борис Немцовын нэрийг өгөхөөр болжээ.
Уг ёслолын ажиллагаанд Немцовын охин Жанна оролцох төлөвтэй байгаа гэнэ. Оросын эрх баригчдыг хүчтэй шүүмжлэгч Борис Немцов таван жилийн өмнө Москва хотын төвд, Кремлийн ойролцоо бусдад буудуулж амиа алдсан юм.
ОХУ-ын элчин сайдын яамны Прага дахь байр дайны өмнө алдартай жүүд банкирын эзэмшил байгаад нацистуудад эзлэгдсэний дараа Гестапогийн төв байр болж байжээ. Дайны дараа тухайн үеийн Чехословакын удирдагчид нацизмын дарлалаас чөлөөлж өгсний бэлэг болгож, ЗХУ-д уг байрыг бэлэглэж байв.
Элчин сайдын яамны урд орших талбайг Немцовын нэрээр нэрлэснээр Чехийн ОХУ-тай харилцах харилцаанд хүндрэл гарч болзошгүй байна.
Өмнө нь АНУ-ын Вашингтон, Украины Киев, Литвийн Вильнюс хотууд мөн ижил арга хэмжээ авч, Немцовын дурсгалыг мөнхөлсөн юм.
Прага хотын удирдлага бас ОХУ-ын элчин сайдын яамны ар талд орших Стромовка цэцэрлэгт хүрээлэнг 2006 онд алагдсан Кремлийн бодлогыг шүүмжлэгч сэтгүүлч Анна Политковскаягийн нэрэмжит болгохоор төлөвлөжээ.
Прага хотын захиргаа болон ОХУ-ын элчин сайдын яамны хооронд өмнө нь тус хот дахь ЗХУ-ын маршал Иван Коневын хөшөөтэй холбоотой маргаан дэгдэж байв.
Прага хотын энэ шийдвэрийг Чехийн улс төрийн шинжээч Жири Пехе “бэлгэдлийн чухал ач холбогдолтой” гэж үзэж байна. “Манайд тус улсын Лондон хот дахь элчингээс илүү том бүтэцтэй, дээрэнгүй элчин сайдын яам байдаг. Тэд зөвхөн дипломат үйл ажиллагаа явуулдаггүй нь тодорхой. Манайх шиг жижиг улс Оросоос айхгүй байгаагаа харуулах хэцүү” гэж тэрээр хэвлэлд ярьжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл