Б.Энх-Амгалан сайд мөнгө угаасан уу


-Дарханы замд хохирсон иргэд 500 мянгаас 40 сая төгрөгөөр үнэлэгдэж байна-

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг анхнаасаа ашиглалтад оруулах сонирхолтой байсан эсэх нь олны анхаарлыг татаж байна. Учир нь тэрбээр энэ замыг хааж, чиглэлийг нь өөрчлөх тухай тушаалдаа ашиглалтад оруулах хугацааг нь огт заагаагүй байжээ. Энэ нь нэг талаар товлосон хугацаагүйгээр хэдэн ч төгрөгийн төсөв шаардагдаж мэдэхээр  ажлыг эхлүүлсэн гэсэн үг. Тухайн үед буюу 2019 оны зургаадугаар сард энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж байсан ч иргэдийг бас л "мурьсан”. Ёстой л "хамрын дор хагархай” гэсэн шиг бурсан. Энэ талаар Дарханы замд хохирсон иргэдтэй хамтарч хохирлоо барагдуулахаар болсон иргэн А.Цэрэнбат дэлгэж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн хувьд ажлыг тодорхой хугацаагүйгээр гүйцэтгэж болохгүйг маш сайн мэдэх хэмжээний бизнесмэн. Гэвч төрийн ажилд хүнийрхүү сэтгэлээр хандсанаас болж өнөөдөр иргэд л хохирч байна. Дарханы замыг хуулж хаяснаас хойш Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэнээр бол 16 иргэн амиа алджээ. Мэдээж автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой нь үүнээс хэд дахин их байгаа гэсэн үг. Иргэн А.Цэрэнбаттай хамт гомдол мэдүүлэх 200 гаруй хүний ихэнх нь 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссан аж.

Иргэдийн энэ хохирлыг хуулиар төрийн захиргааны төв байгууллага Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам хариуцах ёстой. Гэтэл нөгөө талаар хуулийн байгууллагын өмнө очвол замын ажлыг дуусгах хугацааг тодорхой заагаагүй гэдэг шалтаг тоочих гэж байгаа юм биз гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Дарханы замыг Азийн хөгжлийн банкны 192 сая ам.долларын хөрөнгөөр, таван багц болгон хэрэгжүүлэхэд БНХАУ-ын дөрвөн аж ахуйн нэгж ялалт байгуулан ажлаа эхлүүлсэн. Гэхдээ туслан гүйцэтгэгч нар монголчууд. Гэтэл тэдгээр Монголын аж ахуйн нэгжүүд болон тэнд ажиллагсад цалин хөлсөө авч чадахгүй, ам нээе гэвч удахгүй эхлэх ажлаа бодоод чимээгүйхэн өдөр хоногийг өнгөрөөж байна.

Зарим инженер нь "Түр зам гэдэг мөнгө угаасан луйврын хэрэг болчихлоо. Хуучин замыг нь байлгаж байгаад шинэ замаа тавих байсан юм. Шинэ нисэхийн замын технолгиор хийх боломжтой байсныг хуулж, хаяад, мөнгө угаах хэрэгсэл болгочихлдоо. Одоо зам барьж байгаа технологийг нь харахад 3-4 жилийн дараа дахиад л асуудал үүсгэнэ. Анх төв замыг хуулж байхад үгээ хэлээгүйдээ харамсаж байна.” хэмээн ярьжээ.

Угаас Авто замын тухай хуулийн 10 дугаар бүлэгт "Авто замын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж байдаг. Тиймээс одоо баримт, нотолгоо нь бэлэн болчихсон 200 гаруй иргэн энэ долоо хоногт Захиргааны хэргийн шүүхэд эхний нэхэмжлэлээ өгөхөөр боллоо.

Д.Түмэнжаргал

http://ask.mn/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.