2019 оны 12 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын хооронд 20 гаруй жил яригдсан Монгол дахь ОХУ-ын орон сууцны байрны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайханаас тодрууллаа.
-ОХУ-ын Монгол Улс дахь орон сууцны байрны асуудлыг оршин суугч иргэд нь байнга тавьдаг. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн вэ?
-Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 91 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ахлуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх мэт олон байгууллагын төлөөлөл орж ажилласан.
Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбогдох олон улсын гэрээ байдаг. “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр” бий. Энэ хоёр баримт бичгийг Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай байсан. Ийнхүү дээрх баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар ноот бичиг солилцох замаар байгуулсан бөгөөд хэлэлцээрийг Улсын Их Хурал 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Ингэснээр орон сууцны найман байрыг холбогдох цахилгаан, дулааны дэд станцын хамт Монгол Улсын өмчид шилжүүлэн авах эрх зүйн үндэс бүрдсэн юм. Үүний үр дүнд ОХУ-ын Засгийн газраас орон сууцны найман байрыг оршин сууж буй иргэдэд нь хувьчлах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөхцлөөр Монгол Улсын өмчлөлд шилжүүлж, хүлээн авах актад хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан.
-ОХУ-ын Монгол Улс дахь орон сууцны найман байр Монгол Улсын өмч болсон гэж ойлгож болох уу? Ямар ямар байр орон сууц эдгээрт хамаарч байгаа вэ?
-Орон сууцны найман байрыг Монгол Улсын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэх нь зүйтэй. Монгол Улсын өмчид шилжүүлэн авсан орон сууцны байранд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороололд байрлах 17 дугаар байрны 24 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд байрлах 1, 7, 11, 12, 13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 3, 4 дүгээр байр багтаж байна. Эдгээр байранд Гаалийн ерөнхий газар, МУИС-ийн албан хаагчдаас гадна “Ээрмэл”, “Талх чихэр” зэрэг компанийн ажилчид, Дархан-Уул аймгийн иргэд 1998 оноос эхлэн түрээсээр амьдарч байна. Орон сууцны эдгээр найман байранд нийт 560-аад айл өрх амьдарч байгаа юм.
-Эдгээр орон сууцны найман байрыг оршин сууж буй иргэдэд нь хувьчлах уу?
-Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу түрээсийн гэрээгээр орон сууц эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдэд оршин сууж буй сууцыг нь хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар ОХУ-аас хүлээн авсан орон сууцны найман байрыг хувьчлах бэлтгэл ажлыг ханган 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан шийдвэр гарсан, манай газраас эдгээр байрыг хувьчлалд бэлтгэх Ажлын хэсгийг байгуулан, дээр дурдсан орон сууцны найман байрны иргэдээс холбогдох өргөдөл, баримт материалыг хүлээн авч, хувьчлах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.
-Одоо дээрх найман орон сууцанд амьдарч буй иргэд хувьчилж авахын тулд яах ёстой вэ?
-Монголын талд шилжсэн найман орон сууцны байранд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байх талаар өмнө нь Оросын талтай ноот бичиг солилцож байсан. Одоо Монгол Улсын өмч болж, хууль тогтоомжид нийцүүлэн хувьчлах тул эдгээр байранд амьдарч буй иргэд орон сууц хувьчлан авах эрхээ нотлох баримт, холбогдох материалыг бүрдүүлэн манай байгууллагад хандана. Бид орон сууцны байр хувьчлан авах эрх бүхий иргэдийн судалгаа, жагсаалтыг бэлтгэн Засгийн газарт танилцуулан хувьчлах шийдвэр гаргуулна.
Сэтгэгдэл