УИХ-ын гишүүн асан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүүг “VIP Ярилцлага” буландаа урьж, сэргээгдэх эрчим хүч тойрсон сэдвээр ярилцлаа.
Цахилгааны үнийг чөлөөлж, эрчим хүчний салбараа үр ашигтай болгох хэрэгтэй
-Сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байгаад шүүмжлэлтэй хандаж, жиргэсэн байсан. Энэ асуудлаас ярилцлагаа эхэлье?
-Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь ерөнхий нэршил. Манайд нар, салхи, уснаас эрчим хүч гаргаж, хэрэглэж байна. Сэргээгдэх эрчим байгаль орчинд ээлтэй. Гэхдээ зөвхөн байгаль орчинд ээлтэй гэдэг талаас нь хараад, бусдыг нь мартаж болохгүй. Эдийн засаг талаас нь зохицуулалт хийх хэрэгтэй. Ирээдүйд сайтар хөгжүүлэх ёстой салбар мөн ч өнөөдрийн байгаа байдал нь энэ улсын эдийн засагт муугаар нөлөөлж байна. Сэргээгдэх эрчим хүчний зарим нэг төрлүүдэд сайнгүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Үүнийг зөвхөн би яриад байгаа юм биш. Өмнө нь ч яригдаж л байсан, нууц биш зүйл.
Тухайлбал, салхин болон нарны станцуудын өртөг өндөр. Гэхдээ байгуулж байгаа гэрээнүүд нь хуулийн дагуу. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу гэрээ, хөрөнгө оруулалтуудыг хийгээд, ажиллаж байгаа. Тэдний үйлдвэрлэсэн эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний системд худалдан авах гэрээ хийдэг. Тэр гэрээнд заасан үнэ нь бидний одоогийн төлж байгаагаас нэлээд өндөр. Бараг дахин шахуу илүү үнэтэй байхгүй юу. Нөгөө талаар нүүрс түлж, цахилгаан гаргаж байгаа станцуудын эрчим хүч нийлүүлэх өртөг бодит биш. Засгийн газрын хяналтад байдаг. Чөлөөт биш, хөвөрдөггүй, хатуу барьдаг үнэтэй учраас цахилгаан станцууд ашигтай ажиллаж чаддаггүй. Өндөр үнэтэй, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих мөнгийг хаанаас олох вэ гэдэг нь асуудал болчихоод байна. Тиймээс бидний хэрэглэж байгаа цахилгааны төлбөр дээр нэмээд, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэж авдаг.
Жиргээнээс харсан бол 160 гаруй мянган төгрөгийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрт төлсөн хүмүүс байх жишээтэй. Тэр хүмүүс асуудалд нэлээд шүүмжлэлтэй ханддаг, надаас ч их асуудаг. Тиймээс би жиргээнд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
-Сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан гаргаж авах өртөг нь угаасаа өндөр байдаг юм уу. Эсвэл станцуудыг нь байгуулж байгаа өртөг өндөр байдагтай холбоотой юу?
-Салхин юм уу нарны энергийн станцуудын балансыг нь бариад сууж байгаа биш болохоор шууд тодорхой тоо хэлэхэд хэцүү. Ерөнхий ойлголтоор аль аль нь л байгаа. Нэгдүгээрт, Монгол шиг бизнес хийхэд эрсдэл өндөртэй оронд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхдээ бараг мөнгө хүүлэх маягтайгаар ажилладаг. Монголд бизнесийн орчин ямар билээ, банкны хүү хэр өндөр байгаа билээ дээ. Энэ бүхэн хөрөнгө оруулалтын өртгийг нэмдэг. Хоёрдугаарт, иймэрхүү төслүүдийн санхүүжилт давхар зуучлал ихтэй байдаг юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, компаниуд банк, санхүүгийн байгууллагаас мөнгө зээлээд, дээрээс нь өөрсдийнхөө ашгийг нэмэх зорилготой ажилладаг. Зээлийн үйлчлэх хувь гэж том зүйл бий. Тэр хувийг ч бас ашиг дотроо тавиад оруулаад ирж байгаа учраас сэргээгдэх эрчим хүчний төлбөр маш өндөр тогтоод байгаа юм.
Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчний станц барих материалуудын ихэнхийг нь гаднаас оруулж ирдэг. Материалын тээвэрлэлтийн зардал, суурилуулалт нь өндөр өртөгтэй. Мөн материалыг нь оруулж ирж байгаа компаниуд ч өндөр ашиг харж, үнээ нэмдэг. Гэх мэт маш олон хүчин зүйл нийлээд, өртөг нь нэмэгддэг. Энэ бүхнийг тооцож байгаа хөрөнгө оруулагчид чинь Эрчим хүчний салбарынхныг лоббидоно. Дагаад хууль нь тэдэнд ээлтэй байдлаар гарна. Гарсан хуулийнхаа хүрээнд хамгийн боломжийн, өндөр үнийг л тогтоолгохыг бодно. Засгийн газар талаас гэрээ хийж байгаа түшмэдэд өөрсдийнх нь халааснаас мөнгө гарахгүй, төлбөр төлөхгүй болохоор сэтгэл дутах ч тал байгаа. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байвал 0.1 хувийн төлөө ч үхэн хатан зүтгэнэ. Гэтэл тэгэхгүй байна. Хамгийн дээд үнээр нь хийгээд өгчихдөг. Ийм л зүйлүүд байгаа болохоор сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр байна.
Өнөөдөр бид хэрэглэж байгаа цахилгааныхаа өртгөөс хамаагүй илүү үнээр сэргээгдэх эрчим хүчийг худалдаж авдаг. Үүнээс болоод эрчим хүчний салбар алдагдал дээрээ нэмж алдагдал хүлээгээд байна. Алдагдлыг нь багасгахын тулд иргэдийн, татвар төлөгчдийн халаас руу л гараа шургуулаад байгаа юм. Том утгаар нь авч үзвэл, тэртээ тэргүй л иргэдийн халааснаас авахаас өөр аргагүй л дээ. Гэхдээ хэлбэр нь өөр байх ёстой юм.
-Яг ямар хэлбэрээр хөгжүүлбэл болох вэ. Үнэ нь буурах боломж байгаа юу?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд сэргээгдэх эрчим хүчнийхээ үнийг тусад нь тавьдаггүй. Нийт эрчим хүчнийхээ үнэд шингээгээд л явдаг. Монгол Улсын цахилгааны үнэ бусад орнуудтай харьцуулахад, хамаагүй хямдхан. Төрийн популист бодлого нөлөөлдөг байх. Энэ нь салбараа хөгжүүлэхэд садаа болж, хүлчихдэг. Бодоод үз дээ, айлууд дунджаар хэдэн төгрөгийг цахилгааны төлбөрт өгч байгаа билээ. 28 орчим мянган төгрөг л байх. 10 ам.доллар л гэсэн үг. Сард 10 ам.долларыг цахилгааны төлбөртөө өгдөг иргэдтэй улс хэд байна гээд хайгаад үзээрэй. Олдохгүй байх шүү. Ингээд бодохоор бид маш хямд өртгөөр цахилгаан хэрэглэж байна. Гэхдээ энэ чинь хиймэл хямд өртөг. Хүчээр л үнэ өртгийг бариад байна. Уг нь бид иргэдийнхээ төлбөрийн чадварт тохируулаад, бага багаар цахилгааны үнийг чөлөөлж, эрчим хүчний салбараа үр ашигтай болгох хэрэгтэй.
Эрчим хүчний салбар үр ашигтай ажиллаад ирэхээр эдийн засгийнхаа суурь чадавхид тулгуурласан цахилгаан үүсвэрүүдийнхээ бодлогыг барьж, хэрэгжүүлж эхэлнэ. Ингэж чадвал маш өндөр өртөгтэй цахилгааны эх үүсвэр барих ёстой юу, үгүй юу гэдэг бодлого нь тодорхойлогдоно. Барих ёстой юм гэхэд цахилгааны төлбөрөө тусад нь бодох биш нийт эрчим хүчнийхээ үнэд шингээгээд авах хэрэгтэй. Бусад орнууд шиг. Энэ нь өөрөө зөв систем. Түүнээс биш тусад нь үнэ тавьчихаад, янз бүрээр тайлбарлаад байж болохгүй. Хүн чинь их сонин. Төлбөрийн их, багыг хүмүүс бодохоосоо илүү шударга, ил тод байдлыг хүсдэг.
Манай улс тогтмол биш замбараагүй салхитай учраас салхин станц барихад маш эрсдэлтэй
-Сэргээгдэх эрчим хүчний станцуудын нийлүүлж байгаа цахилгаан нийт эрчим хүчний системд тийм ч том нэмэр үзүүлдэггүй. Манай улс зөвхөн байгаль орчинд ээлтэй гэдэг утгаар нь сэргээгдэх эрчим хүчний станцуудыг бариад, эдийн засгийн асуудлаа орхигдуулаад байна гэж ойлгож болох уу?
-Аливаа зүйлд туйлширч хандаж болохгүй. Хамгийн муу зүйл ч гэсэн багахан хэмжээний сайн талтай байдаг. Хямрал гэдэг бол нөгөө талдаа боломж гэсэн үг гэдэг дээ. Аливаа зүйлд тэгж хандах ёстой. Тэнцвэртэй ханд гэсэн үг. Түүнээс биш зөвхөн нэг талд нь гарчихаад, сайн, муу гээд байх хэрэггүй. Сэргээгдэх эрчим хүч байгаль орчинд ээлтэй гэдэг утгаараа маш чухал. Бусад оронд огт байхгүй үзэсгэлэнт байгаль манайд байгаа юм биш. Нэг онцлог байгаа нь бид байгалиа онгон хэвээр нь, бохирдол багатайгаар нь авч үлдсэн. Цаашид энэ хэвээр нь хадгалж үлдэж чадвал манай улсын ирээдүй маш гэрэлтэй харагдаж байгаа.
Жил ирэх тусам л хэт үйлдвэржилт хүний эрүүл мэндэд муу гэдэг нь батлагдаад байна. Тиймээс хүн төрөлхтөн хэт үйлдвэржилтийн бодлогоо эргэж нэг харах байх. Яг энэ үед Монгол хамгийн сонирхолтой улсуудын нэг болно. Тэр утгаараа байгаль орчинд ээлтэй хөгжлийн технолгиудыг харж байх ёстой. Энэ утгаар нь авч үзвэл, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь зөв. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл, тэр ирээдүйдээ хүрэхийн тулд өмнө нь энэ улс орон чинь нураад уначихгүй байх хэрэгтэй биз дээ. Ирээдүйн тэр сайхан нийгэмд амьдрах иргэд маань боловсролтой, чадвартай болох ёстой. Тэгэхийн тулд бид өнөөдөр эдийн засаг, санхүүгээ бодохгүй бол болохгүй. Тиймээс тэнцвэртэй л харах хэрэгтэй юм. Одоогоор эдийн засгийн асуудлаа арай л хол хаяад, орхигдуулчихсан яваад байна. Эдийн засаг руу анхаарлаа тавих цаг болсон гэж л яриад байгаа юм.
Яагаад гэвэл сэргээгдэх эрчим хүч байгаль орчинд ээлтэй гээд л сүүлийн 10-аад жил замбараагүй их мөнгө үрлээ. Бодлогогүй маш их зүйл байна. Хэрвээ манай эрчим хүчний сүлжээ хоёр хөршөөрөө дамжаад, Азийн эрчим хүчний сүлжээ гэдэгт холбогдоё гэж бодъё. Тэр тохиолдолд эрчим хүчийг үйлдвэрлээд, экологид ээлтэй л бол нүдээ аниад л аваад байх хэрэгтэй. Яагаад гэвэл Азийн эрчим хүчний сүлжээнд орчихвол хэрэглэгчтэй болсон гэсэн үг. Төлбөрийг даах чадвартай болсон гэж ойлгож ч болно. Харин зөвхөн Монголд байвал маш өндөр үнэтэй үйлдвэрлэсэн мөртлөө хэрэглэгдэхгүй эрчим хүч болж хувирна. Хүмүүс мэднэ дээ, өдөртөө эрчим хүчний хэрэглээ хэвийн байдаг. Орой болохоор ачаалал нэмэгдээд, дутагдахаар Оросоос маш үнэтэй цахилгаан авдаг. Шөнө болоод, хэрэглээ нь уначихаар буцаагаад Орос руу бараг үнэгүй шахуу өгдөг. Хэрвээ бид томоохон сүлжээнд орчихвол энэ савлагааг арилгачихаж болно. Энэ тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний станцуудыг аль болох их барих хэрэгтэй.
-Азийн эрчим хүчний супер сүлжээг үнэхээр байгуулж чадвал Монголд бүх нөөц боломж нь байна. Гол үйлдвэрлэгч нь Монгол Улс байна гээд яриад байгаа. Тийм боломж үнэхээр байгаа юу. Та тодорхой хэмжээнд судалж л байгаа байх?
-Сүүлийн 10 жил маш олон хурал, зөвлөгөөн болж, энэ талаар ярьж байна даа. Энэ чинь Японы “Софтбанк” гэдэг компанийн санаачилсан төсөл. Бид энэ төсөлд голлох биш юм гэхэд идэвхтэй оролцогч байж чадахгүй байгаа. Оролцсон маягтай л байгаа юм. ОХУ-ын манайхтай ойрхон хиллэдэг, Байгаль нуур орчмын хэсгээр эрчим хүчний илүүдэлтэй. Олон жилийн өмнө усан цахилгаан станцууд бариад, эрчим хүчний асуудлаа шийдчихсэн. Маш хямдхан цахилгаан хэрэглэдэг. Тиймээс илүүдэл эрчим хүчээ Монголоор дамжуулж Хятад руу гаргах гээд байгаа. Уг нь хамгийн товч, ашигтай зам нь мөн. Улс төр, бусад зүйл нь үйлчлээд, яригдаад, болиод л байна. Хэрвээ Оросоос Хятад руу эрчим хүч нийлүүлэх системд холбогдчихвол хүссэн ч, эс хүссэн ч Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбогдох алхмаа хийчихлээ гэсэн үг. Ядаж л дамжуулагч болно шүү дээ.
Түүний дараа бид зөвхөн дамжуулагч биш үйлдвэрлэгч болох бүрэн боломжтой. Нар, салхины нөөцөө ашиглаад, цахилгаан үйлдвэрлэх боломж бий. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Салхи гэдэг их хэцүү эх үүсвэр. Тогтмол, нэг чиглэлтэй байж эрчим хүч үйлдвэрлэх ашигт үйлийн коэффициент нь өндөр байдаг. Гэтэл манай улс салхи ихтэй мөртлөө замбараагүй, хуйларсан маягтай байдаг учраас салхин станц барина гэдэг маш их эрсдэлтэй. Бидний төсөөлснөөр салхи багатай юм шиг санагддаг, Герман, Голланд зэрэг Аталантын далайн цаад эргийн улсууд. Эсвэл номхон далайн эрэгт байгаа АНУ-ын Калифорниа мужийн улсуудад салхин станцууд яагаад их байдаг вэ гэхээр далай, эх газар хоёрын хоорон дахь урсгал салхи нь хэдэн зуун жилээр бараг л өөрчлөгдөхгүй, нэгэн хэвийн байдаг. Тийм газар салхин станц ихээр барьдаг юм.
Манайхан аливаа асуудалд ухаалаг хандах хэрэгтэй байна. Салхин станц гэхээр л хаана хамаагүй барьчихдаг юм биш. Салхины урсгалын аман дээр станц барих шаардлагатай болно. Газар сууж байхад маш их салхитай байя гэж бодъё. Гэтэл ердөө 10 метрийн өндөрт огт өөр, бараг салхигүй байх жишээтэй. Салхины урсгал энэ мэтээр өндрөөс шалтгаалж өөр өөр байх нь ч бий. Тиймээс салхины судалгааг маш нарийн, сайн хийж байж салхин станцыг барьдаг юм. Түүнээс биш, 1990-ээд оны эхээр монголчууд салхин станц барьж байна гээд сумын төв болгонд нэг сэнс босгосон шиг байж болохгүй. Сумын төвд зориулж салхины урсгал явахгүй шүү дээ. Харин ч сумын төвийг нөмөртэй газар барьж байсан байлгүй. Тийм газар сэнс зоочихоор юу гэж салхин станц болох вэ дээ, сэнс нь эргэхгүй. Хамгийн харамсалтай нь тэр сэнсүүдийг хараад л хүмүүс дүгнэчихсэн. Тэгээд “Салхин станц чинь дэмий, ажилдаггүй юм билээ” гэдэг. Хаа хамаагүй газар сэнс тавьчихаар чинь яаж ажиллах юм бэ.
Тохируулга хийж чадахгүй л бол хэчнээн ч ТЭЦ барьсан бид гаднаас цахилгаан авсаар л байх болно
-Хамгийн их ашигтай нь усан цахилгаан станц байна. Хамгийн өндөр хөгжсөн, эдийн засаг нь хүчирхэгжсэн орнууд усан цахилгаан станцыг ашигладаг гэдэг юм билээ?
-Байгалийн хүчин зүйлээс хамгийн бага шалтгаалдаг нь усан цахилгаан станц юм. Нарны хавтангууд гэхэд нарны туяаны эгц тусгалтай үед л цахилгаан үйлдвэрлэдэг. Сүүлийн үед нартай л бол цахилгаан үйлдвэрлэх боломжтой хавтангууд гарч байгаа гэж бичээд байна. Тэрийг нь ашиглатал хэзээ ч билээ. Одоо ашиглаж байгаа нарны хавтангууд нарны тусгалаа дагаж эргэж, цахилгаан үйлдвэрлэдэг. Гэтэл өдөр, гэгээтэй үед эрчим хүчний хэрэглээ багасна. Нарны станцаар өдөр үйлдвэрлэж байгаа цахилгааныг хадгалж чадахгүй л бол ашиг багатай. Орой болоод, айл болгон гэрлээ, зурагтаа асааж, хоолоо хийдэг ачааллын үед эрчим хүчний үйлдвэрлэл нь зогсчихдог. Тэгэхээр нарны станц хадгалж чадахгүй л бол бидэнд цахилгаан хэрэгтэй үед зогсчихдог эх үүсвэр.
Салхины станц ч гэсэн ялгаагүй. Бас л хадгалж чадахгүй бол хэрэглээ бага. Бидэнд цахилгаан хэрэгтэй, хэрэглээ өссөн үед их салхилж, эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй л бол хэцүү шүү дээ. Харин усан цахилгаан станц тийм эрсдэлгүй. Мэдээж борооноос үүдэлтэй, усны их, багаас шалтгаалах зүйл байна. Түүнийгээ хиймэл нуур байгуулж, далан барьж шийддэг. Ямар ч бороогүй байсан ч жилийн турш ажиллаад байх боломжтой усны нөөцтэй болчихдог учраас тасалдалгүй. Голын ус чинь бороо их ороод, үер болохоор нэмэгдээд, айл урсгаад байдаг биз дээ. Бороо багасаад, хэт хуурайшвал ширгээд, багасаад ирдэг. Гэтэл бидний хүслээр гол үертэй ч биш, ширгэж багасахгүйгээр тасралтгүй урсаж байвал сайн биз дээ. Усан цахилгаан станц барихаар түүнээс доошоо яг л хүмүүсийн хүсээд байдаг шиг болдог. Яагаад гэвэл дээд талд нь 2-3 жилийн хугацаанд ашиглаж болохоор асар их усны нөөц бий болгочихдог. Тэгээд турбин эргүүлэх хэмжээнд жигдхэн урсгаад байдаг.
Үеэр боллоо ч гэсэн усаа даландаа хуримтлуулчихна. Үерийн гамшиг болоод, хэцүүдээд байхгүй. Бороо орохгүй, хатаж хуурайшсан үед нөөцөлсөн усаа жигд урсгаад байхаар усан цахилгаан станцаас доошоо урсаж буй голын ус менежменттэй болоод ирдэг. Ихсэхгүй, багасахгүй, жигд сайхан урсдаг. Тиймдээ ч дэлхий нийтээрээ усан цахилгаан станцын далангаас доошоо урсаж байгаа голын эрэг дагуулаад эрчимжсэн тариаланг хөгжүүлдэг. Ус нь ихэсдэггүй, багасдаггүй учраас үер болоод тариалан урсгана гэж санаа зоволтгүй. Мөн усгүй болно гэж айлтгүй, усалгааны системээ давхар шийдчихдэг. Хятадад Хөх мөрөн, Шар мөрөн гээд хоёр том гол урсаж байна. Тэр хоёр мөрөн дээр маш олон усан цахилгаан станц байгуулсан. Хөх мөрөнг түшиглээд 16 усан цахилгаан станц барьсан байх жишээтэй. 19, 20 дугаар зуунд Хөх мөрөн айхтар үерлэж, тосгодыг урсгаж, живүүлдэг байсан юм билээ. Харин олон усан цахилгаан станц барьснаар үерийн аюул багассан. 16 станцын усан далан ямар ч том үерийг хуримтлуулаад авчих боломжтой.
Усан цахилгаан станц хаана хөгжсөн байна вэ гэдгийг харахад, өндөр хөгжсөн оронд л байна. Норвеги гэхэд эрчим хүчнийхээ хэрэглээний 90-ээс дээш хувийг усан цахилгаан станцаар шийдсэн. Тэнд ямар ч нүүрсний станц байхгүй. Өнөөдөр Норвеги хөгжлөөрөө загвар болж байна шүү дээ. АНУ усан цахилгаан станцынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Швейцарьт худалч хүнд гол болгон дээр нь усан цахилгаан станц байна. Хэрвээ тийм хортой л байсан бол өндөр хөгжилтэй орнууд яагаад усан цахилгаан бариад байгаа юм. Дэлхийд алдартай Ниагарын хүрхрээг хүн бүр л мэдэх байх. Тэр хүрхрээний дээр нь ч, доор нь ч усан цахилгаан станц байгаа шүү дээ.
-Усан цахилгаан станц тохируулгатай учраас манайх шиг хэрэглээний хэлбэлзэл ихтэй оронд хамгийн тохирсон эх үүсвэр биз?
-Монгол Улсын цахилгааны хэрэглээ их хэцүү, савлагаа ихтэй. 20, 30 минутын дотор хэрэглээ нь асар их өсөөд, буцаад унаад байдаг. Тохируулга хийх боломж байхгүй. Тиймээс Оросоос тохируулгад зориулж цахилгаан аваад байдаг юм. Дахиад хэдэн зуун нүүрс түлдэг цахилгаан станц барьсан ч гэсэн бид тохируулгаа хийж чадахгүй бол гаднаас цахилгаан авсаар байна. Мөн тохируулга хийж чадахгүй бол эдийн засгийн хувьд үр ашиггүй болно. Суурь горимд ажилладаг станцууд зөвхөн тэр хэрэглэгээг хангаад, савлагааг усан цахилгаан станц хаадаг байхгүй юу. Бусад үед усан цахилгаан станцууд ажиллахгүйгээр, усаа нөөцлөөд байж болдог юм.
Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
Дэлхийн стандартад нийцсэн ТЭЗҮ-тэй бэлэн төсөл бол Эгийн голын усан цахилгаан станц
-Эгийн голын усан цахилгаан станцын төсөл яагаад одоо болтол хэрэгжихгүй байгааг хүмүүс янз бүрээр ярьдаг. Та энэ төслийн удирдагч байсан хүн нэгийг хэлэх байх. Мөн хэдэн МВт-ын усан цахилгаан станцтай байж одоо байгаа савлагааг тохируулах боломжтой вэ?
-Эгийн голын станцыг барина гэж 20 жил ярилаа гээд хүмүүс хэлдэг. Гурван удаа барих гэж оролдоод амжилттай болоогүй л явна. Гурав дахь нь манай оролдлого, түр зогсчихоод байна. Би энэ төслийг заавал хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Бүр 1990 оноос хойш л энэ төслийг хэрэгжүүлэх гэж хичээсэн. М.Энхсайханы Засгийн газрын үед бараг барингаа алдаад зогссон. Дараа М.Энхболдын Засгийн газрын үед яг барих гээд, гэрээгээ, сонгон шалгаруулалтаа хийчихсэн байж байгаад зогсоолгочихсон.
Анх Эгийн голын усан цахилгааныг барихаар хийсэн ТЭЗҮ нь 210 МВт байсан. Тухайн үед Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ бага байлаа. Савлагааных нь хэмжээ ч 100 МВт-аас хэтрэхгүй байсан юм. Тиймээс 210 МВт-ын усан цахилгаан станц тэр савлагааг хангалттай хаах боломжтой байсан. Гэтэл төслөө хэрэгжүүлж чадахгүй байсаар байгаад 30 жил болчихлоо. Өнөөдрийн манай улсын эрчим хүчний хэрэглээ 1000 гаруй МВт. Савлагаа нь 300 МВт-аас даваад алга болсон. Одоо Эгийн гол дээр барихаар төлөвлөсөн 315 МВт-ын усан цахилгаан станц дөнгөж л тэр савлагаан дээр тоглолт хийх боломжтой болохоос илүү гарахгүй. Хэрвээ усан цахилгаан станцаа барьж чадахгүй удаад байвал. Жил ирэх тусам байшин барилга нэмэгдээд, үйлдвэрүүд олшроод байвал савлагаа нь улам ихсэнэ. Савлагаа ихсэхээр Эгийн голын 315 МВт-ын усан цахилгаан станц багадана. Дахиад 200-300 МВт-ын усан цахилгаан станц барихгүй бол тохируулгаа хийж чадахгүйд л хүрнэ.
-Эгийн голын усан цахилгаан станцыг барих гээд байна уу, үгүй юу. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-ТЭЗҮ, зам, гүүрийнх нь зураг төсөл гараад, барилгынх нь ажил эхэлчихсэн явж байгаад зогсоолгочихсон шүү дээ. Эгийн голын төслийг эхлүүлэхэд бэлэн байгаа. Гол нь хөршүүдтэйгээ үл ойлголцсон, биднийг шахаж, дарамталж байгаагаас үүдэлтэй л зогсчихсон. Оросууд Хятадуудад хүсэлт тавиад, яг өгөх гэж байсан санхүүжилтийг зогсоосноос болоод л ажил нь зогсчихсон.
Үргэлжлүүлээд хийвэл бүх зүйл нь бэлэн. Өнөөдөр Монгол Улсад ТЭЗҮ нь гараад, бүх зүйл нь бэлэн байгаа, эхлэхэд болохоор цөөн хэдэн төсөл байгаагийн нэг нь энэ. Бид нэг л их том том юм яриад, гадны орнуудаас мөнгө гуйдаг. Яг өгөх дээрээ тулаад, дэлхийн стандартад нийцсэн бэлэн төсөл байна уу гэхээр байдаггүй. Тийм цөөн хэдхэн төсөл байгаагийн нэг нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл юм.
-Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих боломжтой. Оросууд зөвшөөрдөггүй гээд л яриад байдаг. Үнэхээр Оросууд зөвшөөрөхгүй байгаа юм уу. Асуудал юунд байна?
-Шүрэнгийн цахилгаан станц. Энэ цахилгаан станцыг барихын тулд Оросуудтай зөвшилцөх ёстой. Сэлэнгэ мөрөн чинь хил дамнасан гол учраас хилийн усны хэлэлцээр гэж бий. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч Оросуудтай ярилцахаас өөр аргагүй. Эгийн голын станц бол тийм биш.
-Оросууд манайхыг бие даасан эрчим хүчний системтэй болчихно гээд боогоод байдаг юм уу. Тийм зүйлийг бас яриад байдаг шүү дээ. Та юу хэлэх вэ?
-Гээндээ ч бий гоондоо ч бий гэж хэлье. Би тодорхой хэмжээнд ажил хариуцаж байсан хүн, зүгээр нэг амны зоргоор ярьж байгаа юм биш шүү. Хөрш орнуудтайгаа бид ойлголцож л явах ёстой. Гэхдээ хөрш орнуудын эрх ашгаас илүү бидний эрх ашиг гэж байх хэрэгтэй. ОХУ-аас таьж байгаа шаардлага нь Байгаль нууртай л холбоотой асуудал. Гэхдээ би түрүүнд хэлсэн дээ, усан цахилгаан станц байгаль орчинд хортой гэхээсээ илүү ашигтай байхгүй юу. Сэлэнгэ мөрний цутгалангийн хэсгийг үер очиж эвдэж, сүйтгэдэг. Гэтэл үер болгохгүй байх хамгийн сайн хамгаалалт чинь усан цахилгаан станц. Оросууд үүнийг мэдсэн мөртлөө л бариулахгүй гэдэг. Ярьж байгаа зүйлс нь жижиг хөршөө хавчсан маягтай л зүйл. Энд улс төрийн шалтгаан байгаа байх. Яагаад гэвэл олон усан цахилгаан станцтай болчихвол Монгол Улс эрчим хүчний хувьд хараат бус болчихно.
-Зөвхөн Сэлэнгэ гэхгүй Туул, Хараа, Ерөө, өөр ямар байдаг юм гол дээр усан цахилгаан станц барьчихаж болдоггүй юм уу?
-Байгаль нуурын сав газарт ямар нэгэн юм барьвал биднээс зөвшөөрөл ав гээд байдаг. Манай ихэнх гол Сэлэнгээр дамжаад байгаль нуурт цутгадаг. Гэхдээ ямар ч Олон улсын болоод ОХУ, Монголын хуульд зөвшөөрөл авах заалт байхгүй. Нуурын сав газрын хууль гэсэн ойлголт ч байхгүй шүү дээ, том утгаараа. Голын сав газар л гэж байдаг болохоос. Би тэдний өөдөөс нэг л зүйлийг хэлж байгаа. Өөрийнхөө нутаг дэвсгэр дээр урсаж байгаа голын усыг ашиглах эрх нь энэ ард түмэнд байгаа гэж.
-Эгийн голын усан цахилгаан станцыг барих өртөг нь хэдэн сая ам.доллар юм бэ?
-Одоо байгаа ТЭЗҮ-ээр 827 сая ам.доллар. Үүнийг өндөр үнэтэй байна гээд янз бүрийн хэл ам маш их гарсан. Дотроосоо ч байна. Гадны хатгаасаар ч их зүйл явсан байх. Монголд ажил унагая гэвэл ухаантай зүйл ярихгүйгээр зүгээр л хардлага, сэрдлэг гаргаж тавиад л гүйцээ. Намайг хүртэл ажлаа өгчихөөд хоёр, гурван жил болсон байхад шалгуулах гээд, шалгаад баахан явсан. Идэж, уучихсан ямар нэг зүйл байхгүй учраас юу ч гарахгүй шүү дээ.
Н.Пунцагболд
Эх сурвалж: zaluucom.mn
Сэтгэгдэл