Монгол Улс хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас 282 иргэнээ татан авсан билээ. Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газрын ерөнхий консул Д.Чадраабалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОХУ-д “Covid-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж, нөхцөл байдал сүүлийн үед улам эрсдэлтэй болж байх шиг байна. Нөхцөл байдал ямар байгаа талаар сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?
-Дэлхий нийтээр тархаад байгаа коронавирус хэмээх тахал энэ оны нэгдүгээр сард Өвөр байгалийн хязгаарт нэг, Тюменьд нэг тохиолдол бүртгэгдэж, гуравдугаар сард Москва хотод Италиас ирсэн иргэнээс илэрч ОХУ-д бүртгэгдэж эхэлсэн байдаг. Тэр цагаас одоо хүртэл 21102 тохиолдол илэрч 1694 хүн эдгэрч 170 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 2274 тохиолдлоор нэмэгдсэн. Манай ард түмний зүйр үг байдаг даа, “Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг ээ” гэж. Энэ аймшигт өвчин дэлхий нийтээр тархах төлөвтэй Харин энэ өвчин эх орон, эх нутгаасаа хол яваа хүмүүст их хүнд байдлыг бий болгож байна.
-Улаан-Үд хотын нөхцөл байдал ямар байна вэ. Тэнд халдварын тохиолдол илэрсэн үү, илэрсэн бол хөл хорио, урьдчилан сэргийлэх ажлууд хэр хийгдэж байх юм?
-Өвчний тохиолдол илэрсэн. Улаан-Үдэд гуравдугаар сарын 25-нд сэжигтэй тохиолдол анх бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 100 тохиолдол болж, 23 хүн эдгэрч, хоёр хүн нас бараад байна. Эмнэлэгт 75 хүн эмчлүүлж байгаагаас 15 нь хүүхэд байгаа. Өвчилсөн хүмүүсээс таван хүн сэхээн амьдруулах тасагт, нэг хүн амьсгалын аппараттай, хавьталд орсон 2213 хүнд шинжилгээ хийсэн байдалтай байна.
Улаан-Үдээс гадна манай консулын тойрогт багтдаг Өвөр байгалийн хязгаарт 14 тохиолдол бүртгэгдэж эдгэрсэн нэг хүн байгаа бол Хаворовскийн хязгаарт 54 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдгээрээс долоон хүн эдгэрсэн бол хоёр хүн нас барсан. Приморийн хязгаарт 32 тохиолдол гарч, эдгэрсэн хүн гурав байгаа бол нас барсан хоёр тохиолдол болоод байна. Тус нутагт манай улсын цөөн тооны иргэн амьдарч, ажиллаж суралцдаг. Тиймээс бид тэдний асуудлыг ч орхигдуулах ёсгүй гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу холбооны субьектийн удирдлагууд шийдвэр гаргаж коронавирустэй тэмцэж байгаа. Улаан-Үдэд Москва, Сант зэрэг голомтын өндөр идэвхжилтэй байгаа газраас ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлаж байна. Хотын гудамжаар яваа иргэдийг шалгаж торгууль шийтгэлийн арга хэмжээ ч авч байна.
-Улаан-Үд хотод хэчнээн монгол иргэн ажиллаж амьдарч байна вэ. Ерөнхий консулын газар халдварт өвчнөөс урьдичлан сэргийлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажлууд зохион байгуулав . Одоо ямар ажил дээр төвлөрч байна?
-Улаан-Үд хотод 250 оюутан суралцаж, 200 орчим иргэд ажиллаж амьдардаг. 100 орчим холимог гэр бүл байдаг. Түүнээс гадна жилдээ 400 мянган иргэд зорчдог. Ерөнхий консулын газраас вирус гарсантай холбогдуулан иргэддээ мэдээлэл өгөх, зөвөлгөө өгөх, эх орондоо буцах хүсэлтэй иргэд, оюутнуудыг бүртгэх, зааварчилгаа өгөх 24 цагийн ажиллагаатай утас ажиллуулж байна. “Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар” гэсэн пэйж хуудас нээж ажиллуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт 13192 хандалттай, дагалт 1239, лайк 1177 байна. Одоо эх орондоо буцах хүсэлтэй иргэд оюутнуудаа бүртгэх ажлыг хийж, Гадаад харилцааны яам болон Улсын онцгой комисстой байнгын харилцаатай ажиллаж байна.
-Гурав хоногийн өмнө манайх ОХУ-аас иргэдээ татан авсан. Энэ үйл ажиллагааг Ерөнхий консулын газар хэрхэн зохион байгуулав. Хүндрэл бэрхшээл юу байв?
-ОХУ дахь манай Элчин сайдын яам, Москва, Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар, Улаан-Үд хот дахь манай Ерөнхий консулын газрын хамт олны олон хоногийн уйгагүй ажлын үр дүнд ОХУ-д сурч, амьдарч байсан оюутан, иргэд 282 хүнийг эх оронд нь буцаалаа. Ээж аавд нь хүргэлээ. Хүндрэл бэрхшээл байлгүй яахав. Коронавирустэй тэмцэх талаар Ерөнхий консулын газрын төсөвт ямар ч зардал төлөвлөөгүй шүү дээ. Автобус унааны боломжгүй, маск ариутгалын бодис олдоцгүй болж үнэ өртөг нь өсөх, консулын үйлчилгээ хумигдаж өөрийн орлогогүй болох гээд л наад захын санхүүгийн бэрхшээл байна. Дээр нь тэдгээр хүмүүсийн эцэг эх нь байнга ярих, таних мэдэх хүнээр яриулах, өөрсдөөс нь шалтгаалах асуудлыг хүртэл ойлгохгүй бухимдах, хорио цээр тусгаарлах журмыг хүртэл үгүйсгэх шүүмжлэх манай ажилтнуудыг гүтгэх дайрч давшлах гээд л зүйлүүд гарч байлаа. Гэвч бид ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гүтгэх дайрч давшлахаас илүү олон талархал ард иргэд эцэг эхчүүд, болон Улын онцгой комиссын нөхөд Гадаад харилцааны яамнаас, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын нөхөд хил гаалийн хамтран ажиласан хүмүүсээс талархлын үг манай хамт олонд их ирсэн.
-Иргэд маань нутгаа зорих үед буриад ахан дүүс ч ихээхэн сэтгэл зүтгэл гаргаж байгаа талаар мэдээллийг авсан шүү?
-Онцолж нэг зүйлийг нэмж хэлэхэд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улс дахь Гадаад хэргийн төлөөлөгчийн газрын Пономарева Александра Ивановна, Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Цыденов Алексей Самбуевич, Засгийн газрын орлогч Цыбикжапов Вячеслав Балданович тэдний хамт олон, Буриадын Аялал Жуулчлалын яамны сайд Бадмацыреновна Мария Борисовна болон хамт олонд нь талархсанаа илэрхийлж байна. Буриадын Засгийн газар алс хол Москвагаас ирсэн оюутнуудад маань аяны ус ундаа маск бээлий автобус унаагаар үнэгүй үйлчилж сайн хөршийн туслалцаа үзүүллээ.
-Харамсалтай нь тэдгээр иргэдээс 13 хүнээс халдварын тохиолдол илэрсэн. Та бүхэн оюутан залуусыг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байхад халдварын нөхцөл байдал, шинж тэмдэг илэрч байв уу?
-Нутагтаа очсон оюутан залуусаас коронавирусийн халдвар илэрсэн нь харамсалтай байна. Нийгэм энэ асуудал дээр хоёр өнцгөөс л шуугиад байна. Хүний газар эрдэм сурах гэж ирсэн энэ хүүхдүүдийн байдал ямар болсныг нэг бодох хэрэгтэй. Хүний нутагт эрдэм сураад ир гээд явуулсан байж таараа шүү дээ. Гэтэл дэлхий даяар ийм асуудал боллоо. Ажил хөдөлмөр эрэлхийлж ирсэн иргэд ч бас бий. Одоо ч хичээл сургуулийн ажил дуусаагүй, онлайнаар хичээлээ хийгээд шалгалт шүүлгээ өгөөд байж байгаа нутаг буцахыг хүссэн, ээж аав руугаа яарсан хүүхдүүд байна. Эрхээ хасуулсан, шүүхээр орсон, бичиг баримт визний зөрчилтөй гээд гарч чадаагүй харих хүсэлтэй иргэд байсаар л байна. Энд байдал сайнгүй байна. Хүний газар ядрахаараа адуу мал хүртэл нутаг руугаа гүйдэг шүү дээ, монголчууд минь.
Б.Энхзаяа
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл