Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ


Африк гаралтай иргэн Жорж Флоид цагдаа нарын гарт амиа алдсан явдлын улмаас АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мужуудын захирагч нартай видео хурал хийж, үймээн самууныг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцсэн байна. Энэ үеэр тэр захирагч нарыг “сул дорой хүмүүс”, “хатуу байж чадсангүй” гэх зэргээр шүүмжилжээ. Трамп “Та нар хүмүүсийг мөрдөж, баривчилж, 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна” гэж яриад Үндэсний Гвардын цэргийг дуудахгүй, хүч хэрэглэхгүй байгаа захирагч нар “өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэж шүүмжилжээ. Хурлын үеэр Трамп нэлээд ууртай байсныг эх сурвалжууд мэдээлж байна.

Баасан гарагийн шөнө олон зуун тэмцэгчид Цагаан ордны хашаанд тулж ирэх үед тусгай албаныхан Трампыг газар доорх тусгай хонгилд нүүлгэн шилжүүлсэн байна. Террорист халдлагын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах зориулалттай уг хонгилд тэр нэг цаг орчим хугацаанд байсны дараа гарсныг Нью Йорк Таймс сонин албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ. Харин энэ үеэр хонгилд тэргүүн хатагтай Меланиа Трамп, ерөнхийлөгчийн 14 настай хүү Бэррон нар байсан эсэх талаар мэдээлэл олдоогүй байна. Сүүлийн хэд хоногт Цагаан ордны хамгаалалтыг чангатгаж, Үндэсний Гвардын цэргүүд, Вашингтон хотын цагдаа, Тусгай хамгаалалтын албаны хүмүүсээр хүч зузаатгажээ. Цагаан ордны гаднах жагсаал Баасан гарагийн шөнө оргилдоо хүрсний дараа суларсан ч Ням гарагаас дахин эрчимжиж эхэлсэн байна. 

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.