Африк тивийн орнууд АНУ-аас арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэхийг шаардав


Африк тивийн улс орнуудын холбоо өчигдөр Жорж Флоидын аллагатай холбоотойгоор АНУ-ын засаг захиргаанд хандаж мэдэгдэл гаргажээ. Тус тивийн 55 улсыг багтаасан Африкийн Холбоо байгууллага цагаан арьст цагдаагийн гарт африк гаралтай иргэн амиа алдсан хэргийг нягтлан шалгаж, шударгаар шүүхийг шаардаад АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзэл амь бөхтэй оршсоор байгааг шүүмжилсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Миннеаполис хотын цагдаагийн албан хаагч Дерек Човин 46 настай Жорж Флоидын гарыг гавлан газарт хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөсний улмаас нас барсан юм. Саяхан Флоидын гэр бүлийнхний захиалгаар ажилласан шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд түүнийг амьсгал боогдож, хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэж дүгнэсэн байна.

Африкийн Холбооны удирдах зөвлөлийн тэргүүн, Чад улсын ерөнхий сайд асан Мусса Факи Махамат арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлан гадуурхах бүх үйлдлийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг АНУ-ын засаг захиргаанд уриалжээ.

“Африкийн Холбоонд багтдаг бүх улс үндэстнүүдийн нэрийн өмнөөс Жорж Флоид хуулийн байгууллагын албан хаагчийн гарт амиа алдсан явдалд гүнээ харамсаж байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.

Баруун Африкийн Гана улсын ерөнхийлөгч Нана Акуфо Аддо “Ардчиллын цайз хэрэм болсон АНУ-д арьс өнгөний үзэл системтэй оршсоор байгаа нь 21 дүгээр зуунд байж боломгүй үзэгдэл юм” гэж мэдэгджээ. Жорж Флоидын аллагыг эсэргүүцсэн тэмцэл АНУ-ын олон хотод үргэлжилж байгаа. Мөн Их Британи, Герман, Франц, Дани, Бразил зэрэг дэлхийн улс орнуудад Америкчуудын тэмцлийг дэмжсэн жагсаал цуглаанууд зохион байгуулагдсан юм.

Өчигдөр зүүн Африкийн Кени улсын нийслэл дэх АНУ-ын элчин сайдын яамны гадна хэдэн зуун хүн оролцсон эсэргүүцлийн цуглаан болсон байна. Өнгөрсөн долоо хоногт баруун Африкийн Либери улсын нийслэл Монровиад мөн ийм арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Флоидын амийг хөнөөсөн Дерек Човинд прокурорууд гуравдугаар зэргийн хүн амины хэрэг тулгаад байгаа ба анхны шүүх хурал нь ирэх Даваа гарагт болох гэж байна. 

Р.Төмөр

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.