Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн "Цагаан даваа” гэдэг газар 93-80 УБЛ улсын дугаартай, "Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин "Цагаан даваа” уруудах замдаа онхолдож, замын хажуу руу унан шатжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2020.07.15/ 15:49 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очсон байна. Тэднийг очиход "Норд Бенз” автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан 4 автомашин Аллион, Альфард, Форестер, Сонат-7, 1 мотоцикл өртөн шатаж байсныг 32 минут ажиллаж унтраажээ.
Харамсалтай нь тус гал түймэрт 50 настай эмэгтэй Г, 6 настай охин өртөж нас барсан бөгөөд 16 иргэн түлэгдэж гэмтсэн байна.
Гэмтсэн иргэдийн 4 нь Ихтамир сумын эмнэлэгт, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1 нь хүлээн авахад, 7 иргэн мэс заслын тасагт, 4 иргэн сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Түлэгдэж гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт Булган аймгийн чиглэлд хөөрч, 05:42 цагт буусан. 06:19 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд хөөрч 07:15 цагт Архангай аймагт газардсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
"Шунхлай” ШТС-ийн гэрээт "Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн жолооч Б "Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэх автомашинаар 35970 литр АИ-92 шатахууныг Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд тээвэрлэж явсан байна.
Сэтгэгдэл