ҮБХ нь "хагарсан" АН үүрэг гүйцэтгэгч даргатай сонгуульд орно


ҮБХ нь "хагарсан" АН үүрэг гүйцэтгэгч даргатай сонгуульд орно

 

Улс төрийн тавцан дээр хүнд цохилт амссан АН өнөөдөр шокноос гарч чадаагүй хэвээрээ байна. Тиймээс эргэж буцсан шийдвэрүүд гаргаж, өмнөхөө үгүйсгэж, өнөөдрөө мартаж, маргаашдаа эргэлзэж, өөрийн гэсэн ухаангүй л байх шиг. Сонгууль бол спорт шиг, бүр тодруулбал бокс шиг шударга өрсөлдөөн. Ялагдсан нь янгуучилж гоншигонолгүй тахимаа өгч, эр хүн шиг сайхан тэврэлдээд л рингнээс буудаг талбар. Энэ л зарчмаар АН УИХ-ын сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч, алдаандаа дүгнэлт хийн, дотооддоо бугшсан муу муухайгаа сэгсэрч хаяад цааш явах ёстой байсан ч тэгсэнгүй.
Сонгууль өнгөрөөд сар хагас болж байхад бахь байдгаараа ялагдалтайгаа зууралдсаар. Тос дотроосоо өтдөг, загас толгойноосоо мууддаг гэдэг хоёр хэлцийг өнөөгийн АН-д хаяглахад яв цав нийцэхээр болжээ. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ гишүүддээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөлгүйгээр намын дарга болсон. Дотоод сонгуулиас үүссэн энэ сорвийг С.Эрдэнээс өөр ухаантай хүн бол эдгээж, арилгахын төлөө, өөрөөр хэлбэр өөрийг нь дэмжээгүй намын гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг олохын төлөө ажиллах ёстой байсан.
Харин мань эр бүхнийг эсрэгээр нь хийж, намын даргын тамга атгамагцаа хэмжээгүй эрхэт хаан шиг загнаж, ёс зүй, дүрэм журамгүй авирлаж, өмнө нь бүхэл бүтэн дүүргийг вант улс болгосон шигээ АН-ыг өөрийн хаант улс болгох аянд мордсон юм. Энэхүү аяныг нь товчлон тоймловоос АН-ын дүрэм журмыг дур мэдэн өөрчилж, анхан болон дунд шатны намын өөрийн хамаатан садан тойрон хүрээлэгчдээ байршуулсан, ардчиллын гол илэрхийлэл болсон намын дотоод сонгуулийг шат шатанд нь мөнгөөр үнэлж, бизнес болгож хувиргасан, намынхаа дотоод ардчиллыг үгүй хийсэн гэх мэт. Энэ бүхний эцэст лидерүүд барьж, ил тод тэмцэл дотоодын намын бутралын хүрсэн билээ.Өнгөрсөн сонгуулиар АН-аас хөөгдсөн гишүүд нь шинэ нам байгуулж, өөр намд элсэж, ардчилсан чиг баримжаатай гэгддэг намууд хүртэл АН-аас зай барин, өөр хоорондоо эвсэж, зарим нь МАХН-д Н.Энхбаярын ивээл дор шургаж, ардчиллын алтан хараацай гэж нэрлэгддэг улстөрчид нь бие даан нэр дэвшиж байсан нь энэ нам орших уу, эс орших уу гэдэг асуултын өмнө ирснийг харуулна.
 
АН-Д ДАХИАД ЮУ БОТОВ?
 
АН сонгуульд ялагдсаныхаа дараа сэвхийтэл босоод ирэх тэнхэлгүй болсонд л хамаг учир байна. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр улс төрийн намын хувьд үйл ажиллагаандаа дүн тавиулдаг хамгийн том шалгалтдаа дөрвөн жилийн зайтай хоёр дахин бүдэрчихээд түүнээсээ сургамж авч, сэхээ орох нь уу гэтэл шал дордов. УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан бол сонгуулийн санал хураалт болсон өдрөөр тасалбар болгон намын дарга, удирдлагуудыг огцорсонд тооцно гэж АН дүрэмдээ заасан юм байна. Дүрмийн энэ заалтаа С.Эрдэнэ дагасангүй юу, дагахгүй байж мэдэхээр үйлдэл гаргасан уу. Юутай ч намынх нь залуус түр хороо байгуулан АН-ын удирдлагуудыг хариуцлагаа хүлээн тав хоногийн дотор огцрохыг шаардсан. 
С.Эрдэнэ шахуулан барин байж мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд албан тушаалаа өгч байгаагаа зарласан. Гэвч тэр дороо суудлаасаа буучихсангүй. Арав гаруй хоногийн дараа буюу долоодугаар сарын 08-нд л сая нэг юм тамгаа Ц.Туваанд дуртай дургүй гардуулсан. Үүгээр процесс дууссангүй. АН-ын дүрэмд заасан намын удирдлагад хариуцлага тооцох 30 хоног дуусах гээд байдаг, намын шинэ удирдлага нь сураггүй.
Цаг хугацааны шахалтад орсон ҮБХ нь арга буюу долоодугаар сарын 24-нд цахим хуралдаан гэгчийг зохион байгуулсан ч мөн л талцал хуваагдлаар дууссан. ҮБХ-ны 206 гишүүнийх нь талаас илүү шахуу нь уг хурлыг эсэргүүцэн санал хураалтад оролцохоос татгалзаж, ҮБХ-ны хурлаа хүчингүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Гэвч хэрүүл эсэргүүцлийн хайчин галын дундуур зүтгэн байж Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг олон нийт санаж буй. Гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөөгүй ҮБХ-ны уг хурлаас долоодугаар сарын 06-нд албан ёсоор эхлээд байсан АН-ын даргыг сонгох сунгааг цуцалж орхисон нь тус намын удирдлагуудын эргэж буцсан шийдвэрүүдийн нэг. Өөр нэг барин тавин эргэж буцсан шийдвэр нь АН-ын Их хурлын тов. Уг нь С.Эрдэнэ долоодугаар сарын 08-нд намын даргын тамгаа хүлээлгэн өгөхдөө АН-ын их хурлыг наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулна хэмээн мэдэгдсэн. Гэтэл АН-ын ҮБХ энэ сарын 03-нд хуралдан Их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 16-нд хуралдуулахаар болж хойшлуулжээ. Ийнхүү АН-ынхан дотоод дахь зөрчил тэмцлээ түр хойш тавьж, гал унтраасан аж. Энэ бол гэхдээ түр зуурын л амсхийлт болохоос АН бүрэн дүүрэн шинэчлэгдтэл тэмцэл өрнөх нь тодорхой. Нөгөө талаас харвал АН-ын шинэчлэлийн төлөөх хөдөлгөөн, түр хорооныхон, залуу гишүүд нь орон нутгийн сонгуулийн өмнө цээжиндээ ассан галын утааг хамраараа гаргалгүй тэсэхээр шийдсэн гэсэн үг. Бүр нөгөө талаас харвал АН өмнөх удирдлагууддаа хариуцлага тооцож, дараагийн даргаа сонгох Их хурлаа орон нутгийн сонгуулийн дараа хийхээр хойшлуулсан нь сүх далайтал үхэр гэгч л болов. ҮБХ нь хагаралтай, үндсэн дүрэм нь зөрчилтэй, үүрэг гүйцэтгэгч даргатай нам сонгуульд орох гэж байгаа нь нүдээ аниад хөлгүй ус руу үсрэхтэй л адил юм.
 
АН ХААНА БАЙНА ВЭ?
 
“Үндэсний хэмжээний улс төрийн томоохон хүчний хувьд Ардчилсан нам цаашид улс орны хөгжлийн бодлоготой уялдсан эрс шинэчлэлийг зоригтой эхлүүлж, удаа дараагийн ялагдалдаа бодит дүгнэлт хийж, мянга, мянган жирийн гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, үнэмшлийг сэргээн, улс орны тулгуур багана болж ажиллахаа намын удирдлагууд онцолжээ” хэмээн АН-ын албан ёсны хуудсанд нийтлэгдсэн ҮБХ-ны хурлын тухай мэдээнд дурджээ. Үүрэг гүйцэтгэгч-дарга, удирдлагуудын хувьд үнэхээр томдсон амлалт ажээ. Их хурлаа хийгээгүй байж эрс шинэчлэлийг зоригтой эхлүүлнэ гэж. Эв нэгдлээ бэхжүүлээгүй байж гишүүдийнхээ итгэл үнэмшлийг сэргээнэ гэж. УИХ-д есхөн гишүүнтэй байж улс орны тулгуур багана болж ажилана гэж. Ам, ажлын зөрүү гэж энэ. Ачир дээрээ орон нутгийн сонгуулийн дараа АН-нд ширүүн, халуун юм болно. Намын даргын сунгаа нь намаа дахин хагалчихалгүй өнгөрвөл их юм. Түүнчлэн ҮБХ-ны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулиа мөн орон нутгийн сонгуулийн дараа хийхээр болсон. Энэхүү сонгууль мөн л АН-ын дотоодод нэлээд доргилт өгнө. Үүнээс гадна АН үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулна. С.Эрдэнийн гараар орж танигдахаа байсан үндсэн дүрэм, бас бус журмуудаа цэгцэлнэ. Энэ мэт нүцгэн үнэнээ АН өнөөдөр гишүүддээ ч, олон нийтэд ч ил тод хэлж зарлахгүй нь тодорхой. Тэр бүү хэл АН-ын үйл ажиллагаа болон сонгуулийн ялагдлын учир шалтгааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд, судлаачдыг оролцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах болсон тухайгаа ч олон нийтэд албан ёсоор зарлахаас зайлсхийж, ҮБХ-ны ганц нэг гишүүн л олон нийтийн сүлжээнд энэ талаар үг цухалзуулав. АН-ын үйл ажиллагаа болон сонгуулийн ялагдлын учир шалтгааныг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаачдыг оролцуулан нарийвчилсан дүн шинжилгээ хийнэ гэдэг бол маш ноцтой, анхаарал татсан асуудал. Энэ бол АН-ын дарга асан С.Эрдэнийн нэр холбогддог ёс зүйгүй, дүрмийн бус үйлдэл, мөнгө санхүүгийн олон маргаануудыг шалгана гэсэн үг. Сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гишүүн бүрээсээ 100-400 сая төгрөгийг ямар ч баримтгүйгээр авч халаасалсан гэдгээс эхлээд булай бузар их л гарах байх. Ингэхэд ер нь АН гэж байна уу?. Аль эсвэл “Ардчилсан нам” гэсэн шошгоор бизнес хийгчид л ээлж дараалан энэ намд орогнож байна уу?. Монголын ардчиллыг сахин хамгаалж буй гэж ярьж бичиж, түүнийг өмчилж ирсэн АН хаана байна вэ?
 
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.