Хотын мээр Д.Сумъяабазар ирэх онд Сүхбаатарын талбайн урд талын хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажлыг 2.8 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөсөн гэнэ. Жил хүрэхгүй хугацааны өмнө С.Амарсайхан хотыг захирч байхдаа 3.2 тэрбумаар бас л ийм асуудалд орж багагүй "банга" хүртсэн удаатай. Гэвч тэр хэлсэндээ хүрч санаа нь амарсан. Байгуулсан усан оргилуурт нь баахан нэр хоч нэр зүүсэн. Тэгвэл түүний ажлыг Д.Сумъяабазар түүчээлэн үргэлжлүүлэхээр шулууджээ.
Тэвчиж болох зардлыг тэвчилгүй баталсан нь араасаа асар том хардлагыг дагуулж эхэллээ. Учир нь дэлхий дахинд нүүрлэсэн аюулт цар тахал хэдий болтол үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Энэ уршгаар улс орны эдийн засаг элгээрээ хэвтэх байтугай эрсдэлд орно гэж судлаачдын хэлсэн үг эрх мэдэлтнүүдийн чихэнд нэг л торж үлдэхгүй байгаа бололтой.
2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхэлж Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ. Төрийн шийдвэрийг үггүй мөрдөж байгаа иргэд, олон нийт, ААН-үүд хэдийнэ хүнд байдалд орсон ч дор бүрнээ тэвчээр зааж, аюулыг хамтдаа даван туулахын төлөө тэмцэж байна. Нөхцөл байдал хэвээр үргэлжилсэн ч ирэх жил ингэж тансаглах хөрөнгө бэл бидэнд байгаа гэсэн тооцоо тэдэнд байгаа бололтой.
Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр дураар дургиулахгүй, С.Амарсайханы алдааг ахин давтуулахгүй гэж эзэд нь эхнээсээ дуугарч эхлээд байна. Энэ мэт үрэлгэн зарлагаа эргэж нэг харахыг эрхэм "төрчид"-өөс хүсвэл нэмэр болдог юм болов уу...
Сэтгэгдэл