2021 оны 1 сарын 11-ны өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэг бууруулсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед хэрэгжиж байсан зарим шийдвэрүүд хүчингүй болсон билээ.
Ингэснээр согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр цуцлагдсан юм. Гэтэл уг шийдвэр гарснаас хойш 2 өдрийн дотор гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн дуудлага, эрүүлжүүлэгдэх иргэдийн тоо эрс нэмэгджээ.
Тодруулбал тухайн шийдвэр гарахаас 1 хоногийн өмнө согтуугаар авто машин жолоодсон тохиолдол 38, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 41, гэр бүлийн хүчирхийллийн 88, эрүүлжүүлэгдсэн 86 дуудлага мэдээлэл ирсэн бол архи, согтууруулах ундаа зарж эхэлснээр 2-3 дахин нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл согтуугаар авто машин жолоодсон тохиолдол 59, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, гэр бүлийн хүчирхийллийн 140, эрүүлжүүлэгдсэн 320 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дээрх тоон мэдээллийг харахад архи, согтууруулах ундааг худалдан борлуулах болсон шийдвэр буруу мэт. Эрүүлжүүлэгдсэн хүн бүрийн ард гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж байдаг гэлцдэг. Энэ бүх дуудлага мэдээллийн ард хэчнээн хүүхэд уйлж, хэчнээн хүчирхийлэл буй нь эргэлзээтэй.
Нэг талаас нь харвал зарим иргэд өдрийн орлоготой болж буй нь сайшаалтай ч нөгөө талаасаа олон хүмүүсийг гэмт хэрэг хийхэд хүргэж, гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж буй нь харамсалтай.
Хотын даргын гаргасан архи зарахыг сэргээсэн уг шийдвэрийг иргэд олон нийт ч цахим ертөнцөд эсэргүүцээд эхэлжээ.
Сэтгэгдэл