5 дугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангаж байна


5 дугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангаж байна 

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тул хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад COVID-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан нисэх онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулсан.

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхаарууллаа.

Шадар сайдын хэвлэлийн алба


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.