Нийгмийн сэтгэл зүй өвчилсөөр “Аав зарна” хэмжээнд хүрлээ


Нийгмийн сэтгэл зүй өвчилсөөр “Аав зарна” хэмжээнд хүрлээ

 

Хоёр хоногийн өмнө “Шуурхай зар” сонинд нэгэн анхаарал татсан зар нийтлэгдсэн нь “Аав зарна” гэх зарлал байв. Энэ асуудлыг нийгэм ч өлгөж аван шүүмжилж, ихэнх хэсэг нь цочирдож байна.

Зарлуулагч нь 40 гаруй насны эрэгтэй. Аавыгаа асарч чадахгүйн улмаас ийм шийдвэр гаргасан. Үнэ нь 3 сая төгрөг. Аав нь элдэв хууч өвчингүй, 70 гаруй насных гэжээ. Цагдаагийн ерөнхий газраас уг хэргийг шалгаж эхэлсэн талаар албан ёсоор мэдэгдээд байгаа.

Гэр бүлийн элэгсэг уур амьсгалаараа Монгол Улс дэлхийд нэгд ордог. Нэг ёсондоо гэр бүлсэг, аав ээжтэйгээ үр хүүхэд нь өтөлдөг, асардаг, халамжилдаг заншил манайд л бий. Тиймээс энэ зар олон нийтийг цочирдуулах нь аргагүй.

Нөгөө талаар ийм зарыг хээв нэг зарлуулаад сууж байгаа хүн нийгэмд байна гэдэг энэ нийгэм ямар байдалд байна вэ гэх асуулт урган гарч ирнэ. Хэдий монгол хүн хоолгүй, орон гэргүй ядарлаа зүдэрлээ гэхэд мах цусны тасархайгаа зарах сэдэл хэзээ ч орж ирэхгүй. Гэвч одоо нөхцөл байдал өөр болж байна. Энэ бол нийгэм өвчилж, хүндэрсний жишээ.

Манайд төрсөн үрээ, дагавар хүүхдээ хүчирхийлдэг, хөнөөдөг, эхнэрээ, ээжээ, ааваа хөнөөдөг сэтгэл шимрүүлэм явдал байсхийгээд гардаг. Эрчүүд нь амьдралд нугаран амиа хорлох явдал нийгмийн байдаг үзэгдэл боллоо. Залуу үеийнхэн хар тамхинд донтож, идэр насныхан эрэгтэй, эмэгтэйгүй архинд орж ар гэрээ гудамжинд гаргаж байгаа дүр зураг захын хорооллоор нэг бий.

Нийгэм ийм байхад “Аав зарна” зар гарахад гайхах юмгүй болж байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл дахиад ямар ч үйлдлийг сэтгэл зүй эмзэг хүмүүс хийж мэдэх нь. Тиймээс нийгмийн сэтгэл зүйг эмчлэх ажил өрнүүлэх шаардлагатай болжээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.