Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдахгүйг нотлох БАРИМТУУД


С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 3 шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдах ёстой гэж Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржоос эхлээд ард иргэдийн нэг хэсэг нь хүлээлттэй хэвээр байна.

Гэхдээ ингэх боломжгүй юм. Өнөөдрийн нөхцөл байдал, хууль, шүүх, баримтууд үүнийг батална.

Баримт 1:

Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн нь батлагдсан учраас суллагдах нөхцөл бүрдлээ гэж үзэх хүмүүс байгаа. Тэгвэл Ажлын хэсгийн ахлагч прокурор Г.Эрдэнэбат "Улаанбал”-д өгсөн ярилцлагадаа "Б.Содномдаржаа 2 удаа мэдүүлэг өгсөн. Гэвч тухайн мэдүүлэг нь ямар нэгэн баримтаар нотлогдоогүй учир хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, түүнийг эрүүдэн шүүсэн гэх мэдүүлгээр яллах дүгнэлт үйлдээгүй. Т.Чимгээгийн хувьд баригдсанаасаа хойш нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Гүйцэтгэх ажиллагааны хүрээнд цуглуулсан баримтууд түүнийг аллага үйлдсэн гэдгийг хангалттай нотолдог” гэв.

Баримт 2:

Эрүүдэн шүүсэн гэх үйлдлүүд эрүү шүүлт мөн үү. Т.Чимгээг зочид буудалд ухаангүй байх үед нь гарын хээ авч байгаа гэх үйлдэлд хуулийн хүмүүс "Энэ бол гүйцэтгэх ажиллагааны нэг хэлбэр. Тухайн хүнд нь мэдэгдэж гүйцэтгэх ажиллагаа явуулна гэж байхгүй” гэцгээж байгаа юм. Мөн тэрхүү дүрс бичлэгт гарч буй залуугийн хэрэг хэрэгсэхгүй болон хэргээс аль эрт гарсан байдаг аж. Б.Содномдаржааг өрөөнд нь зодсон гэх этгээдүүд мэдүүлэг өгөхдөө "Би уурандаа цохьсон” хэмээсэн байдаг аж. Түүнээс гадна эрүү шүүлтийн шүүх хуралд буруутнаар оролцоогүй аж.

Баримт 3:

Аливаа хэрэг маргааныг шүүх шийдвэрлэхдээ нэгнийхээ шийдвэрт хяналт тавих тогтолцоотой 3 шатны шүүх манайд бий. Анхан шатны шүүх хууль зөрчлөө гэхэд давж заалдах шатанд зөрчлийг арилгаж болдог. Хэрэв өмнөх 2 шат нь хууль буруу хэрэглэсэл бол Улсын дээд шатны шүүх хянаж тогтоодог. Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутсан хүмүүс 3 шатны шүүхээс буцахгүйгээр ял сонссон нь эдгээр хүмүүс аллага хийсэн баримт нотолгоо хангалттай байсан гэсэн үг.

Г.ОЧИР 

Эх сурвалж: shuurhai.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.