Монголчууд цахим наадам, нөү наадам гэхчлэн талцаж байх үеэр буюу өнгөрөгч долоодугаар сарын 7-8-ны үеэр Төрийн Аудитын байгууллага (ТАБ) УИХ-ын Төсвийн байнгын хороонд нэгэн танилцуулга хийсэн юм. Тэр үед тийм асуудалд анхаарал хандуулах хүн цөөхөн байсан биз. Зуны зугаалга, Хөвсгөлийг зорьсон авто машины түгжрэл, шарсан махны үнэртэй зуслангийн зугаатай өдрүүд гээд.
Аудитын байгууллага 2020 оны үйл ажиллагааны тайлангаа Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан нь тэр. Ер нь тийм уламжлалтай.
Гэхдээ УИХ-ын Төсвийн хорооны Аудитын тайланг сонсох цаг хугацаа энэ удаад ингэж таарсан уу, аль эсвэл цагийн сайныг саатан байж сонгов уу гэдэг нь эргэн санахад эргэлзээтэй мэт. Учир нь манай хууль тогтоогчид олны анхаарлаас холдуулах асуудлаа наадам цагаан сартай цаг хугацааг нь ойртуулж гэнэдүүлдэг гэмтэй. Төрийн байгууллагуудын санхүүгийн аудит гэдэг тийм ч таатай сэдэв биш, чих халууцуулж, нүүр минчийлгэж мэдэх факт баримт яригдаж мэднэ.
Яг л ийм жишгээр энэ удаагийн тайланд нэгэн ноцтой тоо баримт дурдагдсан юм.
Төсвийн нэг төгрөг бүрийн зарцуулалт нь зөрчилтэй
Юу гэвэл тус тайланд "Тайлант хугацааны аудитын гүйцэтгэлийн статистик мэдээллээр 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн” хэмээн дурджээ. Тайлант хугацаа гэхээр 2020 он буюу цаг хугацааны хувьд нэг жилийг хамарч байна гэсэн үг.
12.8 их наяд төгрөг. Энэ тоо танд нэгийг бодогдуулж байгаа байх. Тиймээ, энэ бол улсын төсвийн жилийн орлогоос ч давах тоо хэмжээ. Тодруулж харвал, жишээ нь Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,8 орчим их наяд төгрөг байхаар хуульчилж байв. Ерөнхий зургаараа 12.8 их наяд төгрөг гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувьтай тэнцэх юм байна. Хэрэв улсын төсөвтэйгээ зэрэгцүүлж харвал төсвийн нэг төгрөг бүрийн зарцуулалт нь нэг зөрчил дагуулж байжээ гэмээр.
Төрийн аудит төрийн байгууллагын үйл ажиллагаанд л аудит хийдэг. Тэгээд үр дүн нь төсвийнхөө орлогоос давсан хөрөнгө мөнгөний зөрчил илрүүлжээ. Төрийн байгууллагад төсвийн сахилга бат ямар байдгийг батлах, төсвийн захирагч нар гэх "том толгойт”-нуудын дураараа дургидагийн нэг өгүүлэмж нь энэ.
Төрийн Аудитын байгууллага төрийн мөнгөний зарцуулалтыг ингэж "мөрдөж” мөшгиж, мөчөөр нь тоолж байгаа нь хараат бус төрийн байгууллага болсны илэрхийлэл хэмээн бас баярлах шалтгаан байна.
Мэдээж хэрэг, ийм хэмжээний хөрөнгө мөнгийг хулгайлж хуурайлаад завшчихсан гэсэн үг биш. Гэхдээ зөрчил бол зөрчил. Хууль, дүрэм журам, бүр стандарт ч гэж бий. Тэр бүхнийг зөрчсөн гэсэн үг.
12.8 их наядын зөрчил рүү өнгийж харвал
Илэрсэн зөрчлийн 58.1 хувь нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлантай, 19.2 хувь нь улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлээгүйтэй, 8.1 хувь нь дотоод хяналтын тогтолцоо сул байгаатай, үлдсэн нь хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой байжээ. Харин энэ 12.8 их наяд төгрөгийн зөрчлийн 4.6 их наяд төгрөгийг шалгалтын явцад засч залруулсан нь цаашиийм хэмжээний хөрөнгө мөнгө даамжирч үр дагавар үүсгэж болох эрсдэлээс сэргийлсэн алхам болжээ гэсэн үг.
Уншигч таны анхаарлыг бас нэг баримтад хандуулъя. ТАБ нийт 43.1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тавьж, 2.3 их наяд төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн гэжээ. Акт тавиулсан 43.1, албан шаардлага тавиулсан 2.3 их наяд төгрөг. Ерөнхий зургаараа ийм хэмжээний хөрөнгө мөнгө буруу замаар будаа тээх байжээ гэж харагдана.
Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг "2020 онд төрийн аудитын байгууллагаас төлбөрийн 1934 акт тогтоосон” гэснээс харвал төсөв хэхэн төөрч мунгинадагийн бас нэг багцаа мэдэгдэнэ.
Шилэн дансыг ширвэгчид
Монгол Улс шилэн дансны тухай хуультай. Хэрэв хэрэгждэгсэн бол санхүүгийн сахилга батыг чандлахад энэ их тустай хууль. Гэвч төрийн байгууллагууд төрийнхөө энэ хуулийг хэрэгжүүлэхэд тун хөшүүн хойрго ханддаг бололтой. Энэ хуулийн хэрэгжилтэд хослуулсан байдлаар хяналт тавихад Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүй нийт 655 байгууллага байжээ.
Энэ баримтаас харахад шидлэн дансыг ширвэгчид цөөн биш юм байна. Нууж хааж байгаа бүхэнд нууц гэж байж л таарна. Үүний цаана төсвийн хөрөнгийн зарцуулалт буруу гараар орж байх магадлал бий.
"Шилэн” Цогоогоос эхлээд манай иргэд шилэн данснаас төрийн мөнгийг түрийлж байна уу, үгүй уу гэдгийг ялгаж салгадаг болсон.
Х.Тулга
TOIM.mn
Сэтгэгдэл