Германд болсон сонгуулийн урьдчилсан дүн гарчээ


 

Германд болсон сонгуулийн урьдчилсан дүн гарчээ

 

ХБНГУ-ын Сонгуулийн хороо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Бундестаг буюу парламентын  сонгуулийн анхны албан ёсны дүнг цахим хуудсандаа нийтэлжээ.
Урьдчилсан дүнгээс үзвэл орон нутгийн цагаар 23:00 цагт Германы Социал-демократ намын төлөө сонгогчдын 24.8 хувь нь саналаа өгсөн бол Христийн Ардчилсан холбоо, Христийн Нийгмийн холбоо намуудын эвсэл /ХАХ/ХНХ/ 26.9 хувийн санал авсан байна. Одоогийн байдлаар 299 тойргийн 83-ынх нь саналын хуудсыг тоолж дуусжээ.
Бусад намуудын хувьд “Ногоон” нам 12.2 хувь, "Германы өөр хувилбар” нам 11.2 хувь, Чөлөөт Ардчилсан нам 10.8 хувь, Зүүний нам 3.9 хувийн саналыг тус тус авчээ. Германы нийт сонгогчдын 10 хувь нь үлдсэн намуудад саналаа өгсөн байна.
 
Үүний зэрэгцээ ZDF телевизийн сувгаар өмнө нь танилцуулсан экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүнгээс үзэхэд Социал-демократ нам 26 хувийн саналаар тэрүүлж байгаа бол  ХАХ/ХНХ эвсэл 24 хувийн санал авсан байна. Харин ARD телевизийн сувгаар танилцуулсан экзитполын дүнгээр тус хоёр намд тэнцүү тооны саналтай явж байгаа бөгөөд тус бүр 25 хувийн санал авчээ.
Германы Канцлерт ХАХ/ХНХ эвслээс нэр дэвшигч Армин Лашет Христийн Ардчилсан холбоо намын тэргүүний хувиар Засгийн газар байгуулах талаар хэлэлцээ хийх бодолтой байгаагаа аль хэдийнэ мэдэгдсэн байна. Харин түүний гол өрсөлдөгч, Социал-демократ намаас нэр дэвшигч Олаф Шольц Канцлер болох төлөвлөгөөтэй байгаа тул намын даргын сонгуульд нэр дэвших хүсэлт гаргахгүй гэдгээ мэдэгджээ.
 
Намын одоогийн дарга нар нь ихэвчлэн Бундестагийн сонгуульд Канцлерт нэр дэвшдэг. Гэсэн хэдий ч энэ удаад социал-демократууд эдгээр албан тушаалыг хуваалцахаар шийджээ. Меркелийн Засгийн газарт Сангийн сайдын албыг хашиж байсан Олаф Шольц Канцлерт нэр дэвшсэн бол Социал демократ намыг Саския Эскен, Норберт Вальтер-Борян нар удирдахаар болсон байна.
Канцлерт нэр дэвшигчид хоёулаа Христийн мэндэлсний баяраас өмнө шинэ Засгийн газарт эрх баригч эвслийн асуудлаарх хэлэлцээгээ дуусгах бодолтой байгаагаа мэдэгджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.