Сэжигтэй үйлдэл гэдэг нь тухайн харилцагчийг сэжигтэй гэж үзэх үндэслэл болсон дотоод итгэл үнэмшлээс эхэлдэг тул сэжигтэй үйлдлийг таних, нотлох амаргүй байдаг.
Сэжигтэй гүйлгээ эсвэл үйл ажиллагаа нь ихэнхдээ хууль эрх зүй, эдийн засгийн болон санхүүгийн бодит үндэслэлгүй, мөн мөнгөн дүн, цаг хугацаа зэрэг нь харилцагчийн мэргэжлийн болон бизнесийн онцлог, хэв шинжтэй нийцэхгүй байх зэрэг онцлог шинж чанартай байдаг. Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд дараах тохиолдлыг сэжигтэй үйлдэл, гүйлгээ гэж үзэх боломжтой бөгөөд үүгээр хязгаарлахгүй. Үүнд:
-Харилцагч өөрөө гэмт хэрэгтэй холбоотой гэдгээ мэдэгдсэн, зарласан;
-Харилцагч хувийн мэдээллээ өгөхөөс татгалзсан;
-Мөнгөний гарал үүслийн талаар тодорхой тайлбар өгөхөөс татгалзсан;
-Гүйлгээ, түүний агуулга, утгын талаар эргэлзээтэй тайлбар хэлэх;
-Данс нээсний дараа харилцагчийн гэрийн, эсвэл ажлын утасны дугаар нь холбогдохгүй байх;
-Харилцагч худал, хуурамч мэдээлэл өгсөн нь тогтоогдсон;
-Харилцагч биеэр ирэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авахыг оролдох, тулган шаардах;
-Харилцагч санхүүгийн байгууллагын ажилтанд сэжигтэй, хэвийн бус гүйлгээг хийж өгсөн тохиолдолд мөнгөн болон бусад шагнал амлах, гүйлгээ хийхийг тулгаж шаардах;
-Харилцагч халхавч байгууллага буюу мөнгөн хөрөнгө, үйл ажиллагаа эсвэл биетээр оршдоггүй байгууллагатай холбоотой нь тогтоогдсон;
-Харилцагч гүйлгээг мэдээлэх босго дүн, баримт, материал хадгалах шаардлага, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаанаас зайлсхийх зорилгоор гүйлгээний дүн, бүтцийг өөрчлөх;
-Их хэмжээний мөнгөн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээнүүдийг хууль эрх зүй, эдийн засгийн үндэслэлгүйгээр ойр ойрхон хийж эхэлж байгаа харилцагч;
Эдийн засгийн илт үндэслэлгүй, хоорондоо уялдаа холбоогүй олон тооны цахим гүйлгээнүүд хийгдэх, тэр дундаа, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй, хар тамхины наймаа өргөн дэлгэрсэн, ФАТФ-ын хар жагсаалтад орсон орноос эсвэл орноор дамжуулан хийгдэж буй гүйлгээ.
Гүйлгээг сэжигтэй гэж үзсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ тухай 24 цагийн дотор сэжигтэй гүйлгээний тухай батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ.” гэж заасан. Мэдээлэх үүрэгтэй этгээд гүйлгээг сэжигтэй гэж үзсэн, эсвэл мэдсэн тохиолдолд дараах арга хэмжээг авбал зохино. Үүнд:
-Гүйлгээний талаар комплаенсын ажилтанд цаг алдалгүй мэдэгдэнэ;
-Гүйлгээний талаарх бүх мэдээллийг, бичиг баримтын хуулбарыг авах;
-Комплаенсын ажилтан гүйлгээг сэжигтэй гэж үзсэн тохиолдолд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7.2-т заасны дагуу "Сэжигтэй гүйлгээ болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-ын дагуу 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ;
-Мэдээлэх үүрэгтэй этгээд СМА-нд мэдээлсэн гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг харилцагчид болон бусдад задруулахыг хориглоно.
Иймд, мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн гүйлгээг сэжигтэй гэж үзсэн, тогтоосон тохиолдолд СМА-нд нэн даруй мэдээлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллана уу.
Сэтгэгдэл