Сирийн Латакия хотноо тус улсын хамгийн том цэргийн бааз байрладаг. Латакия хотын ойролцоо өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө тулаан болжээ. Тулаанд орос цэргүүд оролцохоос гадна Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн онд худалдаж авсан "БТР-82А” танк явж, хэт даврагч болон босогчдод цохилт өгчээ. Энэхүү мэдээллийг Сирийн армийн дайчин баталсан бөгөөд тэрбээр "Ассадын хүч сулрахаас урьтаж оросууд Сири улсад нэвтэрсэн. Орос шилдэг гэсэн дайчдаа тус улс руу илгээхээс гадна сири цэргүүдэд зөвлөгөө өгч байгаа” гэж хэлжээ.
Харин Сирийн Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан төлөөлөгчийн ярьсанаар "Ассад, Путиний тусламжтай хэт даврагчдаас салах зорилготой байгаа” гэв. Төлөөлөгч "Оросын сөнөөгч "Су-34” болон нисгэгчгүй онгоцууд хэт даврагчдад цохилт өгөхөд бэлэн болсон” гэж хэлжээ. Мөн төлөөлөгчийн ярьсаныг батлах гэрэл зургийг Америкийн "Washington Post” сонин өөрийн блогтоо нийтэлжээ. Эдгээр сөнөөгч онгоцны зургийг Сирийн Идлиб мужид авчээ.
Өнгөрсөн сарын эцсээр Москва хотноо Сирийн асуудлаар Ойрхи Дорнодын удирдлагууд хуралдсан. Тус хуралдаанд Ерөнхийлөгч Путин оролцон "Сири улсад туслах болно” гэж мэдэгдсэн. Харин Путин энэ сарын эхээр уулзалтын үеэр ярьсан мэдэгдлээ өөрчилж "Бид хэт даврагчдад цохилт өгөхгүй. Мөн цэргээ нэвтрүүлэхгүй. Харин Сирид зэр зэвсгийн тусламж үзүүлэх болно” гэсэн юм. Ийнхүү барууны хэвлэлийн мэдээллийг Путин үгүйсгэхээс гадна "Сирийн хямралд гар дүрэхгүй” гэдгээ хатуухан мэдэгдлээ. Олон улс Путин эсвэл барууны хэвлэлүүдийн бичиж буй "Ассадын төлөө оросууд байлдаж байна” гэх мэдээнд итгэхээ мэдэхгүй байна. Украины хямралын дараа АНУ, Их Британийн хэвлэлүүд Путиний нэр хүндэд санаатайгаар халдах болсныг Оросын "TASS” агентлаг мэдээлсэн удаатай. Мөн тус агентлаг "Орос цэргүүд Ассадын төлөө тулалдаагүй” гэж мэдээлжээ. Ийнхүү хэвлэлүүд жинхэнэ, бодит мэдээллийг үгүйсгэж Ойрхи Дорнодын хурцдмал байдлыг нэг бол хүндрүүлэх эсвэл сулруулах бодлого явуулж эхлэв.
"Оросын ганц ч цэрэг Сири улсад байхгүй. Мөн Оросын ганц хүнд зэвсэг сирийн армид байхгүй” гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдлээ. Тэрбээр "Оросын нэр хүндийг унагаах, Оросыг ганцаардуулах, Оросыг Ойрхи Дорнодын хямралд буруутгах гэсэн зорилготойгоор хэвлэлээр гарсан мэдээлэлд тайлбар хийв. Тэрбээр "Оросын хүнд даацын зэвсгүүд бус тусламжийн цуваа Сирид хүрсэн. Орос үүрэг хариуцагаа ухамсарлаж сиричүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Бид сиричүүдэд хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт үүсгэвэр зэрэг ахуйн шинж чанартай тусламжийг хүргэхээр зорьж байна. Яагаад бидний хийж буй ажлыг буруутгаж, буруу мэтээр тайлбарлаж буйг ойлгохгүй байна. Хүний эрх ярьж буй улсууд тэгээд хаана байна. Сирийн хэдэн зуун иргэн өлсөж, ядарч байна. Сирийн иргэд, Украины зүүн хязгаарын оршин суугчдаас ялгаа байхгүй. Зүүн хязгаарын иргэдийг улс нь мартсан. Тэнд амьдарч буй иргэд хүнд нөхцөлд амьдарч байна. Тэдэнд дулаан хувцас, хоол хэрэгтэй” гэж хэлжээ.
Сирийн Ерөнхийлөгч Ассад Оростой хамааралгүй мэт олон улсад харагдахгүйн тулд өнгөрсөн сард "ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр "Оросоос илүү Францтай ойр нөхөрлөмөөр байна” гэж хэлжээ. Ийнхүү олон улсыг төөрөгдөлд оруулаад байгаа оросууд Ассадын төлөө тулалдаж байна гэх мэдээлэл үнэн, худлаа гэх маргааныг дагууллаа.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn
Сэтгэгдэл